Ж.Батаа: “Эрэл”, “Хөтөл”, “Бэрэн”-ийн төлөх 772 тэрбум бондын төлбөртэй дүйцнэ

Хуучирсан мэдээ: 2023.05.26-нд нийтлэгдсэн

Ж.Батаа: “Эрэл”, “Хөтөл”, “Бэрэн”-ийн төлөх 772 тэрбум бондын төлбөртэй дүйцнэ

Ж.Батаа: “Эрэл”, “Хөтөл”, “Бэрэн”-ийн төлөх 772 тэрбум бондын төлбөртэй дүйцнэ

Монгол Улсын Хөгжлийн банкны нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй ангилалд багтаж, зээлийг эргэн төлүүлэх үйл явц өрнөж буй. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яг одоо 20 аж ахуйн нэгжийн зээл, 80 зээлдэгч, дөрвөн аж ахуйн нэгжид хамаарах зээлийн хэргийг хэлэлцэж байна. Ийм үеэр Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал солигдож, тус банкны Тэргүүн дэд захирал Ж.Батаа Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдов. Манай сурвалжлагч түүнтэй уулзаж ярилцлаа.


-Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал солигдож, банкийг шинэ хүн удирдах нь. Ж.Батаа гэж хэн бэ гэсэн асуултын хариу сонирхол татаж эхэлсэн. Таныг Хөгжлийн банк болон санхүүгийн салбарт шинэ хүн гэж үзэхгүй ч уншигчид ажлын замнал, туршлагыг тань сонирхож байгаа болов уу?

-Хөгжлийн банкны захирал өөр албан тушаалд очиж, оронд нь шинэ хүн ирлээ гэсэн ойлголт гарч байх шиг байна. Товчхон өгүүлэхэд,  Нийслэлийн 33 дугаар сургууль, МУИС-ийг төгссөн, Английн Бирмингемийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан. Ажлын гараагаа 1996 онд Монголбанкнаас гадаад валютын нөөцийн дилерээр эхэлж байсан. 2000 он хүртэл ажилласан. Дараа нь 2010 он хүртэл "Худалдаа хөгжлийн банк"-нд ахлах теллер, газрын захирал, "Кредит Монгол" ББСБ-д захирлын алба хашсан. Ингээд 2010 онд дахин Монголбанканд ирж, 2017 он хүртэл хэлтэс, газрын захирлаар ажиллаж байгаад "Тээвэр хөгжлийн банк"-ны гүйцэтгэх захирлын орлогчоор 2020 он хүртэл, 2020-2021 онд хөрөнгө оруулалтын менежментийн компанийн ТУЗ-ийн даргаар ажилласан. Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирлаар 2021 оны наймдугаар сард томилогдсон. Ажлын ийм түүхтэй, ерөнхийдөө банк, санхүүгийн салбарын хүн гэж ойлгож болно.

-Олгосон зээлээ эргүүлэн авч дийлэхгүй, хүнд байдалд орсон үетэй харьцуулахад танай банкны үйл ажиллагаа харьцангуй тогтворжсон болов уу. Ийм үед Та банкны гүйцэтгэх захирлаар томилогдлоо. Банкны одоогийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэн эрсдэлтэй үед Н.Мандуул захирлын баг Хөгжлийн банкны удирдлагыг хүлээж авсан. Банкны удирдлага, газрын захирлууд ч шинээр томилогдсон. Энэ үед Монголбанкны шалгалт орсон байсан. Цаг хугацаа яг ингэж таарсан л даа. Шалгалтын дүгнэлтээр нийт зээлийн 55 хувь нь чанаргүй ангилалд багтаж, энэ төрлийн зээл цаашид ч өсөх дүр зурагтай гэж гарсан. Манай багийн судалгаагаар ч зээлүүд яах аргагүй хүндэрсэн. Авснаасаа хойш нэг ч төгрөг төлөөгүй зээлүүд олон байсан. Ийм үед Засгийн газар маш сайн дэмжлэг өгсөн. Мөн хэвлэл мэдээллийн байгууллага, олон түмэн маш сайн дэмжиж, хууль хяналтын байгууллага хурдтай ажилласны хүчинд хүндэрсэн зээлийн нөхцөл байдал арай эерэг болсон.

Өнгөрсөн хугацаанд бол манай банк дуулианы гол дүр болж байсан. Үр дүнд нь энэ оны нэг сар гэхэд бид нэг их наяд, 80 тэрбум төгрөгийн зээлийн өр төлбөрийг барагдуулж чадсан. Хэдийгээр Хөгжлийн банк, Засгийн газар дефолтын эрсдэлтэй нүүр тулаагүй, гэрэл гэгээтэй үйл явц өрнөсөн ч бас бүх зүйл сайн, эерэг болоогүй гэдгийг хэлэх ёстой. Өнөөдрийн байдлаар банк 2.4 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Үүнээс ойролцоогоор нэг их наяд, 400 тэрбумыг хугацаа хэтэрсэн, чанаргүй зээл эзэлдэг. Зээлээ тодорхой хэмжээгээр төлдөг зээлдэгч байхад зээлээ огт төлдөггүй ААН-үүд ч бий. Одоо бол нэлээн хүнд зээлүүд тунаж үлдсэн байна.

-Зээл авснаасаа хойш нэг ч удаа эргэн төлөлтөө хийгээгүй компаниудыг “Эрэл”, “Хөтөл”, “Бэрэн” тэргүүлж байгаа. Иргэний хэргийн шүүхэд хандсан банкны гомдол шүүх дээр удаж байна. Ийм хүнд зээлүүдийг яаж шийдэх ёстой юм бол?

-Банк, зээлдэгч хоёрын дунд гарсан маргааныг шүүх шийддэг. Харамсалтай нь шүүхийн процесс хэтэрхий удаан. Гурван шатны шүүхээр шийдүүлж явсаар цаг хугацаа алддаг. Сүүлийн жил хагасын хугацаанд бид зээлийн эргэн төлөлтийн асуудлаар олон зээлдэгчийг шүүхэд өгч, нэлээн идэвхтэй ажилласан. Үүний хүчинд зарим маргаан эцэслэн шийдэгдэж буй ч зарим нь урагшилж өгөхгүй байна. Тухайлбал, “Эрэл”, “Хөтөл”, “Бэрэн” гэсэн гурван том зээлдэгч бол зээлээ огт төлдөггүй. “Бэрэн” зээл авснаасаа хойш 10 сая, 20 сая төгрөг төлсөн түүх бий. Гэвч үүнийг нь их хэмжээгээр авсан зээлтэй нь харьцуулахад хамаагүй бага. “Эрэл” ХХК-ийн зээл 204 тэрбум, “Хөтөл” ХХК-ийн зээл 381 тэрбумаар хэмжигдэж байна.

Жишээ нь, “Эрэл” ХХК барилгын угсармал хавтангийн үйлдвэр ашиглалтад оруулж, барилгын зах зээлийг хангана гэж зээл авсан. Чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлээд эхэлсэн бол өнөөдөр манай барилгын компаниуд тэндээс материал татаад, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй ажиллаад явж болох байсан. Гэвч үйлдвэр нь эцсийн бүтээгдэхүүн гаргаагүй. Ажиллаагүй олон жил болсон учраас одоо технологийн элэгдэлд орсон байх магадлал ч өндөртэй болсон.

-Хөгжлийн банк зээлийн эргэн төлөлтөд харьцангуй уян хатан хандаж, хүнд байдалд орсон зээлдэгчдийн төслийг өрөндөө авах, борлуулах гарц хайх гэх мэт хөшүүрэг хэрэглэсэн. “Эрэл”-ийн эзэн Б.Эрдэнэбатын тухайд ч үйлдвэрээ банканд өгөх нь гэсэн ойлголтыг төрүүлээд байсан. Эднийхтэй хэрхэн тохиролцсон бэ?

-Манайхан олон удаа “Эрэл” ХХК-ийнхантай хэлэлцээр хийх гэж уулзсан. Б.Эрдэнэбат гэдэг хүн Засгийн газар захиалга өгвөл бид үйлдвэрлэлээ хийлээ гэж ярьдаг. Нөгөө талаар манай үйлдвэрийг өрөнд аваад Нийслэлд хотхон барь ч гэж байсан удаатай. Үйлдвэрийг нь  гэр хорооллын дахин төлөвлөлттэй уяад, НОСК-д хариуцуулах боломжтой гэж үзээд Нийслэлийн захиргааныхан бас сонирхсон шүү дээ. Хэд хэдэн удаа газар дээр нь очиж уулзаад, хэлэлцээрийн ширээний ард суусан ч тохиролцоонд хүрээгүй. Үүнээс гадна “Эрэл” ХХК-ийнхан манай банкны барьцаанд байдаг барилгын материалын үйлдвэрийн эргэн тойрны газрыг, жишээ нь манай барьцаанд байх үйлдвэр тийш хүрэх зам орсон хэсэг, түүний хажуугийн газруудыг өөр банкны барьцаанд тавьсан байсан.

“Хөтөл” ХХК-ийн зээл ч бас их ээдрээтэй. Зээлийг хувийн компани аваад Хөтөлийн Цемент, шохойн үйлдвэрийн цементийн шугам санхүүжүүлэхээр авсан. Тэр үед үйлдвэр менежментийн хувьчлалаар хувьд очсон байсан. Яг шалгаад үзэхээр манайхаас авсан зээлийн ихэнх нь ХХБ болон Улаанбаатар хотын банкаас авсан “Хөтөл” ХХК-ийн зээлийн шууд явсан байдаг юм. Хөтөлд цемент хуурай аргаар боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон бөгөөд одоо энэ үйлдвэр манай барьцаа болох ёстой. Өнөөдөр Хөтөлийн Цемент, шохой ТӨҮГ болсон. Зээл нь Хөтөл ХХК дээр бүртгэлтэй явж байна.

-Энэ маргааныг хэрхэн зохицуулж болох вэ?

-Бид хэд хэдэн хувилбараар нэлээн судалж байна. Одоогоор эцсийн шийдвэр гараагүй, эцэслэгдээгүй байгаа. Энэ маргаанд нас барсан өмчлөгчийн асуудал давхар яригдаж, шүүхийн процесс өрнөж байгаа.

-“Бэрэн” ХХК-ийн зээл ямар хүндрэл дагуулж байгаа вэ. Анхан шатны шүүх хурлын процессоос харахад “Бэрэн” ХХК их хэмжээгээр авлига тараасан, зээлийн мөнгө казино руу урссан, зориулалтын бусаар зарцуулагдсан юм шиг байна?

-“Бэрэн” ХХК Хөгжлийн банкнаас хоёр удаа зээл авсан. Эхнийх нь Эрдэнэтэд байгуулах Гангийн үйлдвэрийн төсөл. Ган боловсруулж, арматур үйлдвэрлэнэ гэж зээл авсан боловч үйлдвэр бүрэн ашиглалтад ороогүй. Зээлийн зарим хэсгийг зориулалтын бусаар зарцуулсан байдаг. Арматураа хийдэг сүүлийн дамжлага нь дутуу байгаа. Нөгөө нь барилгын төсөл. Нийслэлд “Хангай” хотхоны Ё блокийг барина гэж авсан зээл. Зарим орон сууц нь ашиглалтад ороогүй, зарим нь борлогдсон, бартер хийсэн байдаг. Тиймээс зарж борлуулаад, үрж дуусгахаас нь өмнө банк тодорхой хэмжээний орон сууцыг өөрийн нэр дээр болгохоор ажиллаж байна. Энэ гурван зээлийн нийт дүн нь 772 тэрбум төгрөг. Бид энэ онд нэг их наяд төгрөгийн зээл төлүүлнэ гэсэн зорилго тавьсан. Энэ зээлүүдийн эргэн төлөлтийг хийлгэх нь чухал байна. Яагаад гэвэл бид энэ онд бондын хоёр том төлөлтийг хийх үүрэгтэй байгаа. Эдгээр зээл нь энэ онд төлөх бондын мөнгөний дутагдаж байгаа, шаардлагатай дүнтэй бараг дүйцэх юм.

-Зээлийн эргэн төлөлтийн хурд одоогоор ямархуу байна?

-Энэ хурдыг эргэн төлөгдөж буй мөнгөн дүнгийн хэмжээгээр харвал, өнгөрсөн жилийн мөн үеэс бага зэрэг буурсан. Дээр дурдсан гурван зээлийн ядаж нэг нь төлөгдчихвөл манай банкны санхүүгийн үзүүлэлтэд ихээхэн эерэг нөлөө үзүүлэх юм. Гадаад өр төлбөрөө төлөхөд ч хэрэгтэй байна. Чанаргүй зээлийн нийт хэмжээнд үзүүлэх нөлөө, үүнийг дагаад банкны бусад санхүүгийн үзүүлэлтэд ч эерэг нөлөөлнө.

-Тавдугаар сарын эцсийн байдлаар банк хэдий хэмжээний өр төлүүлээд байна вэ. Оны эцэст нэг их наядыг төлүүлж, бондын өр, гадаад өрийн ачаанаас хөнгөлөх боломж хэр байгаа бол?

-Өнгөрсөн оны эцэст бид их наяд, 80 тэрбумын өр төлүүлсэн. Өнөөдрийн байдлаар нэг их наяд, 320 тэрбум төгрөгийн өр төлсөн байна. Мэдээж бид энэ эрчээрээ ажиллана. Хөгжлийн банк энэ оны эцэст, арав, арванхоёрдугаар сард олон улсын бондын хоёр том өр төлөх хуваарьтай байгаа. Нэг нь 500 сая ам.долларын бонд, нөгөө нь 30 тэрбум иений зээл. Ам.долларт шилжүүлбэл нийтдээ 730 сая ам.доллартой тэнцэх өр барагдуулна. Банк 30 сая иен буюу 230 сая ам.долларын эх үүсвэрийг бүрдүүлээд Монголбанканд хадгалуулсан. Мөн үлдсэн 500 сая ам.долларын 106 сая ам.доллартой тэнцэх хэмжээний бондыг бид зээлийн эргэн төлөлтөөсөө худалдаж авсан. Ингээд 394 сая ам.доллартой тэнцэх хэмжээний өр төлбөр үлдэж байгаа юм. Энэ бол бидний хувьд том сорилт. Бид энэ 5-7 сарын дотор их хэмжээний муу зээлээ төлүүлж чадвал гадаад өрөө төлөхөд хялбар болно. Эсвэл гадаад зах зээлээс дахин зээл авч, дахин санхүүжилт хийхээс өөр аргагүй болж байгаа юм. Гол нь бид чанаргүй зээлийн асуудлыг маш яаралтай шийдэх хэрэгтэй. Хүлээгдэж байгаа өр төлбөр бол оны эцсээр төлөгдөх гадаад өрийн асуудлыг шийдэх хамгийн том дэмжлэг байх юм.

-Хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд дандаа зээл эргэн төлүүлэх, гадаад өр төлөх хөрөнгийг бэлдэх тал руу ажилласан. Банк хэзээнээс жинхэнэ утгаараа Хөгжлийн банк шиг ажиллах бол гэсэн нийгмийн хүлээлт бас байна?

-Ямар ч банк татан төвлөрүүлсэн эх үүсвэрээсээ зээл гаргаж түүний хүүгээс ашиг олж ажилладаг. Өнгөрсөн хугацаанд манай банкны энэ зарчим алдагдсан. Бид муу зээлдээ илүү анхаарч, зээл эргэн төлүүлэх механизмыг хэрэгжүүлсэн учраас сайн зээлдэгчид зээл олгож, хүүгийн орлого олох ажил түр орхигдсон. Үүнтэй холбоотойгоор банкны цэвэр хүүгийн маржин хасах руу орсон. Гэтэл оны төгсгөлд төлөх гадаад өр, бондын төлбөрт өдөр бүр, цаг тутамд хүү бодогдоод явж байдаг. Тиймээс бид өнгөрсөн оны сүүлээс эхлээд банкны цэвэр хүүгийн орлогыг сайжруулах төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Саяхан бид өрийн удирдлагын төлөвлөгөөгөө Засгийн газрын хуралдаанд танилцуулж, дэмжлэг авлаа. Энэ төлөвлөгөөний дагуу энэ онд багтаад бид гаднаас 300 орчим сая ам.долларын зээл авахаар төлөвлөж байна. Яагаад гэвэл бид хичээж байгаад чанаргүй зээлээ төлүүлсэн ч энэ онд хийгдэх гадаад өрийн төлбөрт хөрөнгийн эх үүсвэр дутагдах эрсдэлтэй байна. Тиймээс бид гаднаас мөнгө босгохоор ажиллаж, эхний 75 сая ам.доллар долоо хоногийн эхээр оруулж ирсэн. Бид гадаад зах зээлээс бага багаар ч хамаагүй мөнгө зээлээд бондын өрөө хугацаанаасаа өмнө төлөх бодлого барьж ажиллана.

Улс орны хөгжлийг дэмжсэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх үндсэн үүрэг Хөгжлийн банканд ногддог. Танай банк энэ онд хэдэн төслийг санхүүжүүлж амжсан бол?

-Манай банк одоогоор нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой Чойбалсангийн ДЦС болон Амгалангийн ДС-ын өргөтгөлийг санхүүжүүлээд явж байна. Энэ онд багтаахгүй л бол ирэх өвөл эрчим хүч, дулааны дутагдалд орох эрсдэл үүсэх учраас эдгээр төслийг санхүүжүүлсэн. Улс орны хөгжлийг тодорхойлох том төслүүдээ санхүүжүүлэх ашиг сонирхол аль ч улсад байдаг. Улсын төсвийн хөрөнгө болон гадны санхүүжилтээр төслүүдээ урагшлуулах хөшүүргүүд байдгаас гадна Хөгжлийн банк улс орны санхүүжилтийн нэг механизм нь болж өгдөг. Арилжааны банкууд харьцангуй богино хугацаанд үр ашгаа өгдөг, ашгийн түвшин өндөртэй, жижгэвтэр төслийг сонирхдог бол Хөгжлийн банк олон улсын зах зээлээс аль болох урт хугацаатай, бага хүүтэй мөнгө татаж, дотоод эдийн засагтаа шингээж, стратегийн ач холбогдолтой төслүүдээ санхүүжүүлдэг. Тиймээс улс орнууд Хөгжлийн банкаа тогтвортой ажиллуулахыг эрмэлздэг.

Бид чанаргүй зээлд сөрөг нөлөө үзүүлж байгаа том зээлүүдээ төлүүлээд, банкны санхүүгийн үзүүлэлтээ сайжруулчихвал гаднаас урт хугацаатай, бага хүүтэй эх үүсвэр татах боломжтой болж, энэ ажлаа эхэлнэ. Жишээ нь, Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод Хөгжлийн банк санхүүжүүлээд явах боломжтой хэдэн төсөл бий. 2021 онд манай банкны дүрэмд өөрчлөлт орж, Хөгжлийн банк тодорхой хэмжээгээр экспорт, импортын банкны чиг үүргийг давхар хүлээх нэмэлт орсон. Гадны улс орны жишээнээс харахад, Экспорт, импортын банк, Хөгжлийн банк хоёр нь тусдаа үйл ажиллагаа явуулдаг ч энэ хоёр санхүүгийн институт нэг байх нь харьцангуй жижиг эдийн засагтай манай улсад ач холбогдолтой. Мөн төслийн санхүүжилтийг олон улсын түвшинд хийж эхлэх бэлтгэл ажлуудаа одооноос хийж байна. Гадаад харилцаа холбоогоо өргөтгөх, боловсон хүчнээ бэлдэх, сургах, дотоод үйл ажиллагаа, процессоо сайжруулах гэх мэт ажил байна.

Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд банканд эх үүсвэр татан төвлөрүүлэх, гадаад зээл авах, бонд гаргах ажлууд зайлшгүй стратегитай явагддаг учиртай. Ямар ч улсын Хөгжлийн банк жишээ нь “Манай улс 2030 он хүртэл ийм ийм төсөл санхүүжүүлэх шаардлагатай болно. Тиймээс өмнө нь бид ийм төлөвлөгөө гаргаад, яг тухайн төсөлд таарсан нөхцөлтэй, хугацаатай, хүүтэй санхүүгийн эх үүсвэрийг гаднаас татна. Ямар банк, байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх, ямар эрсдэлүүдээ хэн нь яаж үүрч, удирдаж, хаасан байх ёстой, төслийн борлуулалт орлогоо баталгаажуулсан байх гээд бүх зүйлсийг тодорхой болгосон байх ёстой. Төлбөрийг хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдээс орж ирэх орлогоос хийнэ. Эргэн төлөлтийн хэмжээ нэг жилд ийм байна” гэх мэт нарийн тооцож, төлөвлөсөн, хэлэлцэж тохирсон байдаг. Гадаад зах зээлээс мөнгө татах үед харамсалтай нь бидэнд ийм стратеги байсангүй. Ямар ч төлөвлөгөөгүй, тооцоогүй том мөнгө зээлээд тараачихсан нь өнөөдрийн нөхцөл байдлыг бий болгосон. Энэ бол бидний муу туршлага, дахин хэрэгжүүлэх ёсгүй муу жишээ болж үлдээсэй гэж бодож байна.

Эх сурвалж: Монголын үнэн

2023.05.26

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж