Юу үнэн гэвэл, дарга нарын хүүхэд давуу эрхтэйгээр зээл авсан нь үнэн. Юу худлаа гэвэл, АТГ тэдний хэргийг шударгаар шалгаж, нийгэмд шударга ёс тогтооно гэдэг худлаа. Хамгийн сүүлийн жишээ болсон Боловсролын зээлийн сангийн нийтэд ил болсон мэдээллээс харвал төрийн өмч дарга нарын өмч болдог нь, төсвийн мөнгө дарга нарын хэтэвч байдаг нь бараг батлагдсан теором байжээ.
Монгол Улсад 22 төрийн сан байна. Төсвөөс бүрддэг тэдгээр төрийн сангуудийн нийтлэг төрх нэг иймэрхүү, мэдээлэлд ойр нөхдийн ах, дүү, амраг садны “буян”-ы байгууллагын хэмжээнд явж иржээ, ЖДҮ, ТЭДС, БЗС, НДС, ХААДС гэх мэтчилэн.
Үндсэндээ, өөрсдийгөө “элит” гэж боддог, энгийн иргэдээ “цагаан цаас” гэж хардаг Монголын дарга “ангийнхан” тэрхүү төрийн сангуудыг тонож баяждаг нь, тэнд гахай илүү тэгш эрхтэй байдаг нь нийгмийг баян ба ядуу гэх хоёр давхаргад хуваах хэмжээнд сэвэгдэв. Төрөлхөөсөө баян хүнд дургүй монголчуудын “пролетари” сэтгэлгээн дээр тос нэмэх тусам БЗС-гийн жинхэнэ хулгайчид ард нь гэм зэмгүй үлдэх шинжтэй.
Аливаа цуутай хэрэг нийгэмд хэр их газар авна, тэр хэрээр ял, шийтгэл хүлээх хүнгүй үлддэг нь бараг бичигдээгүй хууль болсон. Жишээ нь, ЖДҮ-гийн дуулиан байна. Ардын намынхан ах дүүстэйгээ аваад идчихсэн ЖДҮХС-гийн 72 тэрбумын хэрэгт хариуцлага хүлээж, шүүхээс ял шийтгэл авсан улстөрчид гэвэл Б.Батзориг, Н.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа нар. Гэвчиг Н.Солтан экс Ерөнхийлөгч Х.Баттулгын өршөөлөөр шоронгоос суллагдчихсан, шүүхэд 40 саяын торгууль төлсөн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нь хотын “А” бүсэд барьсан 40 тэрбумын оффистоо тансаглаж сууна.
Нийгмийг хамарсан дараагийн ээлжит нэг дуулиан нь Хөгжлийн банкны 1.6 их наядын чанаргүй зээлийн хэрэг. Энэ хэргийн шүүх хурлыг харахад эцэс сүүлдээ жинхэнэ хулгайчид нь ял шийтгэлгүй, нийгмийн “ой санамж” дараагийн дуулиандаа дарагдаад банкны тонуулчдаа бараг мартах тал руугаа орсон байна. Тэрчлэн хөхөө өвлийн хүйтэнд “нүүрсний хулгайч”-аар 17 хүнийг зарлаж асан АТГ нь мэдээлэл хийх болгондоо Х.Баттулга гэж хүнийг байцааж байгаа гэх ам тагладаг ганц үгтэй суух болжээ.
ФЕАДОЛ БА ПРОЛЕТАРИУД
БЗС-гийн зээл болон тэтгэлгээр 2368 оюутан гадаадад суралцаж, тэдний төлбөрт 363 тэрбум төгрөгийг улсаас зарцуулжээ. Гэхдээ нийгэмд сэвэгдэж буй мэдээллээс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй, хэрэвзээ 2011 онд батлагдсан Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2014 оны Журам шинэчлэн батлах тухай 71 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлийн дагуу тодорхой шалгуур, шаардлагад нь тэнцсэн тохиолдолд тухайн суралцагч баян, ядуу, дарга, цэргийн хүүхэд байхаас үл хамаараад зээл авах эрх нь нээлттэй.
Гагцхүү дээрх хууль болон журамд тэнцээгүй, “аав, ээжийн”-хээ албан тушаалын буянаар зээл/тэтгэлэг/-д хамрагдсан нөхцөлд энэ нь гэмт хэрэг хэрэг болно. Татвар төлөгчдийн мөнгөөр зээл авсан суралцагчид тухайн сургуулиа төгсч чадаагүй бол авсан зээлээ эргүүлж төлөх нь шударга ёс юм. БЗС-гийн сошиалд дэлгэгдэж буй мэдээллээс харахад бусдын боломжийг хулгайлсан нь цөөнгүй байна. Шаардлага, шалгуурт нь тэнцээд тэтгэлэг/зээл/ авсан нь ч байна. Зарим нь анхаасаа төлөх хүсэлгүй авсан зээлээ “муриад” алга болсон нь олон байна, авснаа цаг тухайд нь төлсөн нь байна. Баригдангуутаа бантаад төлдөг нь ч бас байна.
Хамгийн чухал нь, сэвж, сенсаацилаад орхих биш цаашдаа БЗС-гийн зээл/тэтгэлэг/-ийг шилэн болгох тухай шаардах ёстой. Тэгж байж хэний хүүхэд ямар шалгуураар хаанахын их дээд сургуульд хэдэн төгрөгийн тэтгэлэг /зээл/ авч суралцаж байгааг иргэд хянадаг болно, эрх баригчид болгоомжилдог болно.
Түүнээс феодалын хүүхдүүдэд тэтгэлэг олгох ёсгүй, пролетариуд авах ёстой гэвэл наанадаж Үндсэн хууль зөрчинө, цаашилбал ардчилалд харшилна. Жишээ нь, АН-ын дарга Л.Гантөмөрийн Хулан ба иргэн Л.Гантөмөрийн Хулан хоёр Үндсэн хуульд зааснаар сурах эрх хэн, хэнд нь бий. Үндсэн хуульдаа бид яс үндэс, угсаа гарвал, шашин шүтлэгээр нь гадуурхаж үл болно гэж суулгаад өгчихсөн болохоор. Л.Гантөмөр БСШУ-ын сайд байхдаа БЗС-гийн тэтгэлгийг охин Хуландаа авч өгсөн тохиолдолд энэ нь албан тушаалаа урвуулан ашигласан авлигын шинжтэй гэмт хэрэг юм. Харин сайдын албан тушаалаа өгсний дараа, гудамжинд "метрлэж" явсан Л.Гантөмөрийн охин БЗС-гийн зээлд хууль, журмын дагуу хамрагдсан нөхцөлд гэмт хэрэг биш ээ гэсэн үг. БЗС хэмээх “ялааны алуур”-ын бай нь АН, баабаа нь Л.Гантөмөр биш бол шүү дээ.
АСУУДАЛ НЬ ТОГТОЛЦООНДОО!
Зайсангийн, 20-100 сая төгрөгийн төлбөртэй хувийн сургуульд, ангидаа 10-20-уулаа, англи хэлээр суралцаж, өдөржин давтлага, дугуйлангаар хичээллэж буй “даргын” хүүхдүүд Баянхошууны ангидаа 50-уулаа, тавдугаар ангиасаа “англи хэл” үздэг борчуудын хүүхдүүдтэй харьцуулахад хамаагүй “ухаантай” байх нь аргагүй. Товчхондоо, БЗС-гийн зээл, тэтгэлгийн 90 хувийг баячууд, дарга нарын хүүхдүүд авдаг шалтгаан нь ердөө энэ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд дэлхийн шилдэг сургуульд тэнцэж чадахгүй байгаа гол асуудал нь хэлний бэрхшээл. Тиймээс л даргын хүүхдүүд нэгдүгээр ангиасаа англи хэл үзэж байгаа боломжийг борчуудын хүүхдүүдэд адил тэгш олгох асуудлыг бид хөндөх цаг болсон. УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Боловсролын багц хуульд нэгдүгээр ангиас нь англи хэл заах асуудлыг Ц.Даваасүрэн яагаад эсэргүүцээд байна вэ гэвэл өөрийнх нь хүүхэдтэй өрсөлдөх хүүхдүүд бий болн гэж айсан хэрэг байх. Тэгж ярих юм бол Оросын хөтөлбөр элитүүд бэлтгэдэг гэвэл Ц.Даваасүрэн охиноо яагаад АНУ-д сургав, бод, бод.
Ардын хүүхдүүд англи хэл сурснаар Монголын уламжлал алдагдана гэх Ц.Даваасүрэнгийн үгэнд хууртагдах тусам БЗС-гийн зээлийг Ц.Даваасүрэнгийн ач, зээ нар ахиад авна гэсэн үг. Юу үнэн бэ гэвэл, БЗС-г шилэн болгосноор хулгай, луйвар нь цэгцэрнэ. Бидний хүүхдүүд “хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөртөлж” ирдэг боломж нээгдэнэ. Юу худлаа вэ гэвэл, англи хэл мэдэхгүй ардын хүүхдүүд гадаадын их дээд сургуульд тэнцэнэ гэдэг худлаа.
Б.БАТ
Холбоотой мэдээ