Монгол Улсад өмгөөлөгчдийн байгууллага үүсэж хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд “Өмгөөлөгч-танд тусалъя” өдөрлөгийг өнөөдөр /2023.05.25/ Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Тус өдөрлөг Монголын Өмгөөлөгчдийн Холбоо Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгөх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль эрх зүйн мэдлэгт нь нэмэр болох, зөрчигдсөн эрхийг сэргээх эрх зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор 10:00-17:00 цагийн хооронд зохион байгуулж байгаа аж.
Мөн нийт 12 байгууллага оролцож иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч байна.
Өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Гансүх: “Өмгөөлөгчөөр 20 жил ажиллаж байна. Өнөөдрийн өдөрлөгөөр иргэд өөрт тулгамдаж буй хууль эрх зүйн асуудлаар зөвлөгөө авах боломжтой. Өмгөөлөгчөөс ямар тусламж үйлчилгээ авах талаар иргэд мэдээлэлгүй байдаг. Тиймээс иргэдийн хуулийн мэдлэг дутмаг байгаа тул тухайн хүний үзэл бодол, байр суурьт тааруулсан агуулгаар хуулийн туслалцаа үйлчилгээ үзүүлдэг. Мөн орон нутгийн иргэддээ зориулж тухайн орон нутагт нь үнэ төлбөргүй туслалцаа үзүүлж байгаа. Малчдын хувьд ихэвчлэн зээл, тэтгэвэр тэтгэмж, нөхөрлөл байгуулах, эдийн засгийн харилцаанд түлхүү зөвлөгөө мэдээлэл авдаг. Мөн бэлчээртэй холбоотой маргаан, адуу мал алдсан зэрэг асуудлын талаар илүү тодруулж асуудаг. Малчдад зөвлөхөд аймаг бүрд өмгөөлөгчдийн зөвлөл гэж байдаг. тус зөвлөлөөс асууж тодруулах зүйлээ асуух боломжтой” гэлээ.
Э.ХУЛАН
Холбоотой мэдээ