Сурвалжлага: Зүүх одонгүй ч зүүгдэх үрстэй "алдарт" аавууд

Хуучирсан мэдээ: 2023.05.26-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Зүүх одонгүй ч зүүгдэх үрстэй "алдарт" аавууд

Сурвалжлага: Зүүх одонгүй ч зүүгдэх үрстэй "алдарт" аавууд

Сүхбаатарын талбайд цэцэг барьж, хүүхдээ тэвэрсэн аавууд цугларчээ. Тэд хайртай эхнэртээ, охиндоо баяр хүргэхээр догдолно. Гэр бүлээрээ өнгө өнгийн үндэсний дээл, хувцсаар ижилсэн, гоёсон нь хамгийн сайхан. Ам бүл нэмж, Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаасан гэр бүл гэдгийг нь харахад андашгүй.

Зарим нь гэр бүл, ах дүү нараараа тойрон зогсч, оргилуун дарс тулгаж, баяр хүргэцгээх аж. Нийслэлийн төв талбай өчигдрөөс эх үрс, гэр бүлийн аз жаргалаар амьсгалж, одон зүүсэн ээжүүдээр гоёж эхэлсэн нь энэ. Хаашаа л харна хүүхдүүдийн инээд цангинаж, баярын нулимс унагаж, ханьдаа баяр хүргэсэн аавуудаас дулаан уур амьсгал мэдрэгдэнэ.

Б.Ганболдынх ам бүл долуулаа. Гурван хүү, хоёр охинтой айл. Эхнэр нь Алдарт эхийн хоёрдугаар одонгоор энгэрээ мялааж, гэр бүлээрээ баяраа тэмдэглэж байна. Өрхийн тэргүүний хувьд дээл хувцсаа бэлдэж, эхнэрээ гоо сайханд ороход нь үр хүүхдүүдээ харж, маш их догдолсон тухайгаа ярилаа.

Тэрбээр "Баяр сайхан болж байна. Гэр бүлээрээ улсынхаа Ерөнхийлөгчөөс Алдарт эхийн одонгоо авлаа. Эхнэр маань одон авч байгаа нь өөрөө авсан юм шиг сайхан санагдаж, баярлаж сууна. Шагналаа авахаар их догдолж, чамгүй бэлдсэн. Өнөөдөр гэр бүлээрээ ижил өнгийн дээлээр гоёсон. Үртэй хүн жаргалтай гэдэг шүү дээ. Гэр бүл өнөр өтгөн байх хамгийн аз жаргалтай. Манайх одоо Алдарт эхийн нэгдүгээр одон авна гэж төлөвлөсөн байгаа. Үр хүүхдүүдээ сайн хүн болгон өсгөж, хүмүүжүүлнэ" гэв.

Харин У.Өлзийбаярынх ам бүл зургуулаа. Дөрвөн хүүтэй айл гэнэ. Гэр бүлээрээ Алдарт эхийн одон авах өдөртөө зориулан чамгүй бэлдэж, номин ногоон өнгийн дээлээр гангарчээ.

Өрхийн тэргүүн У.Өлзийбаяр "Өнөөдөр сэтгэгдэл өндөр байна. Эхнэр маань Алдарт эхийн хоёрдугаар одонгоор шагнууллаа. Эхнэр маань бас дархан бэр. Ханьдаа хайртай, маш их баярлалаа гэж хэлье. Хамтдаа үр хүүхдүүдийнхээ сурлага хөдөлмөрт анхаарал тавьж, эх орондоо хэрэгтэй хүн болгохын төлөө өсгөж байна. Орой ажлаасаа ядраад гэртээ орохоор үр хүүхдүүд маань тэврээд угтах нь хэчнээн сайхан. Би ажил мэргэжилдээ анхаарч, эхнэр маань үр хүүхдүүдээ харж, өсгөж байна. Удахгүй болох Эх үрсийн баярын мэндийг бүх сайхан ээжүүддээ хүргэе" гэлээ.

"ОДОНГИЙНХОО ХҮҮХДИЙГ ТӨРҮҮЛСНЭЭС ХОЙШ ОДОН АВАХДАА БЭЛДСЭН"

Жил бүрийн өдийд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн ордонд Алдарт эхийн одон гардуулах ёслолыг зохион байгуулдаг. Энэ жил ч уламжлал ёсоор 10 мянга гаруй ээжид Алдарт эхийн одон гардуулах юм. Эдгээр ээжүүдийн ард мөн тооны аавуудын үүрэг хариуцлага, хайр халамж бий. Тэр утгаараа аавуудад албан ёсоор зориулсан шагнал, одон байхгүй ч эхнэрээ шагнал авахад нь өөрөө шагнуулсан мэт баярлаж байгаагаа хуваалцаж байлаа.

"Өнөөдөр маш сайхан өдөр болж байна. Эхнэр маань Алдарт эхийн хоёрдугаар одонгоо авч, гэр бүлээрээ онцгой өдөр болж байна. Ам бүл зургуулаа. Нэг хүү, гурван охинтой. Эхнэр маань удахгүй "Хатан бэр" шагнал авах юм. Ер нь аавуудын үүрэг хариуцлага байгаа учраас одон авахгүй ч гэсэн маш их баярлаж байна.

Одон авах өдөртөө маш эртнээс бэлдэж эхэлсэн. Одонгийнхоо хүүхдийг төрүүлснээс хойш бага багаар одон авах бэлтгэлээ хангаж эхэлсэн. Өнгөрсөн шөнө бүтэн нойртой хонож чадаагүй. Маш их догдолж хөөрсөн. Гэр бүлийн хувьд маш их өндөр хариуцлага ногдож, зөв сайхан иргэн болгон хүмүүжүүлэхийн төлөө хичээнэ" гэдгийг өрхийн тэргүүн Э.Ууганбаяр хэлж байлаа.

Түүний хань Д.Саруултөгс "Хань минь бүх цаг үед хамт байж, хамтдаа бэлтгэлээ базаалаа. Бараг сүүлийн 10 хоног хамт явж, миний дээл хувцас бэлдэж, гоо сайханд хамт явж, дэм болсон" гэж ханьдаа талархаж байгаагаа илэрхийлэв.

Харин Ө.Даваа-Одынх дөрвөн охинтой айл. Өрхийн тэргүүн таван эмэгтэйн дунд маш их хайр халамжийг мэдэрдэг тухайгаа бахархан, хайрлан ярьж байв. Тэрбээр "Ийм сайхан дөрвөн охин төрүүлж өгсөн эхнэртэй хайртай шүү. Төр засгаас эхнэрийг минь үнэлж байгаа ямар ч арын хаалгагүй олгодог үнэ цэнэтэй шагнал гэж боддог. Охидууддаа хайртай шүү. Би маш их хайр халамжийг мэдэрдэг дээ. Ээжүүдэд Алдарт эхийн одонг гардуулсан нь зөв. Эх хүн үрээ 10 сар тээж, маш хүнд ачааг үүрч явна. Тэд маань нойргүй хонож байна. Ээжүүд маань ажил хийхээсээ илүү улс эх орондоо оруулж буй хамгийн үнэ цэнэтэй хөдөлмөр юм даа. Ийм хатуу нийгэмд түшиг тулгуур минь болж ар талыг даадаг ханиараа үнэхээр их бахархаж байна" гэв.

Түүний хань О.Уянга "Манай нөхөр халамжтай, сайн аав. Маш их баярлаж, хайрладаг шүү. Өчигдөр шөнө догдолж, нойр муутай л хонолоо" гэсэн юм.

Энэ жил улсын хэмжээнд 10,785 ээж Алдарт эхийн одон хүртэж байгаагийн олонх нь 36 орчим насныхан байгааг албаныхан мэдээллээ. Эхний өдөр Сонгинохайрхан дүүргийн 88 эх Алдарт эхийн нэгдүгээр одон, 989 эх Алдарт эхийн хоёрдугаар одонгоор энгэрээ мялаасан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:

  • Нийслэлийн есөн дүүргийн 4696 ээж, үүнээс нэгдүгээр зэргийн одонг 297, хоёрдугаар зэргийн одонг 4399,
  • Нийт 21 аймгийн 5979 ээж, үүнээс нэгдүгээр зэргийн одонг 471, хоёрдугаар зэргийн одонг 5508,
  • Гадаадын улс орнуудад оршин суугаа 110 ээж, үүнээс нэгдүгээр зэргийн одонг 5, хоёрдугаар зэргийн одонг 105 ээж хүртэж байна.

Монголын үрс маш олон болтугай.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж