NBA-ийн талбай дээр болон талбайн гадна хоёр ч онцлох үйл явдал боллоо. Эхнийх нь лигийн түүхэн дэх шилдэг оноо түүгчдийн нэг Кармело Энтони зодог тайлж буйгаа зарлав. Харин удаах нь агуу ЛеБрон Жэймс Лэйкерсийн хамтаар өрнөд бүсийн шигшээ цувралд хожигдлоо.
БАЯРТАЙ ГЭЖ ХЭЛЭХ ЦАГ НЬ ИРЖЭЭ
Олимпийн гурван алтан медальтай, NBA-ийн арван удаагийн бүх одод, зургаан удаа бүх NBA-ийн билэгдлийн багт нэрлэгдэж байсан Кармело Энтони 38 насандаа их спортоосоо зодог тайллаа. 2003 оны драфтын гурав дахь сонголт тэрбээр лигт 19 улирлыг өнгөрүүлж, хамгийн сүүлд Лос Анжелес Лэйкерс багийн бүрэлдэхүүнд тоглож байсан билээ.
Тэрбээр лигийн түүхэнд оноо авалтаараа есдүгээрт бичигдэж байна. Түүний өмнө ЛеБрон Жэймс, Карийм Абдул Жабар, Карл Малоне, Коби Брайант, Майкл Жордан тэргүүтэй найман тамирчин бичигдэж буй.
Кармело үдэлтийн бичлэгтээ “Би юу ч үгүй зөвхөн сагсан бөмбөгийн талбай, мөрөөдөл л байсан үеэ санаж байна. Гэхдээ сагсан бөмбөг миний гарц байсан. Миний зорилго тодорхой байсан. Намайг хүрээлж буй хүмүүс, бахархалтайгаар төлөөлж байсан хотууд, намайг дэмжиж байсан шүтэн бишрэгчид минь, тэд намайг Кармело Энтони болгосон учраас би тэдгээр хүмүүс, газруудад үүрд талархаж явдаг. Гэхдээ одоо би баяртай гэж хэлэх цаг нь иржээ. NBA-тай гашуун амттай салах ёс гүйцэтгэж байгаа ч ирээдүйд намайг юу хүлээж байгаад сэтгэл догдолж байна” гэжээ.
Түүнийг зодог тайлж, амьдралынхаа шинэ хуудсыг эхлүүлж байгаад Крис Пол, ЛеБрон Жэймс, Азиа Томас, Яннис Адетокумбо, Тайрис Халибуртон, Гордон Хэйвард, Тре Ян зэрэг сагсан бөмбөгийн одод баяр хүргэж, сэтгэлийн үгсээ илгээжээ.
ЛЭЙКЕРС БҮСИЙН ШИГШЭЭД НАГГЕТСЫГ БАРСАНГҮЙ
NBA-ийн финалд тоглох эхний багаар Денвер Наггетс тодорлоо. Тэд өнөөдөр/2023.05.23/ Крипто аренад Лос Анжелес Лэйкерс багийг 113-111 гэсэн харьцаатай хожиж, цувралд 4-0 гэж илүүрхэв. Өнөөдрийн тоглолтод Лэйкерс сайн эхлэлийг тавьсан ч Наггетс гуравдугаар үед төгс гүйцэтгэлийг харуулж, улмаар илүү гарчээ. Лэйкерсээс ЛеБрон Жэймс эхний хагаст 31 оноо авч, нийт 40 оноотой тоглолтыг дуусгасан бол Наггетсаас Никола Йокич хийдгээ хийн гурван аравт толилуулсан аж.
Ийнхүү Денвер Наггетс түүхэндээ анх удаагаа NBА-ийн финалд шалгарлаа. Тэдний өрсөлдөгч Майами Хит баг байх магадлал өндөр. Бостон Селтиксийг цувралд 3-0 гэж илүүрхэж буй тэд маргааш талбай дээрээ дөрөв дэх тоглолтыг хийнэ.
Тоглолтын дараа сонирхолтой мэдээ гарсан нь ЛеБрон Жэймс сагсан бөмбөгөөс зодог тайлах талаар бодсон гэнэ. Энэ жил 39 нас хүрэх тэрбээр 2003 онд лигт элссэн цагаасаа эхлэн өндөр түвшинд тоглож, лигийн нүүр царай болсон төдийгүй бүх цаг үеийн хамгийн агуу сагсан бөмбөгийн тамирчин гэх эцэс төгсгөлгүй маргааны гол дүр билээ.
Холбоотой мэдээ