"Хоёр охин, бэртэйгээ дөрвүүлээ одонтой ээжүүд боллоо"

Хуучирсан мэдээ: 2023.05.25-нд нийтлэгдсэн

"Хоёр охин, бэртэйгээ дөрвүүлээ одонтой ээжүүд боллоо"

"Хоёр охин, бэртэйгээ дөрвүүлээ одонтой ээжүүд боллоо"

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдрөөс /2023.05.25/ Төрийн ордонд ээжүүдэд Алдарт эхийн одон гардуулж байна. Сүхбаатарын талбайд цэцэг барьж, хүүхдээ тэвэрсэн аав, ээжүүд цугларчээ. Тэд хайртай эхнэртэй, охиндоо, ээждээ баяр хүргэхээр догдолно. Энэ үеэр Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаасан ээжүүдийн сэтгэгдлийг сонслоо.

Алдарт эхийн хоёрдугаар одонтой ээж Б.Золбоо “Энэ сайхан өдөр Төрийн ордондоо орж, улсынхаа Ерөнхийлөгчөөс Алдарт эхийн одон хүртэж байгаадаа маш их баяртай байна. Маш сайхан мэдрэмж байдаг юм байна. Манай гэр бүл нэг хүү, гурван охинтой. Энэ цаг мөчид хоёр сайхан ээждээ, ханьдаа баярлаж, талархаж явдгаа илэрхийлье. Бүх сайхан ээжүүддээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Үрсийнхээ дунд инээд баяслаар цалгиж явахыг хүсье” гэв.

Бэрдээ баяр хүргэхээр ирсэн ээж Г.Алимаа “Өнөөдөр ганц хүүгийн минь гэргий Алдарт эхийн одонгоор энгэрээ мялааж байна. Маш сайхан байна. Өнгөрсөн жил манай хоёр том охин Алдарт эхийн хоёрдугаар одонгоо зүүсэн. Энэ жил бэр маань одонгоо авч байна. Миний хувьд зургаан хүүхэд төрүүлж өсгөж, Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой. Ингээд гэр бүлээсээ дөрвөн одонтой ээжтэй болоод байна. Үр хүүхдүүд маань эрүүл саруул өсч, жилээс жилд өнөр өтгөн болж байгаад туйлын баяртай байна” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.

Алдарт эхийн хоёрдугаар одон хүртсэн Б.Урандэлгэр “Маш баяртай байна. Өнгөрсөн шөнө сэтгэл догдлоод унтаж чадсангүй. Энэ сайхан мөчид хань минь дэргэд байсан бол хэчнээн сайхан. Тэнгэрээс биднийгээ хараад баярлаж суугаа байх. Дөрвөн сайхан хүүхэд маань эрүүл саруул өсч торниж байна. Намайг цаг үргэлж дэмжиж тусалдаг хоёр сайхан ээждээ талархал илэрхийлмээр байна. Монголынхоо бүх сайхан ээжүүдээ энэ сайхан шагналаар энгэрээ мялаах болтугай гэж ерөөе” гэсэн юм.

Энэ жил улсын хэмжээнд 10,785 ээж Алдарт эхийн одон хүртэж байгаагийн олонх нь 36 орчим насныхан байгааг албаныхан мэдээллээ. Эхний өдөр Сонгинохайрхан дүүргийн 88 эх Алдарт эхийн нэгдүгээр одон, 989 эх Алдарт эхийн хоёрдугаар одонгоор энгэрээ мялааж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:

  • Нийслэлийн есөн дүүргийн 4696 ээж, үүнээс нэгдүгээр зэргийн одонг 297, хоёрдугаар зэргийн одонг 4399,
  • Нийт 21 аймгийн 5979 ээж, үүнээс нэгдүгээр зэргийн одонг 471, хоёрдугаар зэргийн одонг 5508,
  • Гадаадын улс орнуудад оршин суугаа 110 ээж, үүнээс нэгдүгээр зэргийн одонг 5, хоёрдугаар зэргийн одонг 105 ээж хүртэж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж