
“Сайхан хот – Сайхан амьдрал” сэдвийн доор БНХАУ-ын Шанхай хотноо үргэлжилж буй Дэлхийн Экспо – 2010 үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсыг дэлхийн тавцанд сурталчлах “Монголын өдөр” арга хэмжээ ирэх сарын 13-ны өдөр болох гэж байна. “Монголын өдөр” арга хэмжээний үргэлжлэл болох Монгол Улсын хот байгуулалтын салбарын “Тал дундах хот” бизнес форум ирэх сарын 14-нд болох юм. Энэхүү форум нь Дэлхийн Экспогийн хүрээнд зохион байгуулах Монгол Улсын албан ёсны арга хэмжээ бөгөөд форумыг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Монгол Улсын Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам хамтран зохион байгуулах юм байна. Форумын үеэр Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, дэд бүтцийн салбарын бодлогын талаар илтгэлүүд тавин, Засгийн газраас дэд бүтэц, хот байгуулалт, уул уурхайд түшиглэсэн хот байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төслүүдийг танилцуулах аж. Түүнчлэн тус арга хэмжээний хөтөлбөрт Shanghai Stock Exchange, Shanghai Metal Exchange-ийн үйл ажиллагаатай танилцах аялал мөн орох аж. Уг бизнес форумд Хятадын төдийгүй Экспод оролцож буй улс орнуудын барилга, уул уурхай, банк, санхүүгийн салбарын томоохон хөрөнгө оруулагчид оролцох төлөвтөй байна. Монголоос оролцох бизнес эрхлэгчдийн бүртгэл Гадаадын хөрөнгө оруулалтын газар дээр энэ сарын 27-ныг хүртэл болох юм.
Б.Анхаа