Эдийн засаг, хөгжлийн яамнаас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болоод бусад дагалдах хуулийн төслүүдийг боловсруулж байгаа юм. Тиймээс дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчдад тулгамддаг асуудал болоод хуулийн өөрчлөлтөд тусгах саналын талаар байр суурийг тодруулан хүргэж байна.
"МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧИН БУСАД УЛСТАЙ ӨРСӨЛДӨХҮЙЦ БАЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА"
АНУ-ын Худалдааны танхимын Монголын Бодлого хариуцсан захирал Г.ЖАВХЛАНТӨГС:
-Өнгөрсөн хугацаанд Оюутолгойн гүний уурхай нээлтээ хийлээ. Гуравдагч хөршийн айлчлалууд ар араасаа үргэлжиж байгаа нь хөрөнгө оруулалт идэвхижих сайн дохио. Эдийн засаг тэлхийн хэрээр хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн хүлээлт их байна. Ялангуяа ашигт малтмал, уул уурхайн салбарыг гадаадынхан их сонирхож байна. Гэхдээ өнөөдөр Монгол Улсад үйлчилж байгаа хууль эрх зүйн орчин хөрөнгө оруулагчдыг хангалттай хэмжээнд татаж чадахааргүй байна. Тийм учраас хөрөнгө оруулагчдыг татах хууль эрх зүйн шинэчлэл чухлаар тавигдаж байна. Хууль эрх зүйн орчноо шинэ түвшинд гаргаж чадвал Монгол Улсын эдийн засаг тэлэх боломжтой. Одоогийн хууль эрх зүйн орчныг аваад үзвэл эдийн засгаа дэмжих, тэлэх хэмжээнд биш байна. Хөрөнгө оруулалтад саад болоод байгаа хэд хэдэн чухал асуудал байна. Тэр дундаа хэд хэдэн төрлийн татварын асуудал бий.
Тухайлбал, төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсны орлого дээр давхар татвар ногдоод байна. Эцсийн эзэмшигчид оногдох татварыг Монгол дахь эзэмшигчээр төлүүлэх зохицуулалт нь олон улсын хуулиудыг зөрчиж байна гэж үзэж байна.
Хоёрдугаарт, АМНАТ-ыг тооцох аргачлал нь жишиг үнээр тооцдог. Жишиг үнээр тооцохоор шат дамжлага бүрт нь АМНАТ тооцогдож байгаа нь татварын хэт дарамтыг бий болгож байна. Жишиг үнэд суурилсан аргаар биш ашигт суурилсан буюу тухайн өдрийн бирж дээрх зах зээлийн ханшаар татвар тооцох нь зөв. Тэгэхгүй жишиг үнэ гэж зохиож татвар тооцдог биш тухайн үед бирж дээр ямар ханштай байна түүгээр нь тооцож татвар авах нь зүйтэй. Гуравдугаарт, Хувьцаа борлуулсан орлогод ногдох суутган татварын тухайд нийт 20 хувийн татвар тооцож байна. Энэ нь олон удсад өндөр татварт орж байна. Бусад улс оронд энэ төрлийн татвар 14 хувьтай байдаг. Угтаа татварыг ашгаас нь тооцох ёстой байтал орлогоос нь тооцдог нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
Дөрөвдүгээрт, татварын маргаан шүүхээр эцэслэн шийдэгдэх эсэхээс үл хамааран ногдуулалтын акт, торгууль, хүү алдангийг 100 хувь шууд төлүүлэх парктик үйлчилж байна. Бүр дансанд нь байрлуулдаг. Тэгэхгүй бол дансыг нь хаадаг.
Тухайлбал, Францын Ерөнхийлөгч Макроны айлчлалын үеэр яригдсан "Бадрах энержи" компанийн дансыг хаачихсан байгаа. Яагаад хаасан гэхээр татварын маргаантай учраас. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтын талаар яриад баййдаг. Бодит байдал дээр нөгөө гараараа бүхнийг хаачихаад байна. Тийм учраас эдгээр асуудлыг шийдэж татварын орчинг тогтворжуулах ёстой. Хөрөнгө оруулалтын орчин бусад улс оронтой харьцуулахад өрсөлдөхүйц байж чадахгүй байна. Хэрэв Хөрөнгө оруулалтын хуульд татварын урамшуулал олгох талаар тусгахгүй бол Татварын хуульдаа багц шинэчлэл хийх хэрэгтэй.
"ТАТВАРЫН ХЭМЖЭЭ БАГА ГЭДЭГ Ч ТАТВАРЫН БАЙЦААГЧДЫН ХАНДЛАГААС ОЛОН ЗҮЙЛ ШАЛТГААЛДАГ"
Европ Монголын хамтарсан худалдаа, аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Б.ЗАНДАН:
-Эдийн засгийн өсөлтөө харвал бидэнд боломжууд байна. Геополитикийн нөхцөл байдал хүндрэлтэй хэвээр байна. Ложистикийн хувьд импортын үнийн өсөлт өндөр байгаа хэдий ч Укриан ОХУ-ын дайн бидэнд ганцхан сул тал авч ирээгүй. Давуу талыг ч бий болгож байна. Тухайлбал, Польш, Францын ерөнхийлөгчүүд айлчиллаа. Гуравдагч хөршүүд Монгол Улсад ач холбогдол өгч байна. Бид энэ давуу талаа чулуу болгож чадвал боломжууд байна. Гэтэл бодит байдал дээр хөрөнгө оруулалтын орчин таатай биш байна. Энэ үед Хөрөнгө оруулалтын хууль, Ашигт малтмалын хуулийг шинэчлэх асуудал яригдаж байгаа нь талархууштай. Ганцхан хууль эрх зүйн орчин биш ерөнхий орчноо сайжруулах шаардлагатай байна.
Нийт гадаадын хөрөнгө оруулалтын 77 хувь нь уул уурхай, бөөний болон жижиглэнгийн худалдаа 6 хувь, санхүү даатгал 3 хувь, барилга 1.4 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайгаас бусад салбарт гадаадын хөрөнгө оруулалт маш бага хувь эзэлж байна.
Хөрөнгө оруулалтаа солонгоруулах асуудал яригдаж байгаа ч гол даац авч байгаа уул уурхайн салбараа сайн дэмжиж байж бусад хөрөнгө оруулалтууд орж ирнэ. Уул уурхайн салбарыг аваад үзэхээр асуудал олон байна. Тухайлбал, уул уурхайн хайгуулын лицензийг нэг компаниас нөгөө рүү шилжүүлэхэд татварууд өндөр тавигддаг. Монгол Улсын татварын орчин маш барьцгүй.
Татварын хэмжээ бага гэдэгч татварын байцаагчдын хандлагаас олон зүйл шалтгаалдаг. Олон янзын татварын шаталсан сонголтоос татварын байцаагч өөрийн үзэмжээрээ сонгож татвар ногдуулдаг дабль стандарт тогтчихсон.
Уул уурхайн хайгуул хийхийн тулд компаниуд өөрсдөөсөө их хэмжээний зардал гаргаад тодорхой хэмжээний нөөцтэй хэмээн өөр компанид лицензээ шилжүүлэх гэхээр татвар нь гэрээний үнээр биш төслийн нийт үнэлгээнээс тавигдах жишээтэй. Хууль эрх зүйн орчин хөрөнгө оруулагчдад ийм ээлгүй байхад ямар компани орж ирж хайгуул хийж буян үйлдэх вэ. Түүнээс гадна хайгуулын лицензээ огт ашиглаагүй төрд буцаахад буцаасан лиценз дээр нь татвар оногдуулж байна.
Мөн уул уурхайн ашиглалтын лицензийг Монгол Улсаас авсан бол хаана ч хүчин төгөлдөр үйлчлэх ёстой. Гэтэл орон нутагт очиход газар ашиглах зөвшөөрөл авах, орон нутаг хөгжүүлэх гэрээ байгуулдаг. Нэгэнт Монгол Улсын засгийн газраас зөвшөөрөл олгосон бол хаана ч хүчин төгөлдөр баймаар байна.
Европын холбооноос сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхол их байна. Гэтэл 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний хууль батлагдаж доллараар тарифыг зааж өгсөн байдаг.Гэтэл долларын хэлбэлзлээс хамаарч төр засгийн худалдаж авах тариф өссөн. Гэтэл Эрчим хүч худалдаж авах гэрээ байгуулсан хэрнээ одоо тухайн үеийн тарифаар төр мөнгөө төлж чадахаа больсноос болж асуудал үүсгэсэн. Хоёр талд үл ойлголцол, маргаан үүсэхэд маргаан таслах шүүхийн процесс асар удаан. Нийт 1.6-16.2 жил шаарддаг. Дунджаар 6.2 жил шаарддаг гэх судалгаа гарсан байна. Энэ бол хөрөнгө оруулагчдыг үргээх бас нэг хөшүүрэг.
"ГАДААДЫНХАН СОНИРХОЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ТОМООХОН ТӨСЛҮҮД ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЛД БАЙНА"
Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Ц.ТҮМЭНЦОГТ:
-Цар тахлын дараа дэлхий нийтийн чиг хандлагыг харахаар цахим, технологийн өөрчлөлт идэвхитэй явагдаж байна. Цаашлаад худалдааны цоо шинэ хэлбэрийг бий болгож өрсөлдөөн гэрлийн хурдаар хэмжигдэж байна. Мөн бүхий л бизнес, хөрөнгө оруулалт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг байх төлөв харагдаж байна. Гуравдугаарт, бүс нутгийн аюулгүй байдалд анхаарч байна. Хөрөнгө оруулалтын орчныг 2009 онд Оюутолгойн гэрээ байгуулагдсан цагаас хойш үеийг аваад үзвэл Монгол Улсад оруулсан нийт хөрөнгө оруулалтын 70 орчим хувь нь уул уурхайн салбарт тэр дундаа Оюу Толгой төсөлтэй холбоотой байна.
Оюутолгойн хөрөнгө оруулалтыг хасаад уул уурхайн бус хөрөнгө оруулалтыг авч үзвэл хөрөнгө оруулалтын хэмжээ хангалтгүй байна. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээт, Монгол Улсад хөрөнгө оруулалт, худалдаагаар дагнасан агентлаг байдаггүй нь гадныханд тодорхойгүй байдал үүсгэж байна. Нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулалттай ААН-ийг бүтгүүлэхэд өндөр татвар хураамжийн босго тогтоож байгаа нь хөрөнгө оруулагчид орж ирэх өртөгийн нэмэгдүүлж байна.
Хөрөнгө оруулагчдад тулгамддаг олон бэрхшээлийг засахын тулд Засгийн газар, УИХ-аас анхаарч байгаа нь талархууштай. Оюутолгойн хөрөнгө оруулалт дуусч байна. Дараагийн томоохон хөрөнгө оруулалт хаанаас, аль салбарт орж ирэх нь чухал асуудал. Гэтэл гадныханы сонирхож, хөрөнгө оруулах томоохон төслүүд болох эрчим хүч, төмөр зам, газрын тосны төслүүд бүгд Засгийн газрын мэдэлд байна. Эдийн засгийн төлөв байдлыг харах юм бол өөдрөг төсөөлөлтэй байна. олон улсын байгууллагуудын төсөөллөөр Монгол Улсын эдмйн засаг 5.6 хувийн өсөлттэй байхаар байна. Цаашлаад 40 орчим сая тонн нүүрс экспортолж чадвал 10 хувь хүртэл өсөх боломжтой гэдгийг холбогдох яамны төлөөлөл мэдэгдэж байгаа учраас хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр ажиллах ёстой. Хөрөнгө оруулалт гэдэг бол итгэл дээр суурилсан урт хугацааны түншлэл байдаг.
Монгол Улс далайд гарцгүй, дэд бүтэц сайн хөгжөөгүй учраас уул уурхайн хайгуул хийгээд олборлоод, түүнийгээ тээвэрлээд, борлуулж зардлаа нөхөж, ашгаа хүртэх гэхээр далайд гарцтай, дэд бүтэц хөгжсөн, биржийн тогтолцоотой улс орнуудтай ижил хэмжээний жишиг үнийн татвар тогтоосноор татварын дарамт үүсгэдэг.
Олборлоод, тээвэрлээд аль нэг боомт дээр авирах нь өөрөө том хэмжээний татвар болчихоод байна. Монгол Улсын татварын орчны хувь хэмжээ бага юм шиг мөртлөө дөнгөж эхлэлийн шатан дээрээ дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа хөрөнгө оруулагчдад өндөр хувь хэмжээ болж байна. Нэгэнт л хөрөнгө оруулагчдыг урьж байгаа бол далайд гарцгүй гэдгээс өөр бусад бүх боломжийг нь нээж өгөх ёстой. Монгол Улсад хөрөнгө оруулбал ингэж дэмжэнэ, тэгж хматарч ажиллана гэсэн эерэг мессэжийг өгч байж бидний өрсөлдөх чадварт эерэг үр дүн гарна. Зарим хүмүүс “Чингис хааны өлгий нутаг Монгол Улсыг хүн бүхэн сонирхож байна” гэж бодоод байна. Тийм биш ээ. Хөрөнгө оруулагчид татварын орчин, хөрөнгө оруулалтын нөхцөл, ямар боломжууд байна вэ гэдгийг л харж байна.
Холбоотой мэдээ