Тэр эмээгийн эрх танхил охин. Эмээ нь түүний үнэнч дэмжигч. Зээ охиныхоо амжилт бүрийн ард сэтгэл зүрхээрээ дэмжиж, урам хайрласаар ирсэн эмээ нь түүний амьдралын утга учир. Тэд хамтдаа маш хүнд бэртлийг даван туулж, амжилт гаргаж чадсан. Тэд одоо ч хичээсээр байгаа. Хамгийн сүүлд Лхагватогоогийн Энхрийлэн дэлхийн дэвжээнээ Монгол Улсынхаа нэрийг гаргаж, ДАШТ-ний хошой хүрэл медальтан болсон. Түүнийг жүдогийнхон Хөдөлмөрийн баатар Д.Сумъяагийн буухиаг үргэлжлүүлж яваа ирээдүйтэй тамирчин гэж үнэлдэг. Ингээд Үндэсний шигшээ баг, "Сүлд" спорт хороо, "Блю драгон" компанийн тамирчин ОУХМ Л.Энхрийлэнтэй уулзаж, цаашдын хүсэл мөрөөдлийнх нь талаар ярилцсанаа хүргэе.
-Уншигчдынхаа өмнөөс жүдо бөхийн ДАШТ-ээс хошой хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе?
-Баярлалаа. Би өнгөрсөн 2022 оны жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Тиймээс энэ жилийн тэмцээнээр Дэлхийн аварга болно гэсэн зорилгыг өөртөө тавьсан. Гэвч өмнөх амжилтаа бататгаж, хошой хүрэл медаль хүртлээ. Чамлахаар чанга атга гэдэг. Маш их баяртай байна.
–Хоёр жил гаруй бэртэл гэмтлээсээ болоод хүссэн барилдаанаа үзүүлж чадаагүй. Энэ үед юу бодогдож байв. Шантрах үе байсан уу?
-Тамирчин хүний хамгийн том дайсан бэртэл гэмтэл байдаг. Шантрах гэхээсээ илүү спортдоо эргэн ирж, хүсэл мөрөөдөлдөө хүрч чадна гэсэн сэтгэл зүйтэй байсан гэх үү. Тамирчин хүн бэртэл авсны дараа сэтгэл зүй маш өндөр байх ёстой юм билээ. Ер нь хагалгаа 40 хувь, үлдсэн 60 хувь нь нөхөн сэргээх дасгалаас хамаардаг.
Би нөхөн сэргээх дасгалаа өглөөнөөс орой болтол тасралтгүй хийж, эргэн ирэхийн төлөө бүхнээ зориулсан. Хүнд бэртлийн дараа амжилт гаргаж, бусдад ингэж болдог гэдгийг харуулж чадсандаа маш их баяртай байна.
-Бас 2016 оны сүүлээр БНХАУ-д болсон Чиндаогийн гран прид зодоглож байхад өвдөг нь хүнд бэртсэн. Тухайн үед дахин барилдах боломжгүй гэдэг хариултыг эмчээс сонсч байсан гэдэг?
-Би эмээтэйгээ Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж, бэртлээ үзүүлж, зураг авхуулсан юм. Хөлнийхөө зургийг авхуулсан чинь эмч нь “Охиных нь өвдөгний шөрмөс тасарсан байна. Энэ шөрмөсийг буцааж нийлүүлсэн ч дахин барилдахад хэцүү. Мэргэжлээ солих хэрэгтэй” гэж хэлж байсан. Эмээ бид хоёр тэр үгийг сонсоод сэтгэлээр их унасан.
Эмчийн өрөөнөөс гараад хоёулаа уйлсан. Эмээ уйлаад тайвшрахаар нь би өөр юм бодож уйлаад…Тэр үед маш хэцүү байсан.
Хүний амьдралд зовлон жаргал ээлжилдэг гэдэг. Надад тэр бэртэл гэмтэл их зүйлийг ойлгуулсан. Хүн эрүүл байхын жаргал, зорилгодоо хүрэхийн тулд бэлтгэлээ сайн хийх ёстой юм байна гэдгийг ухааруулсан.
-Эмээ нь анх охиноо бөхөөр хичээллэхэд дургүйцэж байв уу?
-Тийм ээ. Миний хүүхэд нас Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараад өнгөрсөн. Тэнд өвөө, эмээ дээрээ өссөн. Өвөө маань 2006 онд бурхан болж, эмээ бид хоёр хотод шилжиж ирсэн юм. Яагаад ч юм багаасаа их хөдөлгөөнтэй, эршүүд, сэргэлэн цовоо охин байсан. Тэр зан маань спортоор хичээллэхэд их нөлөөлсөн байх.
2008 онд Монгол Улсын анхны олимпийн аварга жүдогийн спортоос төрсөн. Миний хувьд яг жүдо бөх гэж сонгоогүй байсан ч Спортын төв ордонд ороод ирсэн. Тэгээд л 2011 оноос хойш Ц.Шийрэв багшийн удирдлагад жүдо бөхөөр барилдаж байна. Эмээ маань бөхөөр хичээллэхэд дургүйцэж байгаагүй ээ.
-Одоо бол үнэнч дэмжигч нь болсон?
-Эмээ маань надад бүхнээ зориулдаг. Надад хийж өгч чадах бүхнийг хийж өгсөн. Миний хамгийн хайртай хүн. Эмээдээ талархаад баршгүй. Охиныгоо зөв бурууг ялгаж салгаж, хүн чанартай байхыг үлгэрлэж, сургадаг.
Би анхны дэлхийн аваргын медалиа 2022 оны аравдугаар 8-нд авсан. Тэр өдөр эмээгийн маань төрсөн өдөр байсан.
Хүн болж төрснийх эмээгийнхээ төрсөн өдрөөр дэлхийн аваргын медалиар бэлэг барьсандаа маш их баярладаг. Олимпийн медаль зүүж, эмээдээ харуулахыг хүсч байна.
-Өөрт нь Энхрийлэн гэх нэрийг хэн хайрласан бэ?
-Миний нэрийг ээж минь өгсөн. Багадаа нэрнээсээ жаахан эсрэг хүүхэд байсан. Нэрэндээ их хайртай. Содон нэр учраас хүн сонсоод мартахгүй нэр байх гэж боддог. Хүүхэд байхдаа том болоод компанийн захирал ч юм уу өөр мэргэжилтэй хүн болно гэж бодож байснаас спортын хүн болно гэж төсөөлж байгаагүй. Энэ амьдралдаа хамгийн сайнаараа хичээж, сайхан амьдрахыг хүсдэг.
-Сүүлийн үед Монголын жүдо тэр дундаа эмэгтэй тамирчид шүүмжлэлд их өртөж байгаа харагдах юм. Энэ чамд их хүнд тусдаг уу. Ер нь шүүмжлэл, магтаалыг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Миний хувьд магтаалд нэг их дуртай байдаггүй. Харин шүүмжлэл сонсч өөрийгөө хурцлахыг хүсдэг. Аль болох сэтгэлээр уналгүйгээр сэтгэл чангатай байж, өөртөө ашигтайгаар эргүүлэхийг хичээдэг.
-Жиндээ дэлхийн шилдгүүдийн нэг гэж тооцогдож, тэмцээн бүрээр медаль хүртэнэ гэж яригдах дарамттай биз?
-Тамирчин болгон ялахын төлөө барилддаг. Спортод нэг нь ялж, нөгөө нь ялагддаг дүрэмтэй. Заавал медаль авах ёстой гэхээсээ илүү би жүдо бөхийн спортод дуртай, тэр зүйлээрээ амьдарч байна. Тиймээс үүнээсээ кайф авч, уран мэх хийх дуртай.
Аль болох сэтгэл зүй маш өндөртэй байхыг боддог. Би чадах болов уу гээд л хүн ер нь өөр өөртөө дайсан нь байдаг.
-Тамирчны ялалт хямдхан олддоггүй гэдгийг мэдрүүлсэн барилдаан гэвэл?
-Дэлхийн аваргаас 2022 онд анхны медаль хүртэх мөч үнэхээр сайхан байсан. Би өөрийн эрхгүй уйлсан. Дэлхийн медальтан болох гэж хүсч, хичээж байсан. Тамирчин хүнд хамгийн дээд тал нь олимп доод тал нь ДАШТ байдаг. Дээд талаасаа хоёрт нь хүрч чадсан. Сүүлд энэ амжилтаа бататгаж, хошой хүрэл медаль хүртэхэд маш сайхан санагдаж байлаа.
-Өнгөрсөн дэлхийн аваргаар Канадын Криста Дэгүчитэй хийсэн барилдааны тухай ярихгүй юу. Уг нь өнгөрсөн жил ялсан байсан шүү дээ. Сая юун дээр алдчив?
-Өнгөрсөн жил гуравдугаар тойрогтоо 2019 оны дэлхийн аварга Криста Дэгүчитэй барилдсан. Уг тамирчин маань япон гаралтай Канад улсын иргэн болсон лигонер тамирчин гэж хэлж болно. Өмнөх жилийн дэлхийн аваргаар бид хоёрын аль нэг нь ялагдвал тэмцээнээ дуусгах ёстой байсан. Тэнд өрсөлдөгчийнхөө бүх барилдааныг судалж мэдэж байсан учраас алдаа гаргахгүй нэгт явсаар байгаад торгуулиар ялсан. Хэвтээ барилдаанд орохгүйгээр хутгаж, наадаг бүх мэхийг нь судалсан байсан.
Харин энэ жил зооны аваргатай таарсан. Хэрэв өрсөлдөгчөө ялбал би алтан медалийн төлөө барилдах байсан. Би барилдаан эхлэхэд цээж гэдгэр очиж, наах мэхэнд орж, тэр чигтээ орвонгоороо эргэсэн. Тэгээд хүрэл медалийн төлөө сайн барилдахаар хичээсэн.
-Хөдөлмөрийн баатар Д.Сумъяагийн амжилтыг үргэлжлүүлж буй тамирчин гэдэг. Ер нь өөрийнх нь “дархан мэх” ямар мэх вэ?
-Би хөл тавих, үүрэх мэх хийж барилдах дуртай. Ер нь классик төрлийн мэхийг барилдаандаа ашиглахыг хүсдэг.
-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Би сая 2021 оны дэлхийн аварга Канадын тамирчинтай барилдсан. Тэр барилдааны явцад баруун өвдөгнийхөө дотуур холбоосыг гэмтээж, гуяны арын булчинг урагдсан. Бэртлээ эдгээх хэрэгтэй учраас гар дээрээ дасгал хийж байгаа. Дараагийн зорилго гэвэл оролцож буй бүх тэмцээндээ амжилт гаргаж, 2024 оны Парисын олимпийн анхны эмэгтэй олимпийн аварга болохыг маш их хүсч байна. Ойрхон болох тэмцээн гэвэл, Монголд зургадугаар сарын 23-24-нд “Мөсөн өргөө”–нд зохион байгуулах “Улаанбаатар гранд слам” жүдо бөхийн тэмцээн болно. Тэр тэмцээндээ түрүүлмээр байна. Монголчууддаа хандан хэлэхэд тамирчдаа ирж дэмжихийг уриалж байна. Та бүхний уухай түрлэгт барилдах үнэхээр огшмоор гайхалтай байдаг шүү.
Хоёр хоногийн өмнө “Blue Dragon” компаниас надад автомашин бэлэглэсэн. Өмнөх дэлхийн аваргын медалийг маань гурван өрөө байраар шагнасан байсан.
Тус компанийн хамт олонд маш их баярлалаа. Та бүхэн минь намайг дэмжээгүй бол өдий зэрэгтэй амжилтыг гаргахгүй байсан. Цаашид улам хичээж, олимпийн медальтан болох болно. Биеийн тамир спортын улсын хороо, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо, Үндэсний шигшээ багийн алба, Үндэсний шигшээ багийн багш дасгалжуулагч нар болон цуг бэлтгэл хийдэг тамирчид, найзууд, дүү нартаа маш их баярлалаа. Мөн Ч.Ажирахгүйдорж ахдаа болон эмээдээ маш их талархаж явдаг шүү. Та бүхнийхээ итгэл сэтгэлээр өдий зэрэгтэй амжилттай яваа шүү. Улам хичээх болно.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Холбоотой мэдээ