Д.Амарбаясгалан: Ирэх сонгуульд нэр цэвэр хүмүүсийг дэвшүүлнэ

Хуучирсан мэдээ: 2023.05.24-нд нийтлэгдсэн

Д.Амарбаясгалан: Ирэх сонгуульд нэр цэвэр хүмүүсийг дэвшүүлнэ

Д.Амарбаясгалан: Ирэх сонгуульд нэр цэвэр хүмүүсийг дэвшүүлнэ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2023.05.24/ мэдээлэл хийх үеэрээ “Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар УИХ-ын гишүүн асан 23 хүнийг хууль бус асуудалд холбогдсон гэдгээр намын зүгээс хариуцлага тооцож, сонгуульд нэр дэвшүүлээгүй. Ирэх парламeнтад ч бас нэр цэвэр, ёс зүйтэй, иргэдийг төлөөлөх чадвартай хүмүүсийг нэр дэвшүүлнэ” гэж мэдэгдэв.

Гэвч нэр цэвэр гэсэн тодотгол дотор нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хамаарал бүхий компани нь зээл авсан байсан гишүүд нь багтаж, УИХ-ын сонгуульд нэр дэвшин, дахин парламентын гишүүнээр сонгогдсон төдийгүй сайд болж давхар дээл нөмөрсөн жишээ бий. Тухайлбал, Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал “ЖДҮХС-гаас авсан зээлээ төлсөн” гэдгээ нүүр номын хуудсаараа дамжуулан жиргэж байв.

Бизнес эрхлэгчдээсээ эхлээд жирийн иргэд нь жилийн 20-30 хувийн хүүтэй зээл авч, өрнөөс өрний хооронд амьдарч байхад МАН Засгийн эрхийг авсныхаа дараа эрх мэдэлд ойр боломжоо ашиглан хамгийн бага нь 950 сая төгрөгийн зээл авсан баримт ил болсон нь үнэндээ ард иргэдийнхээ боломжийг хулгайлсан үйлдэл болсон юм. Учир нь, дээрх зээл нь жилийн гурван хувийн хүүтэй олгогддог. Ийм зээл жинхэнэ ЖДҮ эрхлэгчдэд олддоггүй хэр нь УИХ-ын гишүүдэд олдож, түүгээр бизнесээ тэтгэх нь тэтгэж, банк бус санхүүгийн байгууллагад эргэлдүүлж, мөнгө хүүлснийхээ дараа эргэн төлөлт хийсэн нь үнэндээ шударга ёсонд нийцээгүй. Тэгвэл 2024 оны УИХ-ын сонгуулиар ч мөн л МАН нэр цэвэр хүмүүсээ УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлнэ гэх амлалт нь хоосон уриа болох уу ажил хэрэг болох уу гэдгийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын давхар алба хашиж буй Д.Амарбаясгалангийн нүүдлээс харж болно гэсэн үг. Учир нь тэрбээр 2017 онд хамаарал бүхий компанидаа мөн л ЖДҮХС-гаас зээл авсан баримт ил болж байсан. Тиймээс энэ удаагийн сонгуулийг өнжих үү, эсвэл сайд Н.Учрал шиг ширлээд УИХ-ын сонгуульд орох уу гэдгээс нэр цэвэр хүмүүсийг нэр дэвшүүлж чадах эсэхийг харах болж байна.

УИХ-ын сонгуулийн тухай хууль холимог тогтолцоотой болсон нөхцөлд даргын хүрээнийхэн гол төлөв УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж, бололцоо нээгдэнэ. Тэр ч утгаараа МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын алба хашиж буй Д.Амарбаясгалангийн хувьд намын жагсаалтад хоёрдугаарт бичигдэж мэдэхээр байгаа. Харин хэлсэн үгэндээ эзэн болох эсэхийг жилийн дараа болох сонгуулиас л мэдрэгдэнэ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж