"Тесла" компанийн гүйцэтгэх захирал Элон Маск энэ оны дөрөвдүгээр сард Хятадад очиж, шинэ үйлдвэр барих асуудлыг хэлэлцсэн. Улмаар төсөлд гарын үсэг зурах ёслол дөрөвдүгээр сарын 9-нд болж байв. Хятад бол АНУ-ын дараа орох "Тесла"-ийн хоёр дахь том зах зээл юм.
Тэгвэл "Тесла"-ийн дараагийн шинэ үйлдвэрийг Энэтхэгт байгуулж магадгүй байна. Тодруулбал, энэ оны эцэс гэхэд үйлдвэр барих байршлыг албан ёсоор зарлах аж. "Wall Street Journal"-ын сэтгүүлч Элон Маскаас Энэтхэгийг сонирхож үзэх үү гэж асуухад "Мэдээж" гэж хариулжээ.
Энэтхэгийн Технологийн дэд сайд Ражеев Чандрасехар өнгөрсөн долоо хоногт "Тесла"-ийн удирдах албан тушаалтнуудтай уулзсан. Тэрбээр энэ уулзалтын дараа ярилцлага өгөхдөө "Тесла компани Энэтхэгт үйлдвэр байгуулах төлөвлөгөөгөө нухацтай авч үзэж байгаа. Тэд Энэтхэгийг үйлдвэрлэл, инновацийн бааз гэж харж байна. Энэтхэг дэх амбиц, хөрөнгө оруулалт нь амжилт дагуулах болно гэдгийг бид тэдэнд ойлгуулсан" гэж Ражеев Чандрасехар хэлжээ. "Тесла" компани Энэтхэгт үйлдвэрээс гадна цахилгаан автомашины батерей үйлдвэрлэхээр төлөвлөж байна.
Элон Маск энэ оны эхээр Мексикт томоохон үйлдвэр барьж магадгүй гэж зарласан. Энэ нь таван тэрбум ам.доллараар үнэлэгдэх төсөл бөгөөд цахилгаан автомашин үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том үйлдвэр болно гэж байв.
Эх сурвалж: REUTERS