Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурлаас Нийслэлийн боловсролын газрын дарга н.Энхбаярт арга хэмжээ авахаар боллоо. Салбарынхаа ажилтай холбоотой мэдээллүүдийг болж бүтэж байгаа мэтээр танилцуулдаг боловч бодит байдал дээр ажлаа хангалттай хийж чадахгүй байна гэж хотын дарга түүнийг шүүмжилсэн байна. Ингэж дүгнэх болсны шалтгаан нь хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад Хан-Уул дүүргийн Биокомбинат дахь 10 дугаар дунд сургууль тун хэцүү байр байдалтай байгаа юм байна. Тус сургуулийн нэгдүгээр давхрын шал нь хөгцөрч муудсан тул аргагүйн эрхэнд хоёрдугаар давхартаа бүх ангиуд хичээллэх гэж буй талаар дүүргийн Засаг дарга нь мэдээлэл өгсөн юм. Байр байдлаа нийслэлийн боловсролын газрын даргад танилцуулсан ч арга хэмжээ аваагүй өдий хүрсэн гэв. Салбарынхаа ажилд хайнга хандаж, ажлаа хариуцлагагүй хийсэн гэж үзээд н.Энхбаярт арга хэмжээ авахаар болж байна. Түүнчлэн удаа дараа хариуцлага алдсан Сүхбаатар дүүргийн Засаг дарга н.Төмөрбаатарт ч хатуу сануулга өгчээ. Хотын дарга “Аль ч шатанд ажлаа хийж чадахгүй, төрийн ажлын нэр төр унагаж үлбэгэр сул ажиллаж буй нөхдийн толгойг илэхгүй. Хатуу арга хэмжээ авч байх болно” гэлээ.
Б.Анхаа
Б.Анхаа