Хятад улс Туркменистанаас байгалийн хий нийлүүлэх Төв Азийн хоолойг барих ажлыг эрчимжүүлж байна. Тодруулбал, Ши Жиньпин дарга өнгөрсөн долоо хоногт Шиань хотод болсон Төв Азийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр үг хэлэхдээ барилгын ажлыг эхлүүлэхийг уриалжээ. “Бүс ба зам” санаачилгын хүрээнд Хятад улс нь Төв Ази дахь харилцаа холбоогоо бэхжүүлэх хүсэлтэй ч “D шугам” төсөл нь үнийн хэлэлцээ, өөр гурван улсыг дайран өнгөрөх хоолой тавихтай холбоотой техникийн саад бэрхшээлээс болж гацаад байсан юм.
ОХУ сүүлийн үед дайнаас үүдэлтэйгээр хумигдсан борлуулалтаа нөхөхийн тулд Хятадтай холбосон “Сибирийн хүч-2” хоолойн төслөө эрчимжүүлэхээр шахаж эхэлсэн. Энэ нь Хятадын хувьд Төв Азийн төслөө урагшлуулах хөшүүрэг болж байна.
“Төв Азийн хийн хоолой нь Хятадын эрчим хүч, геополитикийн орон зайд хийх гол хөрөнгө оруулалт гэж тооцогддог. Энэ бол арилжааны асуудлаас илүү стратегийн ач холбогдолтой нийлүүлэлтийн суваг" гэж Хятадын Үндэсний газрын тосны корпорацийн ажилтан ярьжээ.
Хятад улс урт хугацааны байгалийн хийн асар их хэрэгцээгээ хангахын тулд хоёр гэрээ байгуулж магадгүй ч Туркменистаныг нэн тэргүүнд тавьж байгаа аж. Учир нь Хятад улс Туркменистаныг эртнээс нааш Төв Азийн худалдаагаа өргөжүүлэх, эрчим хүчээ хамгаалах, тогтвортой байдлаа хадгалах хил гэж харж ирсэн. Хоёр хоолойгоор дамжуулан хий нийлүүлэх гэрээ нь хэдэн арван тэрбум ам.долларын өртөгтэй байх бөгөөд Хятадын одоогийн хэрэгцээний 20 хувийг хангана.
“D шугам” хоолойгоор жилд 30 тэрбум шоо метр хий тээвэрлэнэ. Үүнд 6.7 тэрбум ам.доллар зарцуулна гэж 2014 тооцоолсон.
Хятад улс 2022 онд Туркменистанаас гурван хоолойгоор дамжуулан 10.3 тэрбум ам.долларын үнэ бүхий 35 тэрбум шоо дөрвөлжин метр хий импортолсон. Харин Оросоос нэг хоолойгоор дамжуулан дөрвөн тэрбум ам.долларын үнэ бүхий 16 тэрбум шоо дөрвөлжин метр хий импортолжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ