Сурвалжлага: Хүүхдийн автобуснууд хонхны баярын "халтууранд" явж байна

Хуучирсан мэдээ: 2023.05.24-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хүүхдийн автобуснууд хонхны баярын "халтууранд" явж байна

Сурвалжлага: Хүүхдийн автобуснууд хонхны баярын "халтууранд" явж байна

"Төрсөн гэр шигээ дасал болсон
Эрдмийн саруул ордноо мартахгүй ээ
Төгсөх оюутны сэтгэлийн дуу шиг
Уяхан цэнхэр хавраа мартахгүй ээ" гэх дуу цангинан, Сүхбаатарын талбай өнгө өнгийн дээл, хослолоор гоёсон залуус цэцэг тэврэн баяр хөөртэйгөөр зургаа даруулцгаана. Төгсөлтийн баяр, хонхны баяр хүний амьдралын хамгийн дурсамжтай, мартагдахааргүй өдөр. Нойргүй хоносон олон шөнүүд, хичээж мэрийсэн хүндхэн өдрүүдийн шагнал болон ирж буй энэ өдрийг төгсөгч бүр гайхалтай байлгахыг хүсэх нь лавтай. Монголчууд ч хэзээнээсээ энэ өдрийг өргөн дэлгэр тэмдэглэж гаршсан улс. Мөнгө ч харамгүй цацна. Хүлээн авалт, автобус, амралт гээд л жилээс жилд зардал нь ихэсдэг. Тэгвэл энэ жил оюутнууд хонхны баяртаа хичнээн төгрөг зарцуулж байна вэ? Тэдний хэлж буйгаар ихэнхи зардал нь автотбус, амралтын газарт зарцуулагдаж байгаа аж.

МУИС-ийн төгсөх курсын оюутнууд зөвхөн зугаалгандаа 245 мянган төгрөг зарцуулж байна. Тодруулбал, амралтын газар хоёр хоноход өдрийн 85 мянган төгрөг, Улаанбаатараас Тэрэлж хүртэл ирж очиход 45 хүний суудалтай нэг автобус 500 мянган төгрөг аж. Тэгвэл МУБИС-ийн төгсөх курсын оюутнууд зугаалгандаа 275 мянган төгрөг төсөвлөжээ. Тэдний хувьд хүүхдийн гэх тодотголтой шар автобусыг Улаанбаатараас Тэрэлж хүртэл ирж очиход 500 мянган төгрөгөөр түрээслэсэн байна.

12, 24, 45 хүний суудалтай автобуснуудын түрээс маршрут, хугацаанаасаа шалтгаалан 200-250 мянган төгрөгөөс эхэлнэ. Автобус түрээсийн үйлчилгээ үзүүлдэг газрууд одоо л амьсгаа авахтайгаа болж байна. "Автобус түрээс" гэх газартай холбогдоход тавдугаар сарын захиалгууд дүүрч, одоо л их ажлын ард гарч байгаа гэв. Харин зургадугаар сард харьцангуй ачаалал багатай байгаа ч наадам дөхөхөөр албан байгууллагуудын аяллын захиалга орж ирдэг учир зун тун завгүй байдаг ажээ.

2019 оны зарын мэдээллийг харахад 24 хүний суудалтай автобус өдрөөр түрээслэхэд 100-120 мянган төгрөг, 45 хүний суудалтай автобус өдрийн 180-200 мянган төгрөгөөс эхэлдэг байжээ. Харин одоо доод үнэ 200 мянган төгрөгөөс эхэлж байна.

Автобус эрэлт ихтэй байгаатай адил амралтын газрууд ч өдөр бүр амрагчид хүлээн аваад завгүй байна. Байшин орныхоо тооноос хамааран өдрийн 140 мянган төгрөгөөс эхэлж байгаа бол монгол гэр 100 мянган төгрөг гэж үнэ заажээ. Тэрэлжийн мөнгө хураах цэг ч ачааллаа дийлэхгүй тэнд нь автомашинууд, том автобуснууд бөглөрч, иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа тухай иргэд цахим хуудаснаа бичээд амжив.

Амралтын газрын өдрийн багц 45-85 мянган төгрөгийн хооронд байна. Арван жилийн бага, дунд ангиа төгсөгчид өдрөөр захиалга өгөх нь түлхүү байгаа бол арван жил, их сургуулийн төгсөгчид доод тал нь нэг хоногоор захиалга өгч байгаа аж.

Удахгүй хонхны баяр нь болох АШУҮИС-ийн төгсөх курсын оюутнууд зугаалгандаа 300 мянган төгрөг зарцуулахаар тооцоолжээ. Үүнээс гадна ромбо, дипломны хураамж, хүлээн авалт гээд 250 мянган төгрөг цуглуулжээ. Харин ХААИС-ийн төгсөгчид зөвхөн хүлээн авалт, монтаж, ромбо, дипломдоо 300 мянган төгрөг, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн төгсөгчид 350 мянган үрсэн гэнэ. Ингээд бодохоор шинэхэн төгсөгч зөвхөн хонхны баярынхаа хөтөлбөрт 550-800 мянган төгрөг зарцуулж байна. Тэгээд л гоёлын хувцас, гоо сайхан, гангараа гээд явж өгөх нь лавтай. Арван жилийн төгсөгчид ч аав, ээжийнхээ халааснаас багагүй мөнгө гаргуулж байгаа биз.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж