Хэдхэн хоногийн дараа зургадугаар сарын 1 буюу хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Энэ өдөр хүмүүс хүүхдээ паркт тоглуулж, дуртай бэлгийг нь авч өгдөг. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Д.Сүхбаатарын талбай, үндэсний соёл амралтын хүрээлэн зэрэг газрууд хүний хөлд дарагддаг.Удахгүй болох хүүхдийн баярт Үндэсний соёл, амралтын хүрээлэн бэлэн эсэхийг сурвалжиллаа.
Хүүхдийн паркийн арын хаалгаар ороход газрыг нь засварлаж буй шинэ тоглоомын талбай харагдана. Энд тэнд төмөр тоглоомуудын ажиллах дуу сонсогдож, хүмүүс орилно. Галзуу хулгана, гинжит, алсыг харагч, морин тойруулга, мөргөлддөг машин зэрэг тоглоомууд урьдынхаасаа шинэчлэгдсэнгүй. Түүнээс гадна робот, нисдэг таваг, хүслийн галт тэрэг зэрэг тоглоомууд шинээр нэмэгджээ. Шинээр ашиглалтад орсон тоглоомд хүмүүс илүүтэй дугаарлажээ. Хүүхдүүд гинжит, морин тойруулга, уран жолоодлого, эргэдэг дельфин, алсыг харагч зэрэг тоглоомд тоглох дуртай аж. Мөн шинээр нэмэгдсэн тоглоомууд сонирхолтой санагдаж байгаа учраас сонгож тоглож байгаа гэнэ.
Хоёр хүүхдээ тоглуулж буй иргэнээс тодруулбал “Зарим тоглоомоо шинэчлээд байх шиг байна. Гэсэн ч хүүхдүүдэд зориулж дахиад тоглоом нэмэх шаардлагатай. Хүүхдийн баяраар жил болгон л хөл гишгэх газаргүй олон хүнтэй байдаг. Олон хүүхэд л баярлаж, тогломоор байгаа. Гэтэл байдаг л хэдэн тоглоомуудтай, хүртээмж бага. Зургадугаар сарын 1-нд олон хүн хүлээн авч, ачааллаа дийлэхгүй байх гэж бодож байна. Миний хувьд гэхэд л өнөөдөр урьдчилаад хүүхдээ тоглуулаад явж байна” гэлээ.
ХҮҮХДИЙН ПАРКИЙН ЗАЙ ТАЛБАЙ БАГА БАЙНА
Эдний нэг дүрэм нь их хачирхалтай. Нэг тасалбараа сонгосон тоглоом дээрээ хоёр, гурав уншуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл, зургаан тоглоомтой ганц багц авсан гэр бүл сонгосон тоглоом дээрээ гурван хүүхдээ зэрэг тоглуулах боломжгүй. Учир нь заавал гурван билет авч байж гурван хүүхдээ зэрэг тоглуулж болох аж. Тэгэхээр гурван хүүхэд тус бүр 5000 төгрөгийн ханштай нэг тоглоом дээр суулгахад дунджаар 15000 төгрөг эсвэл багцаас сонголт хийсэн бол хамгийн багадаа 60 мянган төгрөг ихдээ 150 мянган төгрөг болно. Ийм уян хатан биш зохицуулалт олон хүүхэдтэй аав, ээжүүдэд ээлгүй санагдана.
Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн тоглоомуудын үнийн хувьд 5 мянгаас 8 мянган төгрөг. Хүмүүс багцаар авах нь илүү боломжийн үнэтэй санагддаг гэж байлаа. Тэгвэл багцын үнэ нь 20 мянгаас 50 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол 50 мянган төгрөгийн багц нь хязгааргүйтоглох багц аж.
Хүүхэд багачуудын зуны амралт эхлэх дөхөж, Үндэсний соёл, амралтын хүрээлэнг зорих хүний цуваа тасрахгүй, ачаалал ихтэй болдог. Хүүхдийн парк дээр зөвхөн тоглоом дээр тоглох бус энгийн өдөр ч гэр бүл, найз нөхдөөрөө ирж амарч, зугаалдаг болжээ. Шинэ зассан ногоон зүлгэн дээр хүмүүс сууж, хүүхдүүд бөмбөгөөр тоглоцгооно. Саравч бүрд нэг ундаа юм уу зайрмаг барьсан залуус элдвийг ярилцан сууцгаана.
Гэр бүлээрээ салхилж яваа Д.Мөнхбат “ Шангри-Ла төвөөсбаруун тийшээ хүүхдийн ордон хүртэлх том талбайг зүлэгжүүлээд, засаж янзлаад авчихвал хэрэгтэй санагддаг. Ямар ч хэрэггүй шороо бужигнасан саарал талбай байлгаж байснаас хүүхэд залуучууд тоглож, зугаалах газрын талбайг томсгож, ногоон байгууламж болгох хэрэгтэй” гэлээ.
Хүүхдийн паркийг анх 1965 оны арваннэгдүгээр сарын 10-нд Нийслэл Улаанбаатар хотын хүүхэд, залуучуудын дунд соёл хүмүүжлийн ажлыг өргөн зохион, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж байх “Хотын Соёл Амралтын Парк” нэртэйгээр байгуулсан байдаг. Тэр үед 37 га талбайд 6000 мод бут, 60 гаруй мянган мкв зүлэгжсэн талбай, 2.8 км зам МХЗЭ, пионерын хүндэтгэлийн талбай, бага оврын морин тойруулга, дүрст тойруулга, алсыг харагч, гинжит, пуужин, дугуй, угсаатны зүйн музей, үлгэрийн гэр, кинотеатр, тунгалаг уст жижиг нуур, завь, хийн буудлага, теннис, биллиард футбол зэрэг 27 цэг, нэгж ашиглалтад орж нээгдсэн байна. 1979 оны намраас 1.8 га талбай бүхий том нуурыг барьж байгуулах ажилд орж, 1980 онд ашиглалтад оруулсан. Мөн улсын хөрөнгө оруулалтаар 1981-1983 онд ЗХУ-аас захиалан шинээр алсыг харагч, сюрприз, уран жолоодлогын машинууд, гэрлэн дохиот, микро автобус, хөгжөөнт аяллын галт тэрэг, далайчин зэрэг долоон төрлийн том талбайн аттракцион, том хүний зориулалттай 16, хүүхдийн зориулалттай найм, бүгд 24 төрлийн автомат тоглоомыг ЗХУ-аас худалдан авч ашиглалтад оруулж иржээ.2005 онд "Бодь групп” авч, “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК болон нэрийг нь өөрчилсөн. Тэр үед тус компанийнхан Японы хөрөнгө оруулалт татаж, Монголын Диснейлэндийг байгуулна гэсэн амлалт өгч байсан юм. Гэвч түүнээс хойш Хүүхдийн паркийн газрыг тойрсон маргаан л өрнөдөг болжээ. Газар нь ч багассан. Энэ талаараа паркийн эзэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч ярьдаг.
Хүн хүлээн авах, үйл ажиллагааны талаар Үндэсний соёл амралтын хүрээлэнгийнхнээс тодруулахад “ Хүүхдүүд зөвхөн хүүхдийн баяраар паркт ирдэг биш бусад өдрүүдэд ч ирдэг. Тийм ч учраас хүүхдүүдийг баярлуулах олон арга хэмжээ хийж хэрэгжүүлэхийг хичээдэг. Хөнгөлөлт урамшууллаас гадна хүүхдүүдийн дунд тэмцээн уралдаан зохиодог. Одоогийн байдлаар 4-12 настай хүүхдүүдийн дунд "Аз жаргалтай гэр бүл" сэдэвтэй гар зургийн уралдаан зарласан өнөөдөр хураамжийн хугацаа дуусаж, шагналыг тавдугаар сарын 31-ны өдөр гардуулна” гэв.
Тэгэхээр зургадугаар сарын 1-нд Хүүхдийн паркт "дайн" болох шинжтэй. Мэдээж сүүлийн хэдэн жил ажиллаагүй болохоор хүн бүр л хүүхдээ паркт баярлуулахыг бодох биз. Нэгэнт таксаа төлөөд орсон хүмүүс хоёр гуравхан цаг болоод гарахгүй шүү дээ. Тэгэхээр эртхэн очсон нэг нь паркт баярлаж, үлдсэн нь гадаа нь баярлаж магадгүй нь. Паркийн тоглоом, ажилчид нь баярт бэлэн ч зай талбай нь бэлэн биш бололтой.
Э.ХУЛАН
Гэрэл зургийг Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН
Холбоотой мэдээ