Дэлхийн хамгийн том байлдааны хөлөг онгоц болох "USS Gerald R. Ford" нисэх онгоц тээвэрлэгч өчигдөр Осло хотноо ирсэн байна. 377 метр урт, цөмийн хөдөлгүүрт хөлөг онгоц нь Арктикт болох олон улсын цэргийн сургуулилалтад оролцохоор явж байгаа бөгөөд Норвегид хэд хоногийн хугацаанд түр байрлах гэнэ. Гэвч Украины дайнаас болж өрнөдийн орнууд болон Оросын хооронд хурцадмал байдал хурцадсан энэ үед үүнийг Оросын Элчин сайдын яам буруушаажээ. Тодруулбал, "Умардад цэргийн аргаар шийдвэрлэх, хөндлөнгийн оролцоо шаардсан асуудал байхгүй. Орос улс нь Норвегид шууд цэргийн аюул занал учруулахгүй гэдгийг Осло хүлээн зөвшөөрч байгааг харгалзан ийм хүч үзүүлэх нь логикгүй бөгөөд хор хөнөөлтэй мэт санагдаж байна" гэж Оросын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Тимур Чеканов мэдэгдэв.
Харин АНУ-ын нисэх онгоцны цохилтын 12-р бүлгийн командлагч Эрик Эслич мэдэгдэлдээ, "Норвеги бол Арктик болон Хойд Атлантын бүс нутгийг аюулгүй, тогтвортой байлгахад чиглэсэн дэлхийн дэг журамд ашигтай стратегийн түнш" гэдгийг онцолжээ.
Норвегийн цэргийнхний мэдэгдэлд, "тус нисэх онгоц тээвэрлэгч хөлөг Ослод түр байрлаж байгаа нь хамтын ажиллагаагаа хөгжүүлж, хамгийн чухал холбоотон АНУ-тай нягт хамтран ажиллах онцгой боломж" хэмээсэн байна. Мөн Норвегийн Батлан хамгаалахын сайд Бьорн Арилд Грам "Энэ бол АНУ-тай бидний ойр дотно харилцааны тодорхой илэрхийлэл бөгөөд хамтын хамгаалалт, урьдчилан сэргийлэх хүсэл зоригийг харуулж байна" гэжээ.
НАТО-гийн гишүүн Норвеги улс ОХУ-тай хуурай газар болон Баренцын тэнгист тэнгисээр хиллэдэг. 90 хүртэлх нисэх онгоц, нисдэг тэрэг тээвэрлэх боломжтой "USS Gerald R. Ford" хөлөг нь Норвегийн нийслэлд хэд хоног байх төлөвтэй байна. Эх сурвалжийн мэдээлснээр уг хөлөг нь тавдугаар сарын 29-нд Арктикт болох барууны 14 орноос 150 нисэх онгоц оролцох томоохон цэргийн сургуулилалтад оролцоно.
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE
Холбоотой мэдээ