Боловсролын зээлийн сан /БЗС/-тай холбоотой асуудлаар "шүгэл" үлээж хууль бус үйлдлийг илчилсэн гэгдэж байгаа Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмааг ажилд нь буцаан авах шийдвэрийг салбарын сайд нь гаргаж, уучлал гуйгаад буй. Энэ талаар О.Сийлэгмаагаас тодруулахад "Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр намайг яамны байранд дуудаж, уучлалт гуйсан.
Надад ажлын санал тавьсан ч би ажиллах бодолгүй байгаагаа хэлсэн. Үнэхээр хүнд нөхцөлд яаж ажиллах юм бэ. Шүүхийн эвлэрэнгээр ажил дээр очиход намайг хараад эвэртэй туулай үзсэн юм шиг харилцаатай байдаг хүмүүс дунд ганцаараа очиж юу хийх вэ.
Би салбарын сайдыг олон нийтэд хандаж, уучлалт гуйхыг хүлээж байна. Ажлын хэсэг байгуулах гэж байгаа юм байна. Би итгэхгүй л байна. Боловсрол, шинжлэх ухааны яам, Сангийн яамны буруу гэж өөрсдийг нь буруутгасан хүнтэй хамтран ажиллаад үр дүн гарах болов уу. Гэхдээ намайг л буруутгах болов уу гэж айж байна. Миний гар утас руу дугаараа нууцалсан дугаар залгахаар нь авахгүй байгаа. Ер нь их айдастай байна" гэв.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нүүр номдоо "Өчигдөр О.Сийлэгмаатай уулзаж, буруу ташаа мэдээллийг залруулж, албан ёсоор уучлал гуйж, хуучин албаны даргын албан тушаалд буцааж томилох үүргийг өгсөн. Мөн БЗС-нд Сангийн яам болон манай яамны хамтарсан шалгалтын ажлын хэсэгт орж ажиллах саналыг тавьсан. Асуудлыг зөв болгохын тулд ширээний хоёр талд биш ширээний нэг талд хамт суугаад сангийн цоорхой, зөв буруу, алдаа оноог ил болгож, засаж залруулж, хүүхдүүддээ шударга ил тод, суралцах боломжийг нээж өгөх ёстой" гэж мэдэгдээд буй. Гэвч О.Сийлэгмаа одоогоор ажилдаа эргэн орох бодолгүй байгаагаа хэлсэн юм.