АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2024 оны арваннэгдүгээр сард болно. "CNN"-ийн санал асуулгаар өрсөлдөөний эхний шатанд Бүгд найрамдах намаас Дональд Трамп хамгийн олон санал авчээ. Бүгд найрамдах нам болон Бүгд найрамдах намыг дэмжигчдийн 53 хувь нь Трампийг сонгосон бол Рон ДеСантис 26 хувийн санал авсан. Санал асуулга явагдсанаас хойш хэд хоногийн дараа Өмнөд Каролина мужийн сенатор Тим Скотт нэр дэвшихээ зарлажээ.
Бүгд найрамдах намд нэгдсэн сонгогчдын олонхи нь Трамп, ДеСантис хоёрын аль нэгийг сонгох хүсэлтэй байна. Судалгаанаас харахад сонгогчдын ихэнх нь анхан шатны сонгуульд хэд хэдэн нэрийг аль хэдийнэ өрсөлдөөнөөс хасчээ. Тодруулбал, сонгогчдын 60 хувь нь Нью-Жерси мужийн захирагч асан Крис Кристиг ямар ч нөхцөлд нэр дэвшүүлэхгүй гэсэн байна. Мөн 55 хувь нь Арканзас мужийн амбан захирагч асан Аса Хатчинсон, Нью Хэмпшир мужийн захирагч Крис Сунуну нарыг хэзээ ч дэмжихгүй гэж хариулжээ.
Дональд Трампийн хувьд бүх насны сонгогчдын дунд ижил саналаар тэргүүлж байна. Энь гуравдугаар сарынхаас илт өөрчлөгдсөн үзүүлэлт юм. Тодруулбал, 45-аас дээш насныхны дэмжлэгийн хувь гуравдугаар сард харьцангуй бага байжээ.
Сонгогчдын бараг тал хувь буюу 52 хувь нь Трампийг Бүгд найрамдах намаас гурав дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал өндөр гэж үзжээ. Харин 35 хувь нь бага зэрэг магадлалтай гэж, 13 хувь нь магадлал багатай эсвэл магадлал огт байхгүй гэж хариулсан байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ