Г.Түвдэндорж: Хөрөнгө оруулагчдад лимит тогтоохгүй

Хуучирсан мэдээ: 2023.05.26-нд нийтлэгдсэн

Г.Түвдэндорж: Хөрөнгө оруулагчдад лимит тогтоохгүй

- Хөрөнгө оруулагчдын оршин суух, визтэй холбоотой зөвшөөрлүүдийг хялбаршуулна-

Г.Түвдэндорж: Хөрөнгө оруулагчдад лимит тогтоохгүй

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндоржтой ярилцлаа.


Узбекистан улсын Самарканд хотноо Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 32 дах удаагийн захирагч нарын жилийн уулзалтад оролцоод ирсэн. Тус чуулга, уулзалтын үеэр ямар ямар асуудлууд хөндөгдөж байна. Явсан газрын сониноос ярилцлагаа эхлүүлье?

-Энэ сарын 16-18-ны өдрүүдэд Узбекистан улсын Самарканд хотод Европын сэргээн босголт хөгжлийн банкны жилийн уулзалтад оролцоод ирлээ. Европын сэргээн босголт хөгжлийн банк дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс  тус  уулзалтад Европын сэргээн босголт хөгжлийн банкны дэлхийн улс орнуудад үйл ажиллагаа явуулдаг салбаруудын захирлууд оролцож хөрөнгө оруулалт бизнесийн форумаа хийлээ. ЕСБХБ-ны 2023 оны жилийн уулзалтын гол сэдэв хямралын үед эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих мөн эрчим хүчний найдвартай байдал, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих, хурдацтай хөгжиж буй зах зээлүүдийн дижитал шилжилт түүнийг дэмжсэн санхүүжилт гэх зэрэг өргөн цар хүрээтэй болж өнгөрлөө.  Тус уулзалтад дэлхийн улс орнуудын засгийн газар, санхүүгийн салбарын төлөөлөл, бизнес эрхлэгчид болоод олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд оролцлоо.  Тус форумын үеэр улс орнууд эдийн засгаа хэрхэн дэмжиж, тогтвортой байдлыг нь хангах үүнд банкны салбар макро эдийн засагт үзүүлэх нөлөөл юу байх. Шийдвэр гаргагчдын түвшинд яаж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч байна. Хөрөнгө оруулалтын салбарт голчлон сэргээгдэх эрчим хүч болоод олон улсын харилцаа холбооны салбар, дижитал эдийн засгийн шилжилтүүдийн талаар хөндөж байна. Мөн хүнсний аюулгүй байдлын асуудалд анхаарах нь хөрөнгө оруулалтын гол салбарын нэгээр нэрлэгдсэн нь анхаарал татаж байлаа.

-Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөрөнгө оруулалт бизнесийн форумын үеэр Төв Азийн орнуудын асуудлууд хөндөгдсөн байх. Ямар ямар улс орнууд хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна вэ?

-Төв Азийн орнуудаас Узбекистан, Казахстан, Гүрж, Турк, Монгол зэрэг орнууд хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. Тийм учраас тухайн улс орнууд ямар, ямар салбартаа хөрөнгө оруулалт татахыг хүсч байна, хөрөнгө оруулалт татахын тулд бодлогын шийдвэрүүдээ хэрхэн яаж гаргаж байна, шинэчлэлүүдээ хэрхэн хийж байна, хөрөнгө оруулалтын орчин нөхцөлөө яаж сайжруулах талаар дэлгэрэнгүй танилцуулж, хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцлоо.

Төв Азийн бүс нутгаас аваад үзэхэд, Узбекстан, Казахстан, Гүрж, Турк зэрэг орон хөрөнгө оруулалт татах асуудалд ихээхэн өрсөлдөөнтэй байна. Бүгд өөр өөрийн орондоо хөрөнгө оруулалт татаж улсынхаа хөгжлийг хурдацтай нэмэгдүүлж чадсан байна. Тэр дундаа Узбекистан улс сүүлийн үед хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээхэн татаж байна.

Тус улс 35.6 сая хүн амтай. Төв Азийн төвд Европ болон Азийг холбож байрладаг учраас тухайн бүс нутагтаа стратегийн хамгийн чухал байр суурь эзэлж байна. Узбекистан улс Дундад Азийн улс орнуудын томоохон зах зээл болж байгаа учраас гадаадын хөрөнгө оруулалтуудыг  татаж, улс орныхоо хөгжил, шинэчлэлийг эхлүүлж, нээлттэй улс орон болж байгаа гэдгээ зарласан. Сүүлийн жилүүдэд тус улсын эдийн засаг тогтмол өсч байгаа учраас хөрөнгө оруулалтуудыг  татах нөөц боломжтой улс орнуудын тоонд орж байна.

-Узбекистан улсын ямар ямар салбарт хөрөнгө оруулагчид түлхүү хөрөнгө оруулах сонирхолтой байна вэ?

-Узбекистан улсын ерөнхийлөгч тус форумыг албан ёсоор нээж үг хэлсэн. Тус улс сүүлийн зургаан жилийн дотор улс орондоо эрчимтэй шинэчлэл явуулсан гэдгээ онцолсон. Тухайлбал өнгөрсөн хугацаанд төрийн байгууллагуудын шинэчлэлийг эрчимтэй явуулж 61 яам байсныг 28 хүртэл бууруулсан байна. Эдийн засгийн шинэчлэлийг гол гол салбарууддаа байнга явуулж төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулж, хэвийн хэвшилдээ урам зориг өгөх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг хамгаалах чиглэлд анхаарч 2022-2026 он хүртэл энэ шинэчлэл үргэлжлэх юм байна.

Шинэчлэлийн хүрээнд Стратеги шинэчлэлийн яам байгуулж  шинэчлэлийн 100 төлөвлөгөө гаргаж, нэгдсэн дайралтаар улсаа шинэчлэх зорилт тавиад байна. Гадаадаас хөрөнгө оруулалт татахад ихээхэн анхаарч  АНУ-ын "Chevrolet" машины үйлдвэр, БНСУ-ын "Daewoo"-гийн үйлдвэрийг байгуулж, Төв Азийн бүс нутагт бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Залуу болон хямд өртгөөр ажиллах хүчний нөөцтэй нь тэдний бас нэг давуу тал гэдгийг хэлж байна.

Мөн улс төр, эдийн засгийн хувьд тогтвортой, байгалийн баялаг  тэр дундаа байгалийн хий, алт уран, мөнгө зэсийн баялаг, нөөц ихтэй нь тэдний давуу тал гэдгийг хэлж байсан. Тус улс хөвөн даавуу болоод торгоороо алдартай учраас эдийн засгийн бүтцийнх нь хоёр дахь том боломж  энэ салбарт байгаа аж. Мөн жимс, жимсгэнэ, нарийн ногооны үйлдвэрлэл ихтэй учраас ганцхан уул уурхайн салбар төдийгүй аж үйлдвэр, хөдөө аж ахуй гэх мэтчилэн хөрөнгө оруулалтуудаа солонгоруулах боломж дүүрэн байгаа гэдгийг дурдсан. Бүс нутагтаа стратегийн хамгийн чухал орноор нэрлэгдэж байгаа учраас хөрөнгө оруулагчидтай бүхий л салбарт хамтарч ажиллахад бэлэн гэдгээ зарласан. Тэр дундаа ногоон эдийн засгийн шилжилт хийхэд ихээхэн анхаарч сүүлийн гурван жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүчний салбарт анхаарч найман тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадсан байна.

-Узбекистан улс төрийн өмчит байгууллагыг хувьчлах, төрийн оролцоог багасгах чиглэлд хэрхэн анхаарал хандуулж байна вэ?

-Узбекистан улсын томоохон аж ахуйн нэгжүүд болоод банкны салбарыг хувьчлах аян зарласан юм байна. Тэр дундаа банкны салбарыг аваад үзвэл төрийн мэдлийн 12 банк байгаагаас хамгийн доод тал нь 60 хувийг нь хувийн банк болгохоор зорьж ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн цаашид хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч татварын хөнгөлөлт болон тарифын хөнгөлөлт үзүүлж, тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг илүү хялбар, нээлттэй болгоход анхаарч ажиллаж байна.

Түүнчлэн Казакстан улсын хөрөнгө оруулагчдыг татах концевц ихээхэн сонирхолтой байсан. Тус улс Шинэ Казакстан-2022 концевц зарласан. Тус концевцийн хүрээнд хууль, эрхзүйн шинэчлэлийг идэвхитэй хийсэн байна. Орчин үеийн эдийн засгийг тэгш өрсөлдөөний хүрээнд дэмжиж, хувийн өмч хөрөнгийг хамгаалах бодлого түлхүү баримталж төрийн байгууллагуудын эдийн засаг дахь оролцоог багасгахад ихээхэн анхаарч байгаа учраас цаашид гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг  татсан орон болохыг зорьж байгаа юм байна.

Казакстан улс ойрын жилүүдэд дэлхийд өрсөлдөхүйц, нэмүү өртөг шингээсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд Засгийн газар нь ихээхэн дэмжлэг үзүүлэхийг зорьж ажиллаж байна. Төв Азийн бүс нутагтаа Казакстан улс гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгийн их татсан гэдгээрээ тэргүүлэгч орны нэг. Тухайлбал, 2022 онд 28 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татсан нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр үзүүлэлт гэдгийг хэлж байсан. Энэ амжилтаа цаашид хадгалах, эвдэхийг зорьж байна.  Хамгийн гол нь урт хугацааны гэрээ байгуулж энэ хугацаандаа хууль эрхзүйн тогтвортой байдлыг хангах гэрээ байгуулж байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг ихээхэн төрүүлж байна.

-Монгол Улс тус форумд ямар ямар төлөөллүүдийг багтааж оролцов. Ямар ямар салбарт, хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт татаж чадсан бэ?

-Миний бие Монгол Улсаас төлөөлж оролцсон багийн гишүүдээ ахлаад явсан. Баг бүрэлдэхүүний тухайд Сангийн дэд сайд, Монгол банкны төлөөлөл, хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож, эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгө оруулагчид цаашид ямар ямар салбарт хөрөнгө оруулах боломжтой талаар танилцуулга, илтгэл тавилаа.

Энэ үеэр гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсын талаар ихээхэн сонирхож, илтгэл хэлэлцүүлсэн заал дүүрч, багталцахгүй байсан нь Монгол Улс одоо ч гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан хэвээр байгааг илэрхийлж байлаа. Монгол Улсын хувийн хэвшилд урт хугацаанд гаднын хөрөнгө оруулалтыг амжилттай хэрэгжүүлж байгаа "Мобиком", Хаан банк, Голомт банк, "Мандал" даатгал, "Дижитал Концев"-т буюу "GS-25" сүлжээ дэлгүүрийн удирдлагууд оролцож, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийн талаар гаднынхны асуусан асуултад хариулж, сонирхолтой яриа өрнүүлсэн.

Заалнаас хөрөнгө оруулалтын орчин, нөхцөл, хууль эрхзүй, Засгийн газрын бодлоготой холбоотой олон зүйлийг сонирхож байлаа. Хэдийгээр Монгол Улсын нийт гадаадын хөрөнгө оруулалтын 75 хувийг уул уурхайн салбар эзэлж байгаа ч цаашид хөрөнгө оруулалтыг солонгоруулах чиглэлд ихээхэн ач холбогдол өгч сэргээгдэх эрчим хүч, төмөр зам, авто замын сүлжээ байгуулах зэрэг хөрөнгө оруулалт шаардлагатай олон төсөл байгаа гэдгээ танилцуулсан. Мөн дэлхийн хамгийн том гүний уурхай болох Оюутолгой төсөл амжилттай хэрэгжиж, энэ жил гүний уурхайн олборлолтыг эхлүүлсэн нь Монгол Улсад дэлхийд данстай томоохон төслүүдийг хөрөнгө оруулагчидтай хамтарч амжилттай хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэдгийн тод илрэл болж байлаа.  Тийм учраас уул уурхайн салбарт нүүрс, зэс, төмрийн хүдэр, газрын ховор элемент зэргийг олборлох, баяжуулах чиглэлийг хөрөнгө оруулагчид сонирхож байна. Түүнчлэн Монгол Улс хөдөө аж ахуйн салбараа дараа дараагийн хөрөнгө оруулалтыг татаж жижиг болон дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ноолуур, арьс шир, мах зэргийг боловсруулах бүрэн боломж байна.

Хөрөнгө оруулагчид хөдөө аж ахуйн салбарыг ихээхэн сонирхож, хөрөнгө оруулахын тулд ямар шат дамжлагаар хэнд хандах талаар дэлгэрэнгүй асуулт асууж, хариулт авсан. Монгол Улс далайд гарцгүй хэдий боловч дэлхийн хамгийн том зах зээлийн хажууд зэрэгцэж оршдог, Европ, Азийг холбосон торгоны замын сүлжээ бүсэд байрладаг зэрэг олон давуу талаа хөрөнгө оруулагчдадаа танилцууллаа. Монгол Улсад үйлдвэр, үйлчилгээгээ байгуулж БНХАУ болон Европын зах зээлд нийлүүлэх бүрэн боломжтой.

Монгол Улс дэлхийн 43 улстай Худалдааны гэрээ, Хөрөнгө оруулалтыг хамгаалах гэрээтэйгээс гадна, бүс нутагтаа хамгийн бага татвартай гэдгээрээ татварын таатай орчин нөхцөлтэй гэдгээрээ онцлогтой. Зээлжих зэрэглэлийн хувьд Монгол Улс тогтвортой өсөлттэй, өсөлтөө урт хугацаанд хадгалах зорилт тавьж байна. Тус чуулга уулзалтын үеэр Европын сэргээн босголтын банк болоод  бусад банкнуудын хооронд гурван гэрээ байгууллаа.

Нэгдүгээрт, Европын сэргээн босголтын банк Хаан банктай хамтарч эмэгтэй бизнес эрхлэгчдийг урт хугацаанд дэмжих зорилгоор 20 тэрбум ам.долларын гэрээ байгууллаа. Мөн Хас банктай ногоон эдийн засаг тэр дундаа сэргээгдэх эрчим хүч, эко барилга, байгаль орчны салбарт зарцуулах 25 сая ам.долларын урт хугацааны гэрээ байгууллаа. Гуравдугаарт, Дижитал Концевц компанитай 18 сая ам.долларын гэрээ  байгуулсан үр дүнтэй айлчлал, форум боллоо.

-Монгол Улс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслөө шинэчлэн найруулж байна. Уг хуулийн шинэчлэлд туссан гол гол өөрчлөлтүүд юу байна вэ?

-Монгол Улс 1990 онд чөлөөт зах зээлийн нийгэмд шилжснээс хойш хөрөнгө оруулалт татах, орчин нөхцлийг сайжруулах, хууль эрх зүйн орчноо сайжруулахын тулд алдаатай ч оноотой ч ихээхэн хүчин чармайлт гаргасан. Үүний үр дүнд улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, хөрөнгө оруулалтуудыг татаж урагш алхаж байгаа төслүүд олон байна. Анх 1993 онд гадаадын Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан. Өнгөрсөн хугацаанд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дөрвөн удаа шинэчилж, найруулсан байдаг. Одоогийн хэлэлцэх шинэчилсэн найруулга нь тав дахь удаагийн шинэчилсэн найруулга нь болж байна.

Гадаадын хөрөнгө оруулагчдаас асар их зүйл шаарддаг хуультай байгаа нь өөрөө асуудал юм. Тухайлбал, гаднын хөрөнгө оруулагч компаниар бүртгүүлэхэд 100 мянган ам.доллараас эхлээд маш өндөр босго тавьдаг. Харин одоогийн шинэчилсэн найруулгаар гадаадын хөрөнгө оруулагчдаас 100 мянган ам.доллар шаарддаг босгыг тэглэж байгаа. Хөрөнгө оруулалтын орчныг хориглосон, хязгаарласан зүйл заалт их байгаа нь хөрөнгө оруулалт сүүлийн 10 жил уналтанд ороход нөлөөлсөн гэж бид үзэж байна.

Монгол Улсын эдийн засаг 2023 оноос сэргэж эхэлж байна. Тиймээс хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, эдийн засгийг,төрөлжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтыг хязгаарласан, хориглсон харилцааг арилгахад анхаарч ажиллаж байна. Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн яамны дэргэд Хөрөнгө оруулалтын агентлаг байгуулж байна. Өөрөөр хэлбэл, шинэчилсэн найруулгаар ямар ч босго тавихгүй, хөрөнгө оруулагчдыг шууд урьж үйл ажиллагааг нь нээлттэй явуулах нөхцөлийг бүрдүүлнэ. Ойлгомжгүй маш олон асуудлыг шинэчилсэн найруулгаар засна гэж харж байгаа.

-Өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг Монгол Улс алдсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хууль хяналтын байгууллагын процесс удаан зэрэг олон асуудал хөндөгддөг. Энэ чиглэлээр доривтой өөрчлөлт гарах уу?

-Цаашид урт хугацаандаа эдийн засгийн өсөлт нь иргэн бүрт мэдрэгддэг, бизнест нөлөөлдөг байя гэвэл их хэмжээний хөрөнгө оруулалт татах ёстой болно. Ингэж хөрөнгө оруулалт татахдаа өмнөх хөрөнгө оруулагчдыг хохироосон хэргүүдийг үнэн зөв шийдвэрлэх хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдыг хохироосон хэргийг хууль хяналтын байгууллагыхан шалгаж, үнэн зөвөөр тогтоох ёстой гэсэн үг.Нийтдээ 56 хэргийг шүүхэд шилжүүлснээс өнөөдрийн хувьд 47-г нь шийдвэрлэсэн гэх мэдээлэл аваад байна. Харин үлдсэн есөн хэргийн тухайд шүүх шатанд яваа учир мэдээлэл өгөх боломжгүйг прокурорын байгууллагаас тайлбарласан.

Эдийн засгийн хор хохирлыг нь тоолж, багцаалдах боломжгүй гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон  хэргүүдийг үнэн бодитоор шийдэж байж Монголд дараагийн хөрөнгө оруулагч орж ирэх гүүр болно гэж шинжээчид хэлж байгаа. 2012 онд оргилдоо хүрээд байсан гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн 10 жилд үлэмж хэмжээгээр агшиж, өнөөдрийн хувьд Оюутолгой төслөөс өөр бодит хөрөнгө оруулалт байхгүй байна.

Гадаадын хөрөнгө оруулагчийн гомдол маргааныг шийдвэрлэсэн дундаж хугацаа 6.2 жил бол хамгийн дээд тал нь 16 жил болсон тохиолдол байгаа нь харамсалтай. Үүнээс үүдэн хөрөнгө оруулагчид Монгол Улсын шүүх засаглал шударга эсэхэд эргэлзэх, түүнчлэн хөрөнгө оруулахгүй байх бас нэг шалтгаан болж байна. Тиймээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгад олон улсын арбитрийн шүүхээр гомдол, маргаанаа шийдэх боломжийг тусгаж өгсөн. Мөн төрийн дарамт шахалт шалгалтуудыг багасгахаар хуулийн төсөлд тусгасан. Түүнчлэн оршин суух зөвшөөрөл, визтэй холбоотой зөвшөөрлүүдийг хялбаршуулна.

-Хөрөнгө оруулах хэмжээнд босго тавихгүй, оршин суух зөвшөөрөл визийг хөнгөвчилнө гэхээр аль нэг улсын иргэд хэт олноороо ороод ирэх вий гэсэн болгоомжлол нийгэмд үүсдэг шүү дээ?

– Монголчууд бид сэтгэлгээгээ глобалчлах, эдийн засгийн салбаруудаа либериалчлах шаардлага байна. Монгол Улс дэлхийд ардчилсан, чөлөөт, аюулгүй улс гэдгээрээ 2022 онд 42 дугаар байрт эрэмбэлэгдсэн. Үүгээрээ бид бахархаж байх ёстой. Дэлхийд нээлттэй зах зээлтэй нээлттэй орон гэдгээ зарлаж байх ёстой. Энэ үүднээсээ ямар нэгэн байдлаар хий айдас, болгоомжлол бий болгож, өндөр босго тавих шаардлагагүй. Дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчдын ялгаатай байдлыг арилгана. Мөн улс орнуудад ялгаатай байдлаар хандах боломжгүй. Бид ижил тэгш нийгэм, ижил тэгш эрхийн төлөө ардчилсан улс байх болно. Хөрөнгө оруулалт оруулахаар зорьж байгаа хэн бүхнийг боломж гэж харах ёстой.

Хөрөнгө оруулагчдад татварын таатай орчин бүрдүүлсэн, ээлтэй хууль батлагдвал Монгол Улсад орж ирэх мөнгөн урсгалын хэмжээ хэрхэн өөрчлөгдөх вэ?

-Тухайлбал, 2022 онд л гэхэд гадаадын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжээс нийт 2.4 их наяд төгрөгийн татвар төлсөн байна. Хөрөнгө оруулагчид Монгол Улсад татвар төлөхөөс гадна нийгмийн даатгал бусад зардлуудыг тооцвол эдийн засгийн өндөр үзүүлэлт гарна. Улсын хэмжээнд ажил олгогчийн таван хувийг, даатгуулагчийн найман хувийг, цалингийн 15 хувийг, нийгмийн даатгалын шимтгэлийн 14 хувийг гадны хөрөнгө оруулагчид эзэлдэг. Ингээд харвал эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх давуу талтай гэж хэлж болно. Энэ удаагийн хуулийн төсөлд гол найман өөрчлөлтийг тусгасан нь тэдэнд таатай орчин бүрдүүлэх, цаашлаад улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх давуу талтай гэж хэлж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж