Дотуур байр: Өрх толгойлсон хүүхдүүд гэх нэршил гарчээ

Хуучирсан мэдээ: 2023.05.23-нд нийтлэгдсэн

Дотуур байр: Өрх толгойлсон хүүхдүүд гэх нэршил гарчээ

Дотуур байр: Өрх толгойлсон хүүхдүүд гэх нэршил гарчээ

Дотуур байр нь хүүхдүүдэд төрсөн гэрийг нь орлодог газар. Гэтэл Монголд үүнээс эсрэг. Дотуур байрны багш болон сурагчид хүүхдийг дарамталдаг, харанхуй өрөөнд түгждэг, зоддог, гарыг нь өргүүлдэг, хэл амаар доромжилдог, байрнаас хөөнө гэж дарамталдаг, жижүүрүүд байрнаас гаргадаггүй, цэвэрлэгээ хийлгэдэг зэрэг гомдлууд хөвөрнө. Нөгөө талаасаа багшийн цалин хангамж хангалтгүй, зарим нь “дараагийн ажлаа олтлоо” түр хугацаанд хийдэг байна. Энэ асуудалд салбар яамнаас анхаарч байгаа гэдэг хариулт өгөв.

Бид ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд малчдын хүүхдүүд ихэвчлэн амьдардаг гэж төсөөлдөг. Гэтэл тэр дундаа бас ялгаатай байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Амьжиргааны хувьд боломжтой малчин өрхийн хүүхдүүд тусдаа гэр барих, өөр байранд амьдарч байгаа бол боломж багатай өрхийн хүүхдүүд ихэвчлэн сургуулийн дотуур байранд эцэг, эхээсээ хол амьдарч байгаа аж. 2020 онд дотуур байранд амьдрах хүсэлтэй 38 мянган хүүхэд байсан бол 2022 онд 35 мянга болж буурчээ. Энэ тоо яагаад буурав. Тэр хүүхдүүд хаана амьдраад байна вэ.

Сүүлийн жилүүдэд бүр өрх толгойлсон хүүхэд гэдэг ойлголт гарч байгаад мэргэжилтнүүд санаа зовниж буйгаа хэлж байв. Тэд сургууль, цэцэрлэгт сурахын тулд аймаг, сумынхаа төв дээрээ эцэг, эхээсээ хол өрх толгойлон амьдарч байгаа нь сэтгэл эмзэглэмээр. Хүүхдийн эрхийн талаас энэ бол маш ноцтой асуудал.

Улсын хэмжээнд 2021-2022 онд нийт 548 дотуур байранд 34.546 хүүхэд амьдарч, сурч байна. Тодруулбал, аймгийн төвд 50, сумын төвд 48, багийн төвд 60, нийслэлд 20 дотуур байр үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн 2022-2023 оны хичээлийн жилд 477 байр нь стандартын шаардлага хангасан, 55 нь стандартын шаардлага хангаагүй байна. Бүр тодруулбал, 1950-1969 оны хооронд ашиглалтад орсон 28 дотуур байр, 1970-1980 онд ашиглалтад орсон 292 дотуур байр байгаа гэнэ.

Бас нэг чухал асуудал нь дотуур байрны хоол хүнсний асуудал. Нэг сурагчийн хоолны зардлыг өмнө нь 3475 төгрөг байсныг 4300 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Гэвч амьдрал дээр энэ мөнгө хаанаа ч хүрэлцэхгүй байгааг хүүхдүүд учирлажээ. Мөн эмч байхгүй 19 сургуулийн эмч хугацаа нь дууссан эмийг хадгалж, хэрэглэж байсан зөрчил ч илэрсэн гэх.

"БОЛОВСРОЛЫН БАГЦ ХУУЛЬД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ДОТУУР БАЙРААР ХАНГАХ ГЭДЭГ ҮГ, ӨГҮҮЛБЭР ОРООГҮЙ"

"Дэвшилтэт бодлогын хүрээлэн" төрийн бус байгууллагын захирал, хуульч Х.Баасанжаргал:

-Төрийн зүгээс дотуур байрны асуудал боловсролын тогтолцооны салшгүй нэг хэсэг байх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Яагаад гэвэл хүлээн зөвшөөрөөгүй учраас Боловсролын багц хуулийн төсөлд дотуур байртай холбоотой асуудал орхигдоод байна. Орон нутагт амьдарч байгаа хүүхдүүдийг боловсролд тасралтгүй хамруулахын тулд зайлшгүй дотуур байртай байх шаардлагатай. Монгол орны малчин ахуйн онцлог байна. Тиймээс боловсролынхоо хууль тогтоомжид энэ талаар тусгаж, дотуур байрны стандарт, багшийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна.

Одоо УИХ-аар хэлэлцэж буй Боловсролын багц хуульд суралцагчийн нийгмийн баталгаа буюу үнэ төлбөргүй дотуур байраар хангах гэдэг үг, өгүүлбэр ороогүй. Шинэ хуулийн төслөөс хассан.

Ер нь энэ дотуур байр цаашид төлбөртэй болох юм уу. Тэгвэл хүүхдүүд боловсролоос хоцрогдох вий дээ гэсэн болгоомжлол байна. Төр болон эцэг эхчүүд дотуур байрны тодорхой хэмжээний зардлыг хариуцаж болно. Гэхдээ үүнийг маш болгоомжтой, ялгамжтайгаар хийх хэрэгтэй. Нөгөө нийгэм, эдийн засгийн боломж доогуур байгаа өрхийн хүүхдүүдийн асуудал орхигдчих вий. Тиймээс энэ асуудлыг  боловсролын хууль тогтоомжид тусгаж, тогтолцооныхоо нэг хэсэг гэж авч явах хэрэгтэй" гэв.

ДОТУУР БАЙРАНД ХҮҮХЭД ХАМГААЛАХ НӨХЦӨЛ БҮРДЭЭГҮЙГЭЭС ГАДНА САНХҮҮЖИЛТ НЬ ЦААСАН ДЭЭР ҮЛДДЭГ

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан:

-Дотуур байр нь хүүхдүүдэд төрсөн гэрийг нь орлодог газар. Тиймээс эрүүл, аюулгүй, суралцаж байх ёстой. Тэнд эрүүл мэндээ ч хамгаалуулах нөхцөл боломжийг нь хангасан байх ёстой. Сүүлийн үед дотуур байранд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо нэмэгдэж байна. Өнгөрсөн 2022 онд 30 зөрчил дотуур байранд бүртгэгдсэн байдаг. Мөн Хүний эрхийн үндэсний комиссоос хийсэн хяналт шалгалтын хүрээнд эхлээд орчны хувьд барилгын стандарт, шаардлагыг хангаж чадахгүй байна гэж дүгнэсэн. Улсын хэмжээнд ашиглаж буй нийт дотуур байрны 320 нь 1990 оноос өмнө ашиглалтад орсон байх жишээтэй.

Тэнд хүүхэд хамгаалах бодлого хэрэгжих нөхцөл бүрдээгүйгээс гадна зарцуулах санхүүжилт нь шийдэгддэггүй, цаасан дээр үлддэг юм байна.

Дээрээс нь дотуур байрны багш нарын цалин, хүртээмжийн асуудал учир дутагдалтай байна. Тэнд мэргэшсэн, ур чадвартай, бэлтгэгдсэн багш байдаггүй. Дотуур байранд аюулгүй орчинг бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн талбайд камер байршуулж болно. Гэхдээ хүүхдийн хувийн орон зайд халдаж, өрөөнд нь камер байршуулах нь буруу юм. Сүүлд манай шалгалтаар хүүхдийн орон зайд халдаж, камер байршуулсан зөрчил илэрсэн. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 74 дүгээр сургуулийн дотуур байрны охид, хөвгүүдийн өрөөнд камер байршуулсан гэх мэдээлэл ирж, газар дээр нь ажилласан.

Дотуур байрны багш хүүхдийг дарамталдаг, харанхуй өрөөнд түгждэг, зоддог, гарыг нь өргүүлдэг, хэл амаар доромжилдог, байрнаас хөөнө гэж дарамталдаг, удаан хугацаанд зогсоосноос болж хүүхэд ухаан алдсан, жижүүрүүд байрнаас гаргадаггүй, цэвэрлэгээ хийлгэдэг зэрэг гомдлууд хөвөрнө. Нөгөө талаасаа багшийн цалин хангамж хангалтгүй, зарим нь “дараагийн ажлаа олтлоо” түр хугацаанд хийдэг байна. Энэ асуудалд салбар яамнаас анхаарч байгаа гэдэг хариулт өгөв.

"ДОТУУР БАЙРНЫ БАГШ НАР 600 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВЧ БАЙНА"

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр:

-Дотуур байр бол боловсролын салбарын хамгийн муу орчин байна. Муу орчин гэдэг нь барилга байгууламжийн насжилтыг хэлж буй. Тэнд ажиллаж байгаа багш нарын цалин маш бага. Багш мэргэжил бишээр үнэлэгддэг. Бид тэрийг өөрчлөхгүйгээр багш нараас өөрчлөлт хүсэх боломжгүй. Багш нарт сайн цалин өгч чадахгүй учраас тэнд сайн боловсон хүчин очиж ажиллахгүй байна. Дотуур байрны багш 50-200 хүүхэд хариуцаж байна. Тэр хүүхдүүдэд хичээл номд нь туслахаас гадна хүүхдийн хөгжил тал дээр чухал үүрэг оролцоотой байх ёстой. Тиймээс салбарын яамнаас дотуур байрны багшийн цалинг нэмж, бага ангийн багшийн түвшинд аваачихаар зорьж байна.

Өнөөдөр тэнд ажиллаж байгаа багш нар 600 мянган төгрөгийн цалин авч байна. Харин цалинг нь нэмснээр гар дээрээ нэг сая орчим төгрөг авч эхэлнэ. Үндсэндээ энэ асуудлыг шийдэж, төсвийн тодотголоор уу, ирэх оны төсөвт тусгах уу гэдгийг шийдэх юм.

Улсын хэмжээнд 591 дотуур байр байгаа. Шинээр 40 дотуур байр баригдаж буй. Нийтдээ 620 дотуур байртай болно. Цаашдаа дотуур байрны бага, дунд, ахлах анги хариуцсан багштай болохоор зорьж байна гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж