АНУ, Хятадын харилцааг зөөллөх хуучин бууны хугархай

ХҮМҮҮС

АНУ, Хятадын харилцааг зөөллөх хуучин бууны хугархай

АНУ, Хятадын харилцааг зөөллөх хуучин бууны хугархай

АНУ дахь Хятадын Элчингээр хамгийн богино хугацаатай ажилласан хүн бол Цин Ган. Түүний өмнөх Элчин сайд Цүй Тианкай нь АНУ-д найман жил ажилласан. Өнгөрсөн оны сүүлээр Цин Ган Хятадын Гадаад хэргийн сайдаар томилогдсоноор Вашингтон дахь Элчин сайдын яам хагас жил шахам эзгүйрлээ. Эзгүй яамыг эзэнтэй болгож Цин Ганы оронд Элчин сайдаар томилогдсон, Гадаад хэргийн дэд сайд асан Ши Фэнийг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцолж байна.

НОМЫГ НЬ ҮЗЭЖ, НОГООТОЙ ШӨЛИЙГ НЬ ИДСЭН ГАДААД ХАРИЛЦААНЫ МЭРГЭЖИЛТЭН

Ши Фэн нь 1964 онд Хятадын зүүн эргийн Жиансү мужид төрсөн. Хятадын Гадаад хэргийн их сургуулийг 1986 онд бакалаврын зэрэгтэй төгсмөгцөө тэр холбогдох яаманд ажиллаж эхэлжээ. Карьерынхаа эхний жилүүдэд тэр Баруун Европын хэрэг эрхлэх хэлтэс, Боловсон хүчний хэлтэс, Мэдээллийн хэлтэс зэрэгт албан тушаал хашсан байна. Улмаар 1989 онд Мальта дахь Хятадын Элчин сайдын яаманд томилогдсон. Тяньаньмэний хядлагатай холбоотойгоор энэ бол Хятадын гадаад харилцааны хувьд тун чухал жил байв. Дараа нь 1990-1993 онд гуравдугаар зэргийн нарийн бичгийн даргаар дэвшсэн.

Харин АНУ, Хятадын харилцаатай холбогдож эхэлсэн нь 1993 он юм. Тэрбээр 1993 онд Гадаад хэргийн яамны Хойд Америк, далайн хэрэг эрхлэх хэлтэст ажиллаж эхэлсэн. Энэ хэлтэстээ тэр долоон жил ажилласны эцэст 2000 онд Вашингтон дахь Хятадын Элчин сайдын яаманд хэлтсийн даргаар томилогджээ. Энэхүү томилгоо нь гурван жилийн хугацаатай байсан. Томилолтоо дуусгаад тэр 2003 онд Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч болсон.

Улмаар мөн ондоо Бээжин дэх Гадаад яамандаа буцаж ирсэн юм. Энд тэр Хойд Америк, далайн хэрэг эрхлэх хэлтэстээ үргэлжлүүлэн ажиллажээ.

АНУ дахь Хятадын Элчин сайдын яамны зөвлөхөөр 2008 онд томилогдох үедээ тэр Ерөнхий сайдын орлогчоор ажиллаж байв. Тухайн үед Хятад улс Бээжингийн өвлийн олимпийг зохион байгуулсан. Дараа нь 2010 оны аравдугаар сард Гадаад хэргийн яаманд буцаж ирээд Хойд Америк, далайн хэрэг эрхлэх газрынхаа захирал болжээ. Энэ хугацаандаа тэр Хятадын хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэг болох Жэньминь их сургуульд төрийн удирдлагаар мастер хамгаалсан байна.

ХЯТАДЫН НЭР ХҮНДИЙГ ӨНДӨРТ ӨРГӨГЧ

Хойд Америк, далайн хэрэг эрхлэх газарт дөрвөн жил ажилласны эцэст Ши Фэн 2014 онд Индонези дахь Хятадын Элчингээр томилогдсон. Жакартад гурван жил болохдоо тэр Хятадын Зүүн Өмнөд Азитай харилцах харилцааг зохицуулах ажилд ханцуй шамлан орсон юм. Тийм ч учраас Ши Фэнг энэ албан тушаалд байх хугацаанд Индонези дахь Хятадын нэр хүнд илэрхий дээшилсэн. 2014 оныг хүртэл Индонези, Хятад хоёр улс алсын зайны хамтрагчид байсан бол Ши Фэнгийн үеэс хойш ойрын түншүүд болжээ. Түүгээр ч үл барам Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо тухайн жил анх удаа Бээжинд айлчилж байв. Дараа жил нь Хятадын дарга Ши Жиньпин Ази-Африкийн бага хурлын 60 жилийн ойн хүрээнд Индонезид айлчилсан.

Индонезид гурван жил ажилласны дараах зогсоол нь Хонгконг байв. Түүнийг Хонгконг дахь Хятадын Гадаад хэргийн яамны тэргүүнээр томилж, дэд сайдын түвшинд хүртэл дэвшсэн. Энэ хугацаанд Хонгконг хамгийн их үймээнтэй байсан гэхэд болно. Хэдийгээр Гадаад хэргийн яам нийгэм, улс төрийн тогтвортой байдлыг хангахад оролцдоггүй ч Ши Фэн Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дипломат үр дагаврын талаар таниулсан нь гарцаагүй.

АМЕРИКТ ХУРИМТЛУУЛСАН ТУРШЛАГА

Тэр Хонг Конгоос буцаж ирснээсээ хойш АНУ, Хятад хоёрын хоорондох маргааныг зуучлах ажилд оролцож байна. Шинжаанд геноцид үйлдсэн гэх барууны мэдэгдлийг эсэргүүцэхийн тулд тэрбээр 2021 оны тавдугаар сард Латин Америкийн дипломатчдаас бүрдсэн томоохон төлөөлөгчдийг Шинжаан руу дагуулан иржээ.

Энэ явдлаас хойш хоёр сарын дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шерман Хятадад айлчлах үед Ши Фэн түүнтэй уулзсан. Тэрбээр Вашингтоноор шийдүүлэхийг хүссэн асуудлуудаа энэ үеэр танилцуулжээ. Тухайлбал, АНУ-д өгөх хүртэл Канад улсад гэрийн хорионд байсан Huawei компанийн гүйцэтгэх захирал Рэн Жэнфэйгийн охин Мэн Ванжоугийн эсрэг тавьсан ялыг хэрэгсэхгүй болгох хүсэлт тавьсан.

Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси өнгөрсөн оны наймдугаар сард Тайваньд айлчилсны дараа Ши Фэн Хятадад суугаа АНУ-ын Элчин сайд Николас Бөрнсийг хоёр удаа дуудаж уулзаж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Хятадын дарга Ши Жиньпин нарыг Балид уулзах үед Ши Фэн хамт байлцсан.

Хятадын Коммунист намын 20 дугаар их хурлын үеэр тэр Төв хороонд сонгогдсон. Энэ үед л ажиглагчид Ван Игийн дараа хэн Гадаад хэргийн сайд болох, цаашилбал, Цин Ганы залгамж халааг хэн авах талаар сэжиг таамаг дэвшүүлж эхэлсэн гэхэд болно.

Цин Ганы залгамж халааг авах магадлалтай хоёр нэр дэвшигч байсан. Нэг нь Их Британи дахь Хятадын Элчин сайд Жэн Жэгуан байсан бол нөгөөх нь Ши Фэн байв.

Ши Фэнийг сонгосон нь мэдээж түүний дипломат туршлагатай хамгийн их хамаатай. Түүнчлэн Ши Жиньпин, Ван И нартай ойр дотно байдагтай нь ч холбоотой. Мөн Ши Фэн нь Жэн Жэгуаныг бодвол АНУ-тай харилцах тал дээр илүү арвин туршлагатай байжээ.

Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яамны дэд ахлагчаар ажиллаж байсан Уильям Билл Клейн хэлэхдээ “Ши Фэн бол нөхцөл байдал, тэргүүлэх чиглэлээсээ хамаараад болгоомжтой, уян хатан ажилладаг хүн” гэжээ. Гэсэн хэдий ч түүнд дайчин чонын бүх хэв шинж бий. Хятад улс Ши Фэнийг АНУ-д илгээсэн нь Бээжин барууны ертөнцөд дахин ойртож магадгүй гэсэн итгэл найдварыг илтгэнэ.

Ямартай ч Ши Фэнийг Элчин сайдаар томилогдсон АНУ-ын албаныхан ам сайтай байна. Тухайлбал, Төрийн департментын нэгэн ажилтан түүний тухай "Тэр бол мэргэжлийн хүн, тэр маш чадварлаг. Бид түүнийг олон жилийн өмнөөс Вашингтонд байх үеэс нь мэднэ. Түүнийг Гадаад хэргийн яаманд 30 гаруй жил ажилласан гэж бодож байна. Тэр энд олон удаа ирж байсан" гэж ярьжээ. Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер ч бас "Бид шинэ томилогдсон Элчин сайд болон түүний багтай хамтарч ажиллахыг тэсэн ядан хүлээж байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-25 202.55.188.109

АНУ хятадтай сөргөөлдөх нь маш гүнзгий шалтгаантай. 19902-д оноос өмнөх ЗХУ адил. Хэрвээ Хятад АНУ-тай сайн харилцая гэвэл Горбочёвын аргаар л явна. Өөр зүйл үгүй. Одоо хятад маш хүнд сорилтын өмнө ирсэн. Тэр бол задрал. АНУ үүнийг хийж байж харилцаагаа сайжруулна

Avatar

Нэргүй 2023-05-25 103.254.123.68

Ардчилалаас өмнө Монгол улс бүх салбарын боловсон хүчнээ бэлддэг, Монгол эх оронч үзэлтэй, хүн бүхэн сэтгэл зүрхнээсээ ажилладаг үе, түүх байсийм аа!!!
Ардчилалыг анархизм болгож, улс орноо цөлмөн хулгайлах, идэж, ууж баяжихын дон туссан буруу бодлогоор явсаны гай, муу үр дагавар бол өнөөдрийн байдал, цаг хугацаа, түүхийн шүүлтүүрийн өмнө ирээд дэлбэрч байна. Нар гарнаа!!!
Гэтэл Гадаадын улс орнууд алсын хараатай, боловсон хүчнээ яаж бэлдэж , улс орноо яаж хөгжүүлдэгийн амьд жишээг хар!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж