Өмнөд Солонгос дотооддоо үйлдвэрлэсэн Нури пуужинг өчигдөр /2023.05.25/ амжилттай хөөргөснөөр хиймэл дагуулуудаа дэлхийн тойрог замд оруулсан гэж мэдээлэв. Энэ нь тус улсын хөгжиж буй сансрын хөтөлбөрийг урагшлуулах гол алхам боллоо. 47 метр урт, 200 тонн жинтэй, гурван давхар пуужин өчигдөр 18:24 цагт өмнөд эргийн Наро сансрын төвөөс цагаан утаан зам татуулсаар хөөрчээ.
Шинжлэх ухаан, технологийн сайд Ли Жон Хо хэлэхдээ, “Дотоодын сансрын тээврийн хүчин чадлыг баталгаажуулах зорилгоор бие даан бүтээсэн “Нури” пуужингийн гурав дахь хөөргөлт амжилттай дууссаныг бид олон нийтэд мэдээлж байна. Гол хиймэл дагуул нь Өмнөд Солонгосын Антарктид дахь Хаан Сэжон станцтай холбогдсон" гэж мэдэгджээ. Өмнөд Солонгос 2027 он гэхэд дахин гурван пуужин хөөргөхөөр төлөвлөж байна.
Энэ нь өнгөрсөн онд туршилтын хиймэл дагуулуудыг тойрог замд амжилттай нэвтрүүлсэн Нури пуужингийн гурав дахь удаагийн хөөргөлт байлаа. Үүнээс өмнө 2021 онд хөөргөсөн пуужингийн гурав дахь шатны хөдөлгүүр нь хэтэрхий эрт шатсанаас болж амжилтгүй болсон байв.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл пуужингийн хөөргөлтийг өндрөөр үнэлж, "Дэлхийн сансрын уралдаанд өрсөлдөх давуу талыг олгоно" гэж мэдэгджээ. Тэрбээр мэдэгдэлдээ "Өмнөд Солонгосыг Их-7 сансрын гүрний нэг болсныг тунхагласан гайхалтай амжилт юм" гэв.
Өмнөд Солонгос 2032 он гэхэд саран дээр, 2045 он гэхэд Ангараг гаригт сансрын хөлгүүдийг буулгах зэрэг сансар огторгуйн томоохон амбицтай байна. Ази тивд Хятад, Япон, Энэтхэг улсууд сансрын хөтөлбөрийг дэвшилтэт байдлаар хэрэгжүүлдэг бөгөөд Өмнөдийн цөмийн зэвсэгтэй хөрш Хойд Солонгос нь хиймэл дагуул хөөргөх чадвартай орнуудын эгнээнд багтах болсон.
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE
Холбоотой мэдээ