Хятадаас АНУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан Цин Ган өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тушаал дэвшиж, Гадаад хэргийн сайд болсон. Цин Ганыг Хятад буцсанаас хойш АНУ дахь Элчин сайдын яам хэдэн сар эзгүй байв. Тэгвэл Хятадын шинэ Элчин сайд Ши Фэн өчигдөр /2023.05.23/ АНУ-д хүрэлцэн ирлээ.
Тэрбээр Нью-Йорк хотод газардсаныхаа дараа "Ноцтой хүндрэл, сорилттой байгаа энэ үед хоёр улсын харицлааг сайжруулахыг зорьж байна. Яриа хэлэлцээгээ нэмэгдүүлж, санал зөрөлдөөнөө зохицуулан, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцаагаа зөв замд оруулна гэж найдаж байна. Тайвань гэх мэт эмзэг, чухал асуудлуудыг зөв шийдвэрлэхийг, амьдралын янз бүрийн давхаргын бүхий л америк хүнтэй харилцахыг тэсэн ядан хүлээж байна" гэж хэлжээ.
Хоёр улсын харилцаа өнгөрсөн оны наймдугаар сард болсон Нэнси Пелосийн айлчлалаас хойш ахиц муутай байгаа билээ. Нөхцөл байдал сүүлийн долоо хоногт улам ширүүссэн байж магадгүй. Тухайлбал, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан саяхан Хятадын Гадаад хэргийн сайд асан Ван Итэй Венад уулзсан. Мөн ирэх долоо хоногт Хятадын Худалдааны сайд АНУ-ын худалдааны дээд албан тушаалтнуудтай уулзаж магадгүй байна.
Ши Фэн нь 10 гаруй жилийн өмнө АНУ-д дипломатчаар ажиллаж байжээ. Энэ үеэс хойш дэлхий ертөнц болон АНУ маш их өөрчлөгдсөн гэж тэр хэлжээ.
Ши Фэн ийнхүү АНУ-д томилогдон ирсэнд Вашингтоны албан тушаалтнууд ам сайтай байна. "Тэр бол мэргэжлийн хүн, тэр маш чадварлаг. Бид түүнийг олон жилийн өмнөөс Вашингтонд байх үеэс нь мэднэ. Түүнийг Гадаад хэргийн яаманд 30 гаруй жил ажилласан гэж бодож байна. Тэр энд олон удаа ирж байсан" гэж Төрийн департментын нэгэн ажилтан хэлжээ. Түүнчлэн Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер хэлэхдээ "Бид шинэ томилогдсон Элчин сайд болон түүний багтай хамтарч ажиллахыг тэсэн ядан хүлээж байна" гэлээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ