Эрчим хүчний яамны захиалгаар хэрэгжиж байгаа ашиглалтын хугацаа дууссан дулааны шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх үр ашгийг дээшлүүлэх зорилготой “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн засварын ажил эхэлжээ. Дулааны шугам шинэчлэн, засварлах талаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ний инженер Ш.Мөнхжаргал“Монгол Улсын Засгийн Газар 2020 онд Дэлхийн банктай 41 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээнд гарын үсэг зурсан.
Төсөл 2025 онд дуусах бөгөөд дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа анхны дулааны магистраль шугамыг өргөтгөн шинэчлэх төсөл юм. Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах хоёр төсөл бий. Европын сэргээн босголтын банкаар 16.1 сая ам.долларын санхүүжилтээр хоёр байршилд гурван гүйцэтгэгчийн 3 км шугамыг шинэчлэн засварлана. Мөн Дэлхийн банкны 40 сая ам.долларын санхүүжилтээр долоон газарт есөн гүйцэтгэгчийн 7.8 км шугамыг шинэчлэн солих ажлууд тус тус хийж байна.
Үүнээс гадна Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн санхүүжилтээр 5 цэг дээр 0.7 км шугамыг солих, улс нийслэлийн төсвөөр гурван байршил дээр 3.2 км шугам солих ажил хийнэ. Өмнө жилүүдэд 2 км орчим шугам шинэчлэн сольдог байсан бол энэ жил долоо дахин их буюу 14.5 км шугам шинэчлэн солих төлөвлөгөөтэй байна. Тавдугаар сарын 15-наас засварын ажил эхэлсэн. Гүйцэтгэгч компаниудын гаднаас нийлүүлэх бараа материал 60-80 хувьтай байна. Наймдугаар сарын 20-нд газар шорооны ажил бүрэн дуусаж, тохижилтын ажлууд эхэлнэ.
Энэ шугамууд солигдохоос гадна шугамын хоолойн диаметр нэг дахин томорч байгаа. Ингэснээр хуучин орон сууцууд дахин төлөвлөлтөд орох үед дэд бүтцийн хувьд бололцоотой болгож байгаа гэж ойлгож болно. Мөн дулааны шугамаас гадна цэвэр усны шугам, кабелыг иж бүрэн багцалж сувагт оруулах ажил хийж байна” гэлээ.
Өнөөдрийн байдлаар нийт ашиглагдаж байгаа дулааны шугам сүлжээний өмчлөлд байгаа 370 км шугамаас 17 хувь нь насжилтын хугацаа дууссан аж. Одоогоор нэн түрүүнд солих шаардлагатай шугамуудыг засварлаж байгаа гэнэ.
Дулааны 46 магистраль ДХ-436-р цэгээс ДХ-221 хүртэлх 2Ф250/350мм-ийн голчтой 1.3 км шугамыг 2Ф400мм болгон өргөтгөж сувагт оруулах барилга угсралтын ажлыг "Хангилцаг" ХХК гүйцэтгэн хийж байгаа юм байна.
Э.ХУЛАН
Холбоотой мэдээ