АНУ-ын засгийн газар өчигдөр /2023.05.23/ Хойд Солонгосын дөрвөн байгууллага, нэг хувь хүнд хориг арга хэмжээ авчээ. Эдгээр байгууллага болон хувь хүн нь Пёньяны зэвсгийн хөтөлбөрийг санхүүжүүлдэг хууль бус кибер үйл ажиллагаанд оролцсон.
"Хойд Солонгос нь хоморголон хөнөөх хууль бус зэвсэг, баллистик пуужингийн хөтөлбөр зэрэг Ким Жон Уны дэглэмийг дэмжихийн тулд мэдээллийн технологийн чиглэлийн ажилтнуудаар хорлон сүйтгэх кибер үйл ажиллагаа байнга хийлгэдэг" АНУ-ын Сангийн яам мэдэгдлээ.
Хориг арга хэмжээнд өртсөн байгууллагуудын нэг нь Пёньяны Автоматжуулалтын их сургууль юм. Тус сургууль нь хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулдаг кибер мэргэжилтнүүдийг бэлтгэх үүрэгтэй бөгөөд төгсөгчдийн ихэнх нь Тагнуулын ерөнхий газрын харьяа кибер ангиудад үргэлжлүүлэн ажилладаг. Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх Техникийн тагнуулын товчоо болон түүний харьяа 110 дугаар судалгааны төвийг мөн хоригт хамруулжээ. Техникийн тагнуулын товчоо нь Хойд Солонгосын довтолгооны кибер тактик, багаж хэрэгслийн хөгжүүлэлтийг хариуцдаг. Хоригт хамрагдсан дөрөв дэх байгууллага нь Чинён мэдээллийн технологийн хамтын ажиллагааны компани юм. Орос, Лаос улсад үйл ажиллагаа явуулдаг БНАСАУ-ын мэдээллийн технологийн зарим ажилтан тус компанид харьяалагддаг.
Түүнчлэн Владивостокт амьдардаг Хойд Солонгосын иргэн Ким Санг-манд хориг арга хэмжээ авчээ. Ким Санг-маныг Чинён компанийн хилийн чанад дахь хойд солонгос ажилчдын гэр бүлийн гишүүдэд цалин олгох ажилд оролцсон гэж таамаглаж байна.
"Өнөөдрийн хориг арга хэмжээ нь Хойд Солонгосын хууль бус зэвсгийн хөтөлбөрийг санхүүжүүлдэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг онцлон харууллаа. АНУ нь Хойд Солонгосын хууль бусаар орлого олох үйл ажиллагаа, дэлхийн өнцөг булан бүрт байгаа санхүүгийн байгууллага, виртуал валютын бирж, компаниуд болон хувь хүмүүсээс мөнгө хулгайлах оролдлоготой тэмцсээр байна" гэж Сангийн яамны Терроризм, санхүүгийн тагнуулын асуудал эрхэлсэн орлогч Брайан Нелсон хэлжээ.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ