СУДАЛГАА: 15-18 насны сурагчдын сонгуулийн талаарх ойлголт нь СӨРӨГ байна.
“Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 15-18 насны сурагчдын улс төрийн ойлголт, оролцоог тодорхойлох” судалгааг “Зориг сан” ТББ-аас “Залуу манлайлал хөтөлбөр”-ийн оролцогчид болох “Яасан бэ?” төслийг баг, “Нийгэм Улс Төрийн Боловсрол” НҮТББ хамтран хийжээ. Судалгаанд Улаанбаатар хотын Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн төрийн өмчийн болон хувийн нийт 40 ЕБС-ийн 1,146 сурагчийг хамруулсан байна.
Уг судалгаагаар 15-18 насны залуучуудын улс төрийн оролцоо, сонирхол болон улс төрийн мэдээлэл, мэдлэг авч байгаа эх сурвалж, сонгуулийг юу гэж боддог, улс орны ирээдүйд итгэх байдал зэрэг хэд хэдэн асуудлыг тодруулжээ.
Яагаад 15-18 насныханд улс төрийн ойлголт, боловсрол чухал вэ?
15-18 насны залуучууд насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар улс төртэй холбоотой сэдвээс хол байж, томчууд ч тэднийг энэ сэдвээс “хасаж” ханддаг. Гэтэл тэд хоёр, гуравхан жилийн дараа насанд хүрч, сонгуулиар саналаа өгч, улс орны ирээдүйтэй холбоотой шийдвэрт оролцох болно. Тэдний улс төрийн суурь ойлголт, боловсрол сул байвал сонгуульд оролцож санал өгөх, бие даасан сонголт хийж чадах, эсэхэд шууд нөлөөлдөг. Тиймээс удахгүй сонгогч болох тэдний улс төрийн идэвх, оролцоо, хандлага, ойлголт ямар байгааг судлах, анхаарах нь чухал ач холбогдолтой.
Улс орнуудад залуучуудынхаа улс төрийн идэвх, оролцоог нэмэхийн тулд энэ төрлийн боловсролыг бага наснаас нь олгохыг чухалчлан сургалтын хөтөлбөртөө тусгах болсон. Мөн жишиг сонгууль явуулах, мэтгэлцээнийг хөгжүүлэх, сайн дурын клубуудыг ажиллуулах зэрэг арга хэмжээ авч буй. Тухайлбал, Англи, Норвеги, АНУ зэрэг оронд бага ангиас нь иргэний боловсрол, дунд ангийн сурагчдад тусгайлсан хөтөлбөрийн дагуу улс төрийн боловсрол олгодог аж. Норвеги улсад гэхэд 2020 онд ардчилал, иргэншлийн талаар цогц ойлголт өгөх Kunnskapsløftet хөтөлбөрийг шинээр нэвтрүүлж, 4-7-р ангийн сурагчдад хичээлийн 385 цагаар дамжуулан улс төрийн талаар илүү дэлгэрэнгүй, цогц ойлголт өгдөг болсон байна. Мөн Европын Холбооны орнуудын ерөнхий боловсролын сургуулийн 6 болон 7 дугаар ангийн сурагчдад зориулсан 2 жилийн хугацаанд хичээллэх “Улс төрийн шинжлэх ухаан” хичээлийн хөтөлбөрийг боловсруулж, 2019 оноос нэвтрүүлжээ. Энэхүү хөтөлбөр нь аливаад шүүмжлэлтэй ханддаг, ардчиллын талаарх ухамсартай, Европын ирээдүйн иргэдийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулах зорилготой. Олон улсын жишгийг даган манай улс залуу үеэ мэдээлэлтэй, идэвхтэй иргэн болоход шаардлагатай мэдлэг, ур чадвар, зан чанарыг эзэмшүүлэх хөтөлбөрийг нэвтрүүлэх шаардлагатай.
СУДАЛГААНЫ ҮР ДҮН
Судалгаанаас гарсан зарим сонирхолтой үр дүнг танилцуулж байна. Судалгааг бүрэн эхээр нь үзэх бол ЭНД https://issuu.com/yasanbeee/docs/_-_-_-_ дарна уу.
Судалгааны үр дүнг гаргахдаа 2021 онд “Конрад Аденауэр” Сангийн дэмжлэгтэйгээр “Нийгэм улс төрийн боловсрол” НҮТББ-ын гүйцэтгэсэн 17-26 насны залуучуудаас авсан “Z үеийн залуучуудын улс төрийн оролцоо” судалгааны үр дүнтэй харьцуулжээ.
ЕБС-д сурч буй 15-18 насны сурагчдын улс төрийн талаар сонирхох байдал СУЛ, оролцоо ИДЭВХГҮЙ байна.
15-18 насны шинэ, залуу сонгогчдын улс төрийн суурь мэдлэгийг гэр бүлийн гишүүдээс авдаг.
Улс төрийн талаар хэн нэгэнтэй ярилцаж, санал солилцдог, эсэхийг асуухад судалгаанд оролцсон сурагчдын 15% нь “огт үгүй” гэсэн бол 85% нь “тийм” гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл, тэдний 85% нь ямар нэгэн байдлаар улс төрийн талаар яриа өрнүүлж, санал солилцдог байна. Хэнтэй, ямар түвшинд улс төрийн талаар ярилцаж, санал солилцож байгааг лавлабал, гэр бүлийнхэнтэйгээ, тэр дундаа эцэг, эх, өвөө, эмээтэйгээ энэ сэдвээр илүү ярилцдаг байна. Харин 55% нь багш, 68% нь бусадтай улс төрийн талаар “огт” ярилцаж, санал солилцдоггүй гэжээ.
Сонгуульд санал өгөх болбол өөрийн үзэл бодол гэхээс илүү бусдын санаа бодлыг харгалзаж сонголт хийх хандлагатай байна.
2021 онд “Конрад Аденауэр” Сангийн дэмжлэгтэйгээр “Нийгэм улс төрийн боловсрол” НҮТББ-ын гүйцэтгэсэн 17-26 насны “Z үеийн залуучуудын улс төрийн оролцоо” судалгааны үр дүнтэй харьцуулан харвал, энэхүү судалгаанд оролцсон 15-18 насныхан өөрийн байр сууриас илүү бусдынхыг харгалзан сонголт хийх хандлагатай байна. Судалгаанд оролцож буй 15-18 насны залуус гэр бүл, найз нөхдийн сонголт болон цахим орчинд өрнөж буй хандлага, тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан сонгуульд саналаа өгнө гэж хариулжээ.
15-18 насны сурагчдын сонгуулийн талаарх ойлголт бусад насны бүлгийн залуучуудаас илүү СӨРӨГ байна. Тодруулбал, 15-18 насныхан сонгуулийг “мөнгөтэй хүмүүсийн өрсөлдөөн”, “сонгогчдыг төөрөгдүүлж, хууран мэхлэх байдлаар төрд гарах арга”, “бохир аргаар төрд шургалах оролдлого” гэж хариулсан байна.
15-18 насны сурагчдын эх орны ирээдүйдээ итгэх итгэлгүй, ГУТРАНГИ байна. Тэдний 10% нь л Монгол Улсын ирээдүйд итгэлтэй, 54% нь итгэлгүй байна.
15-18 насны сурагчид нийгмийн эерэг өөрчлөлтийг авчрах, шударга байдал, нийгмийн салбаруудад /боловсрол, эрүүл мэнд гэх мэт/ тогтолцоог сайжруулах сонирхол томчуудын адил хүсч байна.
Хэдийгээр 15-18 насны сурагчдын хувьд улс төрийн идэвх, оролцоо сул, улсын ирээдүйд итгэх итгэл гутранги байгаа ч улс төрийн талаар илүү мэдлэгтэй, оролцоотой байх сонирхол өндөр байна. Судалгаанд оролцогчдын 63% нь улс төрийн талаарх мэдлэгээ тэлэх, сургалт авах сонирхолтой байна. Мөн нийгэмд эерэг өөрчлөлтөд өөрсдөө оролцох хүсэл маш өндөр байна. 15-18 насны сурагчдын 91% нь нийгмийг эерэг өөрчлөлт авчрах сайн дурын ажилд оролцохыг хүссэн байна.
Холбоотой мэдээ