Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүрээнд парламентыг 126 гишүүнтэй болгохоор, мөн 76 гишүүнийг тойргоос, 50 гишүүнийг намын нэрсийн жагсаалтаар сонгохоор УИХ-д суудалтай намууд санал нэгдсэн. Энэхүү хувилбараа ард түмнээр дэмжүүлэх зорилгоор түшээд Даваа гариг/2023.05.22/-аас орон нутагт ажиллаж эхлээд байгаа. Өмнөх уулзалт дээр тойргийнхноосоо “эрүүний шөл” ууж, хаширсан түшээд энэ удаад нэлээн тактиктай ажиллах болжээ. Тодруулбал, төрийн албан хаагчдын цалинг хоёр үе шаттай нэмэгдүүлнэ гэдгээ зарласан байна. Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.05.25/ Төв аймагт ажиллах үеэрээ “Төрийн албан хаагчдын цалинг хоёр үе шаттай нэмэгдүүлэхээр тооцоо судалгаа хийж байна. Нэн тэргүүнд хамгийн бага цалин авдаг төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын суурь цалинг нэмж, хэт ялгавартай байдлыг арилгана. Дээрх арга хэмжээнд 60 мянга орчим төрийн албан хаагч хамрагдана. Аравдугаар сарын 1-ээс нийт төрийн албан хаагчдын цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна” гэдгээ мэдэгджээ.
Нүүрсний экспорт сэргэж, хил гаалийн гацаа арилснаар эдийн засагт сэргэлт гарч, төсвийн орлого сайжирсан ч бараа бүтээгдэхүүний үнэ өдөр өдрөөр өсөх болсноор ард иргэдийн амьжиргаа доройтоод буй. Төрийн албан хаагчид цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж буй бол ахмадууд тэтгэврээ нэмэгдүүлэх хүсэлт тавьж буй. Иймээс УИХ, Засгийн газрын хувьд эдгээр асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх арга хэмжээг авахгүй бол Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал дэмжлэг авахад хүнд гэдгээ мэдэрсэн. Тийм ч учраас эхний уулзалт дээр танилцуулсан хувилбараа ч өөрчилж, гишүүдийн тоог 126 болгох хувилбар дээр буулгасан юм. Учир нь ард иргэд "Бараа бүтээгдэхүүний үнэ өссөнөөс амьдрал улам хүндэрч байхад гишүүдийн тоог 152-оор тогтоохыг дэмжихгүй, бууруулмаар байна. Гишүүдийн тоо нэмэгдэхийн хэрээр данхгар төр бий болж, зардал өснө. Нөгөө талдаа эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр хүмүүс нь Засгийн газрын тусгай санг тоночихсон байхад гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь хулгайчийн тоог л улам олшруулна гэсэн үг. Буулгавал дэмжиж болно” гэж мэдэгдсэн билээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ