“Хурд"-аас ч өмнө гэр бүл дотроо хамтлаг байгуулчихсан байсан"

Хуучирсан мэдээ: 2023.05.25-нд нийтлэгдсэн

“Хурд"-аас ч өмнө гэр бүл дотроо хамтлаг байгуулчихсан байсан"

“Хурд"-аас ч өмнө гэр бүл дотроо хамтлаг байгуулчихсан байсан"

Тэнгэрийн орноос илгээсэн зурвас

Сайн байна уу? Дүү нар минь. Ахынхаа дүрийг хараад дурсаж байна уу. Бид ийм л насандаа хамгийн аз жаргалтай байж дээ. Та нартайгаа дандаа хамт байхыг хүсэвч хясдаг хорвоогийн жамаар арай өөр газраас өөрийн хэдэн муусайн найзуудаараа дамжуулан энэ зурвасыг илгээж байна. Ах нь нүд дүүрэн нулимстай, цээж дүүрэн баяр баясгалантай та нараараа бахархан, омогшиж байна. Та нар минь амжилтын оргил өөд тэмүүлж байгаа болохоор аз жаргалтай амьдарч байгаа гэдэгт итгэж байна. Найзуудад минь миний тоглох дуртай байсан аялгууг тоглож өгөөрэй.

Төмөр замын 20 дугаар сургуулийн 1966 оны нэгдүгээр ангийн Д бүлгийн хамт олноос гэжээ.

Энэ захидал “Хурд” хамтлагийнхны хамгийн том ах Д.Ганболд агсных. Тэрээр арван хүү, нэг охинтой Дамбын өнөр өтгөн гэр бүлд ууган хүү болон мэндэлсэн. Өдгөө тэнгэрийн орноо заларсан ч өөрийн олон дүүгээ урлагийн замд хөтөлж, урлагт хайртай хүн болгон хүмүүжүүлсэн гавьяатан. Эндээс л анх ахан дүүсийн “Хурд” хамтлаг мэндэлсэн. Тэд одоо 30 нас хүрчээ.

Гитар, бөмбөр хөгжмийн ая хоршиж, сонсогчдын сэтгэл зүрхэнд хүрсэн дуунууд ар араасаа эгшиглэнэ. Өнөө алдарт  “Цэргийн бодол”-оос авхуулаад “Эх орон”, “Зураг шиг бүсгүй”, “Эндүүрэл”…Бид энэ удаа “Хурд” хамтлагийн тоглолтын бэлтгэлийг зорин очсон нь энэ. Бэлтгэлийн үеэр Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр, Гавьяат жүжигчин, “Хурд” хамтлагийн продюсер Д.Отгонбаяр, Гавьяат жүжигчин, хамтлагийн дуучин Д.Төмөрцог нартай 30 жилийн дурсамжаас хуваалцаж, яриа өрнүүллээ.


Том ах Д.Ганболд ээжийнхээ хамт.

-"Хурд" ах дүүсийн хамтлаг. Та нар нэгэнтээ "Хамтлагийн маань амин сүнс нь ээж минь” гэж ярьсан байдаг?

Д.Отгонбаяр: Аав, ээж хоёр минь 70 жил 10 хүү, нэг охиныг өсгөх гэж маш их зүтгэсэн дээ. Ээж маань залуугаасаа дуучин болох сайхан мөрөөдөлтэй. Тэр мөрөөдөл нь үр хүүхдүүдээр нь дамжин “Хурд”, “Чоно” хамтлаг болж асгарсан. Яалт ч үгүй бид хар багаасаа, мэдээ орсон цагаасаа хөгжимтэй холбогдож ирсэн.

“Хурд” гэж хамтлаг байгуулагдахаас ч өмнө манай гэр бүлд аль хэдийнэ хамтлаг байгуулагдчихсан байсан.

Ээж маань хүүхэд байхад зун болохоор л төмөр замчдын багажны савнаас улаан, хар өнгөтэй гитар гаргаж ирдэг. Өвөлд тэр хөгжмөө далд хийчихдэг байсан. Ах нар тэр гитараар тоглоод л… Би бол гурав, дөрөвхөн настай байсан байх. Тэр гитар хөгжмийн утсанд нь хүрч үзнэ. Пянз тоглуулагч, хөгжмийн сэтгүүлүүд,хамтлагуудын гоё плакатууд их сонирхоно. Учир нь төмөр замын Рашаант өртөөнд орос цэргүүд олноор ирдэг байсан. Түүгээр дамжин соёлын бараанууд их ирнэ. Бид хоорондоо нийлж гитар хөгжим их тоглоно. Ах нар гитар өгөхгүй үед төмөр замчдын хэрэглэдэг дундаа нүхтэй, нимгэн банзыг хөрөөдөж, гитарын хэлбэр оруулан, уяа хийж зүүнэ.

Нэг нь бөмбөр тоглож байна гээд баахан түмпэн шанага, хувин цуглуулаад л амаараа хөгжим тоглодог байлаа.

-Бараг тоглолт хийдэг байсан юм биш үү?

Д.Отгонбаяр: Би тэр үеэ огт мартдаггүй юм. Тэгээд тоглож байхад төмөр замын замчид орой нар буух үеэр амсхийхдээ биднийг хараад сууж байсныг. Тэгсэн бид ичээд, уйлаад, модон гитаруудаа орхиод гэр рүүгээ гүйж байсан сан. Хүүхэд байхаас л бидний хамтлаг байгуулах хүсэл мөрөөдөл тэгж илэрч байж дээ. “Хурд” яалт ч үгүй гэр бүлийн хамтлаг. Энэ бол миний гэр бүл.

Энэ хамтлагийн суурь нь тэртээ 1986 оны төмөр замын вагон депогоос эхтэй. Хэсэг залуус хамтлаг болж, тэр дунд Д.Ганбаяр ах маань бөмбөр тоглодог байсан. Бид хажууд нь харж суусаар байгаад л хөгжим тоглохыг сурсан даа. Одоо бодоход бидний энэ хамтын сэтгэлийн үндэс суурь нь гэр бүлийн хүмүүжил байж.

-Нэг гэр бүлийн хөвгүүд бүгд урлагийн замыг сонгоно гэдэг их ховор хувь заяа шүү?

Д.Отгонбаяр: Үнэхээр сонин. Хамгийн том ах жолооч, дараагийн ах маань барилгачин мэргэжлээр суралцсан ч урлагийн замыг сонгосон. Доошоо бүх дүү нар нь урлагтай амьдралаа холбосон. Ганц эгч маань төмөр замд замчин болсон. Биднээс хүнд хүчир ажил мэргэжил сонгож, төмөр замын тэр хүнд дэр моднуудыг үүрдэг байлаа. Аав, ээж минь биднийг хатуужилтай өсгөсний ач гавьяа болов уу.

Тэр олон хөвгүүд өөр мэргэжил сонгосон бол магадгүй салбар салбартаа их амжилттай явах байсан байх.

Манайхан их ажилсаг хүмүүс. Хүүхэд байхад бөөнөөрөө 1-10 дугаар анги хүртлээ төмөр замын дотуур байранд амьдардаг байлаа. Нэг өрөөнд ах, эгч нартайгаа амьдрахад ажилсаг, хөдөлмөрч зан биднийг зөв амьдралд хөтөлсөн. Магадгүй хөгжимчин болоогүй бол аавынхаа мэргэжлийг өвөлж, төмөр замд ажиллах байсан биз.

“ААВДАА БИ ХАЙРТАЙ” ДУУГ ТАЙЗАН ДЭЭР ТОГЛООД ЗОГСЧ БАЙХДАА НЭГ ИХ ЮМ БОДДОГГҮЙ БАЙЖ"

-Энэ цаг мөчид аавынхаа тухай дурсахгүй юу?

Д.Ганбаяр: Ээжийн минь авьяасын оч үсэрч, бидэнд ирсэн. Харин бид хүнийг хүндэлж, хүнээс үг сонсч, хүлээцтэй, тууштай байхыг ааваасаа сурсан. Манай аав Баянхонгор аймгийн уугуул хүн байсан. Хар нялхаасаа өнчирч, төрсөн эгчтэйгээ хоёулхнаа өссөн. Хот руу 1955 онд орж ирээд төмөр замын ажилтан болсон байдаг. Харамсалтай нь аав минь бурхан болоод гурван жил болж байна. Аавыгаа их л санадаг юм байна. Алсраад санахгүй байхын аргагүй. Бидний өөрсдийн уран бүтээл эх орон, аав, ээжийн дуу олон бий. Тэр дотроо аавын тухай дуу зонхилдог.

Аавыгаа амьд сэрүүн байхад “Аавдаа би хайртай” дууг тайзан дээр тоглоод зогсч байхдаа нэг их юм боддоггүй байж.

Үзэгчид уйлж байгааг хараад дотроо мэлмэрч, их л хэцүү байдаг байхдаа гэж боддог байсан. Нэг залуу “Та нар ганцхан аавтай юм уу” гэж хүртэл уйлж орилсон удаатай. Тэгж хүний сэтгэл зүрхэнд уран бүтээл минь хүрч байсан. Аавыгаа алдсанаас хойш яалт ч үгүй хүмүүсийн өмнө гараад аавын тухай дуу дуулна. Хэцүү байдаг шүү. Миний нүд үзэгчид рүүгээ харж байгаа юм шиг боловч сэтгэлдээ аавынхаа хүзүүг нь барьж байсан, нуруун дээр нь гишгэж байсан, мод хагалж байгаа дүр төрхийг нь төсөөлдөг.

Гэхдээ би өнөөдөр аавтайгаа 57 жил, ээжтэйгээ 60 жил хамт амьдарч байна. Сайхан байдаг юм. Монголынхоо бүх сайхан аав, ээжүүддээ хайртай. Тийм учраас “Хурд” дандаа эх орон, аав, ээжийн тухай уран бүтээл хийх ёстой, хийх ч үүрэгтэй гэж боддог.

-Тухайн цаг үед урлагийн замыг сонгоход ч бэрх байсан. Гэтэл олон эрэгтэй дүү нараа хөгжимчин болоход нь харамсч байв уу?

Д.Отгонбаяр: Яаж 100 хувь итгэлтэй байх юм бэ. Өөрийгөө яая даа гэж байхад дүү нар бас юу билээ гэж бодно. Өөрсдөө яг гарч ирэх гээд л 2000-аад онтой золгоход араас “Чоно” хамтлагийн дүү нар гарч, хөгжим тоглож эхэлсэн. ”Хурд” хамтлагаа яая гэж байхад бас юун “Чоно” вэ. Тэгээд “Та нар өөр юм хийж болохгүй” юу гэхээр яалт ч үгүй хөгжимд дуртай. Өглөө ирэхээр л байж байна. Тэгээд л хамт бэлтгэл хийнэ.

“Чи явж аав, ээжид туслаач” гэж загнавал загнана. Өөр ажилд ор гэж хэлэх ч эрхгүй.

Одоо Д.Ганбаяр ахыгаа харахаар инээд хүрээд байдаг юм. Аль болохоор хүүхдүүдээ эдийн засаг, бизнес, олон улсын харилцааны мэргэжлээр их сургуульд сургаад байдаг. Гэвч хүүхдүүд нь бидний хажууд ирээд л хөгжим тоглоод суучихна.

"НӨГӨӨ “ГОЛСОН ЮМ ГОЛД ОРНО” ГЭДЭГ ШИГ Л ЮМ БОЛСОН ДОО"

-Үр хүүхдүүдийнх нь цусанд хүртэл хөгжим эгшиглэж байна?

Д.Отгонбаяр: Хөгжим бүр бидний удам, генд маань байгаад байна. Анх “Хурд”  хамтлаг байгуулагдаж, Д.Ганбаяр ах, миний багын найз Нар сар буюу Т.Наранбаатар бид гурав бэлтгэл хийдэг байлаа. Би амьхандаа өөр хүмүүстэй хөгжим тоглох гээд байдаг. Тэгээд Д.Ганбаяр ахад “Одоо болно. Та хамтлагтаа гэр бүлээс дахин хүн амьтан битгий аваад бай. Нэг гэр бүлээс хоёр хүн байхад л болно. Бусад гишүүдээ найзуудаасаа авъя” гэлээ. Тэгсэн дуучин огт олддоггүй ээ. Олон хүн шалгууллаа. Тэнцэх дуучин байдаггүй.

Тэгсэн ээж минь “Манайхнаас дуулвал энэ Цогоо л дуулж магадгүй” гээд яриад байдаг. Би болохоор “Гэр бүлээс дахиад нэг хүн ороод ирнэ. Бүх юм ил. Хаашаа ч явсан бие биетэйгээ зууралдаж байдаг, ямар хэцүү юм бэ” гэж их төвөгшөөнө.

Тэгээд Цогоог дуулах гэхээр л “Чиний дуулдаг гэж юу байсан юм бэ. Яршиг больё” гээд аймар голно. Хөөрхий минь надад их гомддог байсан байх. Тэгээд хүн авч ирээд дуучнаар шалгахаар нэг л биш. Нэг цагаан сараар гэрт очихдоо Цогоогоор “Чоно” дууг дуулуулсан чинь яг миний тэр хүсээд байсан хоолой байсан.

Би бол домогт "Metallica", “Guns N’ Roses”, “Aerosmith” хамтлагийн гоцлол дуучин шиг дуучин хайгаад байдаг. Тэр хөгжмийн бид зохиогоод, дуу хийгээд байдаг. “Чимээгүй ирэх дурлал”, “Чоно”, “Алив бос”, “Болтугай”, “Миний монгол” гэх мэт дуучингүй баахан дуу байгаад байдаг. Тэгсэн Цогоог дуулахад яг тэр хамтлагийн дуучин монголоор дуулж байгаа юм шиг санагдсан. Бидний хайгаад байсан дуучин энд байсан байна. “За за Цогоо юм байна” гээд хамтлагтаа дуучнаар авсан даа.

-Таныг анх дуучнаар шалгаруулж авахдаа их голсон гэх юм. Энэ үнэн юм уу?

Д.Төмөрцог: Тийм ээ тийм. Намайг голох нь голж байсан. Нөгөө “Голсон юм голд орно” гэдэг шиг л юм болсон доо. Би цэргээс халагдаж ирээд нэг жил “Талх чихэр” компанид ажилласан. Тэгэхэд “Хурд” хамтлаг дуучингүй 300 гаруй хүн цуглуулж, шалгаруулсан ч тохирох дуучин олдоогүй. Тэнгэрт хальсан хөгжмийн зохиолч С.Ишхүү маань хүртэл дуучнаар орж, нэг жил дуулсан байх. Тэгээд би чинь жаахан шартай хүн очсоор байгаад л зүтгэсэн дээ. Энэ түүхээ зөндөө ярьсан даа. Ард түмэн сайн мэдэх байх. Тэгээд “Чоно” дуугаа дуулж сонсгосон чинь “Болох юм шиг байна” гэж байна.

“Харанга” болон “Хурд” хамтлаг Спортын төв ордны дэргэдэх Залуучуудын ордонд байрлаж, бэлтгэл хийдэг байсан. Тэгсэн мөртлөө “Харанга” хамтлагийнханд очоод шалгуулахаар “Айлаас гуйхаар авдраа уудал. Дуучин чинь хажууд чинь байсан байна” гээд байдаг. Тэгж хамтлагтаа дуучин болсон түүхтэй. Одоо 30 жил дуулж байна. Ойн тоглолтоо хийх гээд бэлтгэлээ хийгээд сайхан байна.

-Ээж нь таны авьяасыг мэдэрдэг байж дээ?

Д.Төмөрцог: Ээж авьяасыг минь их мэдэрдэг байсан. Залуудаа их сайхан дуулдаг байсан болоод ч тэр үү. Би ер нь ээжийнхээ дуу хоолойг өвлөж авсан байх. Ээж маань залуудаа их цангинасан хоолойтой, би цаашаа сайхан дуулдаг эмэгтэй байсан. Одоо нас явсан хэдий ч сайхан дуулчихна.

“ХУРД” ГЭДЭГ НЭГЭН ТОМ ГЭР БҮЛИЙГ БИ ХОРИОД ХОРИОД ДИЙЛЭЭГҮЙ

-Ингээд хамтлагтаа ах дүү гурвуулаа боллоо?

Д.Отгонбаяр: Тэр чинь 1993 оны хавар санагдаж байна. Цогоо тэр үед Зүүнбаянгийн цэргийн ангиас халагдаж ирээд удаагүй байсан. Тэгээд л хамтдаа бэлтгэлээ хийж эхэлсэн. Нэг гэр бүлээс гурван хүн боллоо. Тэгсэн манай дүү Д.Отгонбаатар чинь бас гитарчин болно гэлээ. “Би гитар тоглож байхад чи гитар тоглож яах гээд байгаа юм бэ” гэсэн чинь “Үгүй ээ би гитар тоглоно” гээд болдоггүй. Тэр үед 1992 он байсан. Тэгээд би “Ер нь чи бөмбөр тогло” гэсэн чинь “Үзээд алдъя” гэж байна. Гэрт очиход л амбаарт үхрийн хөлдүү мах нүдээд л суудаг байсан. Тэгсэн “Нисванис” хамтлагийн “Сонсохыг хориглоно” анхны тоглолт Соёлын төв өргөөнд 1996 онд болоход Д.Отгонбаатар бөмбөрийг жинхэнэ “нүдэж” өгч байна аа.

Тэгэнгүүт нь миний шунал хөдлөөд хамтлагтаа бөмбөрчнөөр тоглохыг зөвшөөрч, Д.Ганбаяр ахтай хамт бөмбөр тоглохоор болсон.

“Хурд” гэдэг нэгэн том гэр бүлийг би хориод хориод дийлээгүй. Ёстой нөгөө хүсээгүй юм хүзүүгээр гэдэг шиг юм болсон. Яалт ч үгүй бид нарт ертөнцөд нэгэн эхийн хэвлийгээс цувж төрөөд Монголдоо “Хурд” гэх хамтлаг болж тамгалагдсан.

-Анх үсээ урт ургуулж, уранхай жинсэн өмдтэй дуулахад сонсогчид хэрхэн хүлээн авч байв?

Д.Ганбаяр: Их шүүмж гардаг байсан. Өргөн өмдтэй явахаар тухайн үеийн хууль сахиулагчид ч гэсэн зэрлэг юм уу, ямар хүүхдүүд вэ гээд л…Үсээ урт ургуулж барууны суртал ухуулгыг оруулж ирж болохгүй. Энэ чинь социалист монгол орон гэдэг байлаа. Тийм байдлаар үсээ хүртэл хайчлуулсан тохиолдол бий.

Манай техникийн н.Даваа гэж залуу гудамжинд явж байхад хүчний байгууллагынхан “Нааш ир. Сэгсийсэн улаан шаар” гэж байгаад үсийг нь хайчилсан тохиолдол хүртэл байгаа.

Тиймээс бид “Урт үс, уранхай жинс” гэж концертоо албаар нэрлэж байлаа. Уг нь хувцасны моод байж байтал ядуу хүүхдийн хувцас гэж шүүмжилнэ. Рок болох гэж чемоданы кноп, янз бүрийн гялгар тоногуудыг авч, гоёдог байлаа. Тэгээд л хувцсаа хураалгана, тайлна. Ер нь 1975-1985 он хүртэл бас л их цензуртэй байсан шүү.

-Тэгж хорьсон ч та насаараа л урт үстэй явж байна?

Д.Ганбаяр: Би цэрэгт явахдаа л үсээ хусуулж үзсэн. Бага байхын үсээ ургуулах дуртай хүүхэд байлаа. Хичээл амраад есдүгээр сарын 1-н болгонд дандаа урт үстэй сургуульдаа очно. Намайг манай ангийнхан ч сайн мэднэ. Эхний хэдэн хоног багш нартаа загнуулж загнуулж байгаад л үсээ засуулна. Одоо ч цаг сайхан болсон байна.

-Анхны “Хар салхи” тоглолт улсын циркт болоход хөтлөгч олдохгүй Д.Отгонбаяр хөтөлсөн гэдэг. Тэр үед яг юу болсон тухайгаа дурсахгүй юу?

Д.Отгонбаяр: Би чинь толинд өөрийгөө хараад нүцгэлж нэг үзээд л, хувцас өмсч нэг үзээд л бэлдээд байдаг. Бид их гүйж бэлтгэл хийнэ. Тэгээд тоглолтын найруулагч С.Ононбат хөтлөгч яах вэ гэсэн чинь “Харин тийм ээ. Хөтлөгчөө олъё. Хэнийг хөтлөгч болгох вэ” гээд уулзах болгондоо ярилцана. Тэгсэн концерт болох дөхөөд байдаг. Миний хувьд зөвхөн гитараа тоглож, үсээ эргүүлээд, нүүрээ нууна гээд байдаг. Тэгсэн юу юугүй тоглолт боллоо. Тэгээд бүгдээрээ "Ер нь дуучин нь тоглолт хөтөлдөг байхгүй юу" гээд Цогоо руу дайрсан чинь “Би дуулахаа л бодъё” гээд огт хөдөлдөггүй. Тэгээд би өмнөх орой нь “Би л хөтлөгч хийе. Хүмүүс авахыг нь авна биз” гэж шийдлээ. Миний хувьд тайз руу гарахаараа ямар ч сандралгүй болчихдог.

Тийм увидас, сонин мэдрэмж надад байдаг учраас дуунуудынхаа дарааллыг харж байгаад “Нээлт дээр нь мэдээж ийм үг хэлдэг юм байна" гээд бэлдсэн.

Тэгтэл олон концерт хөтөлсөн юм шиг өөрөө аваад явчихсан. Хүмүүс ч гоё хүлээж авсан. Дууны холбоосыг хийж, үзэгчдийг доргиогоод ерөнхийдөө тоглолт миний удирдлагад орлоо шүү. Тэгээд л хаана ч явсан дараа дараагийнхаа тоглолтыг хөтөлдөг болсон. Харин сүүлийн үед хүмүүст их загнуулдаг болсон. Хүмүүс "Дэндүү их яриад байна, Цогоог дуулуулмаар байна” гэдэг болсон. Би сайхан түүх, амьдрах итгэл урмыг сонсогчдодоо өгмөөр байдаг юм. Гэхдээ 30 жилийн тоглолт дуулах дуу ихтэй учраас би аль болох багахан ярина. Гэхдээ мэдэхгүй ээ, мэдэхгүй./инээв/

Д.Ганбаяр: Ер нь хөгжим гэдэг юмнаас миний амьдрал салалгүй 50 жил боллоо доо. Анхны "Хар салхи" тоглолтыг хийх орон зай хэрэгтэй байсан. Монголчуудад тэсрэлт, эрч хүч дутагдаж байсан гэх үү.

"БИДНИЙ ЗҮС ЦАРАЙ, ДУУ ХООЛОЙ НЬ ХҮРТЭЛ ИХ АДИЛХАН"

-Хүмүүс таны дуулахыг сонсохоос гадна юм яриулах хүсэлтэй байдаг шүү дээ?

Д.Төмөрцог: Би ярина аа ярина. Би багын тийм нэг дуугүй, өөр өөрийгөө болгоод явдаг хүүхэд байдаг шүү дээ. Тийм л хүүхэд байсан. Зожиг гэх нь ч юу юм. Өөрийн гэсэн ертөнцтэй тийм л хүүхэд байсан. Урлагт ороод жаахан ярьдаг болсон. Тэрнээс бол надаас нэг үг унагана гэдэг ёстой уучлаарай шүү дээ. Миний амнаас үг унагахад их хэцүү.

-“Хурд” хамтлагийнхны царай төрх их адилхан. Ах дүү нарыг хооронд нь их андуурдаг байсан уу?

Д.Ганбаяр: Заримдаа би ч өөрөө их андуурна. Хүмүүс “Чи яг хэн нь вэ” гэж их асуудаг. Аав ээж хүртэл “Чи хэн нь вэ” гэдэг. Бидний зүс царай, дуу хоолой нь хүртэл их адилхан шүү. Бидэнд их зан гэж байхгүй. Бусдаас онцгойрч, илүү гарах хүсэл ч байхгүй. Ганц эмэгтэй дүү маань олон эрэгтэй дүүтэй өссөн учраас эршүүд талдаа өссөн.

Одоо дүү маань ээжтэйгээ хамт байна. Бид амьдралын үнэ цэнийг амсч л явна. Бид энэ хүртэл үргэлж дардан замаар явж ирээгүй. Хатуу хөтүүг туулж, бусадтай адил амьдарч байна.

-Тухайн цаг үедээ “Хурд”-ынхны стиль имижээрээ их содон, өвөрмөц байсан гэгддэг?

Д.Төмөрцог: Бид рок хамтлаг. Тэр утгаараа домогт рок хамтлагуудын хувцаслалтыг харна. Урт хар хүрэм, хоншоортой кобой гутал өмсдөг. Тэрийг л дууриаж их хувцаслана. “Цэргийн бодол” дуу цэргийн хайр сэтгэлийн тухай дуу. Анх энэ дууг хамгийн том ах Д.Ганбат 1977-1979 онд зохиож байлаа.

Анх энэ дууг дуулахдаа нэг их ойшоодоггүй байлаа.

Том ах маань “Та нар энэ дууг дуулбал ард түмэнд танигдана шүү” гэдэг байсан. Тэгээд л бид дуулсан. Ард түмэнд хүрч чадсан. Мэдээж ахынхаа дууг дуулж байгаа учраас уйлалгүй яахав. Одоо энэ дуу дуулагдаад 45 жил болсон байна. Би 30 жил дуулж байна. Тэнгэрт байгаа том ах маань дүү нараа хараад баярлаж суугаа байх.

"ХУРД" ТОГЛОЛТ ХИЙХЭД "ЦЭРГИЙН БОДОЛ"-ЫГ ДУУЛАХГҮЙ БАЙЖ БОЛОМГҮЙ НАНДИН БАЙДАГ"

-“Хурд” хамтлаг 30 жил болжээ. Харин “Цэргийн бодол” дуу 45 жил болж байна. Энэ алдартай дууг хамгийн том ах нь зохиосон гэдгийг хэлж байна?

Д.Ганбаяр: Цэргийн бодол дуу тэртээх 1977 онд бүтсэн. Тэр үед би чинь долдугаар ангид сурч байсан. Нэг өдөр ах маань “Манай цэргийн ангид өнөөдөр шинэ жилийн үдэшлэг болно. Чи очоод бөмбөр тоглоод өг. Манай ангид бас нэг сайн тоглодог цэрэг алга. Ах нь нэг шинэ дуу хийсэн юм” гэсэн. Тухайн үед цэргийн анги нь одоогийн Маршал тауны суурин дээр байсан. Тэр үед цэргийн 66 машинтай ирээд намайг авч байсан нь санагддаг юм. Тэр үед цэргийн ангиуд эмэгтэй хүн олноор ажилладаг үйлдвэрүүдтэй нөхөрлөлийн холбоотой байлаа. Тэр үдэшлэг дээр анх удаа ах маань зохиосон дуугаа дуулж, би бөмбөрийг нь тоглож байлаа.

Сүүлд энэ дууны үг өөрчлөгдөж, хүмүүс янз бүрийн хувилбараар дуулах болсон. Тиймээс ах маань “Та нар миний дууг дуулаач” гэхэд нь бид үнэнгээ хэлэхэд их голонгуй дуулсан шүү.

Би бол цэрэгт гурван жил байсан, энэ дууг дуулдаг байсан учраас их тоогоод байдаг. Харин дүү нар маань юун цэрэг мэрэг вэ гээд ойшоодоггүй. Тэгээд манай Цогоо дууны үгийг нь зөв болгож, хуучин морин тойруулга гэж Маршал тауны цаана байсан. Тэнд Туулын эрэг дээр анх 1977 онд нэгэн хилийн цэргийн казарм дотор бий болсон дуу. Их сайхан булган сүүлтэй уран бүтээл. Өнөөдрийг хүртэл 45 жил дуулагдаж байна. "Хурд" тоглолт хийхэд "Цэргийн бодол" дууг дуулахгүй байж боломгүй нэг тийм нандин юм байдаг юм.

-Залуу байхад хайрын захиа ирдэг байв уу?

Д.Төмөрцог: Яахав ээ. Захиа ирдэг л байсан. Нуугаад яахав. Одоо ч захиа ирнэ гэж юу байхав. Орчин цагт цахимаар л сэтгэгдлээ хэлж, бичих юм. Тэр болгонд хариу бичээд байх хэцүү шүү дээ. Надад хайртай, дуртай гэсэн юм байхгүй ч "Улаан фэн нь шүү" гэж их баярын сэтгэгдлээ хэлдэг дээ.

Хэрэв дуучин болоогүй бол наймаачин болчихсон ч байх юм бил үү. Бурхан цаанаас нь “Цогоо чи яв. Ард түмнээ баясга. Эх орноо баясга” гээд явуулсан байх. Тэгээд л 30 жил тайзнаас буухгүй явж байна даа.

-“Хурд”-ын оргил үе гэвэл?

Д.Ганбаяр: Оргил үе гэхээр бидэнд бүх тоглолт оргил байдаг. Энэ жаахан тийм болов уу гэж үзэгчдээ голж, тоолж явсангүй. Уран сайхны кино гурваас дээш үзэгчтэй бол театруудаар гарч байх ёстой гэдэг шиг "Хурд" хамтлаг бас тийм зарчимтай. Ахынхаа ачааны машин дээр эсгий дэвсч байгаад хөгжмөө ачаад Дархан, Эрдэнэт хотыг тойроод явж байлаа. Тэр бүхний зүтгэл юм даа. Автобусаар тоглолт хийнэ гэдэг зардлыг нь дийлэхгүй хэцүү байсан үе шүү дээ.

Харин бид сэтгэл зүрхнээсээ урлагт хайртай учраас бүхий л төрлийн машинд сууж үзлээ. Ачааны машинаас авхуулаад лимузин машинд ч сууж үзлээ. Арай л кранд дүүжлэгдэж явсангүй./инээв/

Бид урлагт 30 жил болсон байна. Гэхдээ бид онгирохгүй. Монголчууд “Хурд”-ын “Цэргийн бодол”, “Эх орон”, “Чи минь байгаа болохоор”, “Би Монголтойгоо адилхан” дуун дээр нэгдэж чаддаг. Хангалттай ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж, алга ташилтаар урам зориг авч, дуу хөгжмөөрөө соён гэгээрлийг түгээж явна. “Хурд” хамтлаг гарч ирснээрээ дуунд хайртай сэтгэлийг нэг шатаар ахиулсан гэж боддог.

-“Хурд” хамтлаг 30 жилийн дараа хэр өнөр өтгөн болсон бэ?

Д.Ганбаяр: Анх "Хурд" хамтлагт Д.Отгонбаяр, Т.Наранбаатар бид гурав л байлаа. Дараагаар нь Д.Төмөрцог, Д.Отгонбаатар нар маань нэмэгдсэн. Тэгсэн нэг нэг эхнэр авчихаар 10-уулаа болно. Хүүхэд төрүүлэхээр 15-уулаа гээд улам олуулаа болсон. Хамгийн өнөр гэр бүлтэй нь Д.Наранбаатарынх.

Манайх гурван хүүтэй. Ер нь урлагийн салбарт өсч үржихийн бэлгэдлээр өсч өндийж байна. Бүгд хөгжимд хайртай, урлагаас холдож чадахгүй. Манай хүүхдүүд ч гэсэн аавынхаа мэргэжлээр хөгжимчин болохоор нэг хүү маань Германд урлагийн сургуульд сурдаг. Ямар ч байсан 40 гарсан байх.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж