Мажориторийн алдаа: 76 "хулгайч"

Хуучирсан мэдээ: 2023.05.24-нд нийтлэгдсэн

Мажориторийн алдаа: 76 "хулгайч"

Мажориторийн алдаа: 76 "хулгайч"

Монголд сайн, муу хоёр мэдээ байна. Сайн нь, манай үе, үеийн дарга нарын болон үр хүүхдийнх нь хулгай баримт нотолгоотойгоо олон нийтэд ил тод болж байна. Муу нь, тэд улсаа арай ч дээ гэмээр тоножээ.  Хөгжлийн банкны зээл, нүүрсний хулгай, төмөр замын авлига, төрийн сангуудын луйвар гээд хувь, хувьсгалгүй нийлж, нэгдээд төрийн мөнгийг ёолтол нь цусалсан байна. Томчууд нь томоор, багачууд нь бага гэлтгүй, сайд нь салбараасаа, Төрийн ордныхон нь төрөөсөө хулгай хийж ирсэн байна. Улсын мөнгө тоноогүй улстөрч олоод ир гэвэл энэ нь өвсөн дотроос зүү хайхаас хэцүү, хамгийн зэвүү нь тэд хулгай хийх боломжоосоо салахгүй, хулгайх хийх боломжийг нь бүрдүүлж өгдөг тогтолцоогоо хамгаалж үлдэхийн төлөө үхэлдэх болсон.

1.

Шил дараалан дэлгэгдэж буй хулгай, луйвруудаас харахад төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө гэж бүр байхгүй. Зөвхөн ялсан намын, эрх мэдэлтэй дарга нарын, эхнэр хүүхдийнх нь, мөн тэдний цүнх баригчдын мөнгө байж иржээ.  Хулгай хийсэн нь хууль шүүхээр явах нь мэдээжийн хэрэг. Гэвч, Монголын хууль, шүүхийн ноён нуруу өнгө, мөнгөн дээр хугардаг нь,  арван мянган төгрөг хулгайлсан “ард” шоронд сууж, арван тэрбумын авлига авсан  дарга гэм зэмгүй үлддэг нь жишиг явдал, жигшим үзэгдэл болсон.

Төвлөрсөн их мөнгөн дээр хяналт хариуцлагыг тогтолцоог бий болгохгүйгээр улсаа тонодог улстөрчдийн хулгай барагдахгүй. Тэгвэл тэрхүү хяналт, хариуцлагын тогтолцоо нь юу вэ. Гол асуулт энэ?

2020 оны сонгуулиар МАН нийт саналыг 44.9 хувийн дэмжлэгтэйгээр парламентын 62-уулаа /81.6 хувь/ болсон. Холимог системээр сонгууль явуулсан тохиолдолд МАН 34, АН-19, Та бидний эвсэл-6, Зөв хүн Электорат Эвсэл-4, Шинэ эвсэл-4 суудал авах байсан гэсэн судалгаа бий.

Мажоритори тогтолцоо нь сонгогчдыг мөнгөтэй хүмүүсийн “хэтэвчинд” оруулдаг.  Улс төрийн намууд нь, хувь улстөрчид нь мөрийн хөтөлбөрөөрөө уралдахаас илүү мөнгөөр уралдахад хүргэдэг тогтолцоо юм.  Тиймээс л Д.Ганбат бидон тарааж, “Оргил”-ын Ж.Ганбаатар чихэр тараасан хэрэг шүү дээ. А.Адъяасүрэн тойргийнхондоо хивс тараагаад явж байгаагийн цаана авлига нь байна, хулгай нь ч байна гэсэн үг.

2008 оны сонгуулиар Ардчилсан намын амалсан нэг сая төгрөгийн “Эрдэнийн хувь”-ийг давж МАН 1.5 сая төгрөгийн “Эх орны хишиг” өгөхөө зарлаж байв. Шинэ жил, цагаан сараар УИХ-ын гишүүд ахмадуудад, хүүхдийн баяраар багачуудад гарын бэлэг өгдөг  нь нэг ёсондоо сонгогчдын саналыг нь худалдаж авах гэсэн арга заль нь.  Ард нь төсвийн мөнгөний хулгай, луйвар явагддаг.  Тойргийн мөнгө нэртэй дөрвөн тэрбум төгрөг нэг ёсондоо гишүүдийн төрийн бусаараа дамжуулан угаадаг, иддэг мөнгө болсон. УИХ-ын гишүүн болсноор орлого нь огцом өсдгийн гол нууц нь энэ. Хуучин гишүүнээ шинээр сольсон ч төр дэх хулгай, луйвар нь  бахь, байдгаараа байгаа нь тогтолцооны гажиг.

2.

Монголчуудад нэг буруу ойлголт байдаг. УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл болохоос дарга нар биш. УИХ-ын дарга нь чуулганы хуралдаан даргалах үүрэгтэй хүн  болохоос УИХ-ын гишүүдийн дарга биш. З.Энхболд УИХ-ын дарга байхдаа УИХ-ын гишүүдийн дарга шиг авирладаг байсан нь үүний нэг илрэл. З.Энхболдын ёжлоод байгаа 126 гэх тооны ард авлига хулгай бууруулах асуудал яригдаж байгааг  УИХ-ын дарга явсан хүн ойлгохгүй байна гэж үгүй.  Эрүүгийн хуулийн “хүчиндэх” заалттай харьцуулж байгаа нь дарга анги дабль стандарттай байдаг тогтолцоогоо авч үлдэх гэсэн арга ядсан санаархал нь байх.

Гишүүдийн тоог нэмснээр хулгайчдын тоог нэмэх нь гэж иргэд бухимдаж байна. Эсрэгээрээ гишүүдийг тоог нэмснээр 76 даргатай биш 126 төлөөлөлтэй болох юм.  Нэг гишүүний кнопны эрх мэдэл буурна. Хамгийн сүүлийн жишээ нь, нүүрсний хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэх үед гишүүдийн кнопны үнэ 1-2 тэрбумд хүрсэн гэх цуу яриа Төрийн ордноос дэгдсэн. Мэдээж, овоо босгосон болоод л шаазгай шагширсан байлгүй.

ҮХНӨ-ийн хүрээнд гишүүдийн тоог 126 болгох, тэдний 40 хувийг жагсаалтаар 60 хувийг тойргоос сонгохоор  УИХ-д суудалтай намууд нэгэнтээ тохирсон.

Холимог тогтолцооны давуу тал нь УИХ жалга, довны хэрүүл хийхээс илүүтэй том бодлого ярьдаг, сонгогчдын эрхийг төлөөлдөг төлөөний байгууллага болж хувирна. УИХ-ын гишүүд сонгогчдын сайн, сайхны төлөө төсвийн мөнгөөр Богд Зонхавагийн хөшөө, Булганд айрагны өргөө барьж өгөх гээд зүтгээд байгаа юм биш.  Төрийн, төсвийн мөнгөнөөс хулгайлж, хумслахын тулд ямар нэгэн ажил хийсэн гэж олон нийтэд харагдах зорилготой. Ардчилсан намын үед хэрэгжүүлсэн “Шинэ сум” хөтөлбөр бол Женко, З.Энхболд хоёрын халаасаа зузаатгах гэсэн арга байсан.

Тиймээс Монголоор дүүрэн хулгай луйврыг цэгцэлье гэвэл Ардын намын ахмадуудын эсэргүүцээд байгаа мажоритори тогтолцоог халахаас өөр гарц, гаргалгаа алга. Мажоритори тогтолцооны гайгаар улсаасаа баян улстөрчид олон болсон байна. Монголоор сонин юу байна гэвэл улстөрчдийн хулгай, луйвар л байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж