ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишустин Хятад улсад айлчилж байна. Тэрбээр Хятадын дарга Ши Жиньпин даргатай уулзаж, дэд бүтэц, худалдааны асуудлаар хэд хэдэн хэлэлцээр байгуулна гэж Оросын Гадаад хэргийн яам мэдэгдэв.
Эх сурвалжийн мэдээлснээр Мишустин Даваа гаригийн шөнө Шанхайн нисэх онгоцны буудалд газардсан бөгөөд түүнийг хоёр талын Элчин сайд нар угтан авсан байна. Шанхайд тэрбээр Орос-Хятадын бизнес форумд оролцож, нефть-химийн судалгааны хүрээлэнгээр зочилж бөгөөд тэнд байгаа Оросын бизнесийн хүрээллийн төлөөлөгч нартай уулзсан байна. Орос-Хятадын бизнес форумд барууны хориг арга хэмжээнд орсон Оросын бизнесийн хэд хэдэн магнатууд, тэр дундаа бордоо, ган, уул уурхайн гол салбарууд болон эрчим хүчний асуудал эрхэлдэг бизнесменүүдийг урьсан гэж "Bloomberg" мэдээлжээ. Мишустиний айлчлалтай холбоотойгоор өчигдөр Шанхай дахь ОХУ-ын Консул болон форум болсон газруудад цагдаагийн хамгаалалтыг нэмэгдүүлсэн байжээ.
Хятад улс нь өнгөрсөн жил Оросын эрчим хүчний хамгийн том хэрэглэгч болсон. Хэрэв Хятад улс Оросоос их хэмжээний байгалийн хий аваагүй бол барууны хориг арга хэмжээнээс болж Москвагийн хийн экспорт огцом буурах байв.
Мишустин өнөөдөр Бээжин хотод айлчилж, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Цян болон дарга Ши Жиньпин нартай хэлэлцээ хийнэ. Тэрбээр Орос улсаас Хятадад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтаа нэмэгдүүлэх хүсэлтээ илэрхийлжээ. "Оросын хөдөө аж ахуйчид Хятадын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох, нийлүүлэх ургамал, амьтны гаралтай бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд бэлэн байна" гэж Мишустин онцолжээ. Мөн Хятад улстай дэвшилтэт технологийн салбарт илүү ойр дотно хамтарч ажиллах хүсэлтэй гэв.
Хятад, Орос хоёр улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн хамтын ажиллагаа, дипломат харилцаагаа эрчимжүүлж, Украинд түрэмгийлснээс хойш стратегийн түншлэлийн харилцаа улам бүр ойртож байна. Гэсэн ч Хятад улс нь энэ дайнд төвийг сахисан байр суурийг баримталж, өнгөрсөн хоёрдугаар сард талуудын хооронд энхийн гэрээ байгуулах санаачилгыг гаргасан.
Сүүлд Москва хотноо өнгөрсөн гуравдугаар сард болсон чуулга уулзалтын үеэр Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг Бээжинд айлчлахыг урьсан.
Шинжээчдийн үзэж байгаагаар Хятад улс Оростой харилцах харилцаанд тэргүүлэх байр суурийг эзлэх болсон бөгөөд Москвагийн олон улсын тусгаарлалт гүнзгийрэх тусам түүний нөлөө улам бүр нэмэгдсээр байна.
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE
Холбоотой мэдээ