АНУ-д гэр бүлээрээ 15 жил ажиллаж, амьдарсан Л.Лхагвасүрэнгийнх эх орондоо ирээд 12 жил болж буй. Тэрбээр Улаанбаатар хотод төрж өссөн бөгөөд экологич мэргэжилтэй. Тэр ч утгаараа хотоос илүү хөдөө нутагт амьдрахаар Дорнод аймгийг зорьсон байна.
Тэдний санаачлагаар хоёр жилийн өмнө Мэнэнгийн талд бага сургууль байгуулсан. Анх бага сургууль зургаан сурагчтай байсан бол одоо 28 сурагчтай, хоёр багштай болжээ. Тус сургуулийг орон нутгийн төсвөөр 100 сая төгрөгөөр байгуулсан гэнэ.
Энэ тухайгаа өрхийн тэргүүн Л.Лхагвасүрэн ярихдаа “Манайх гэрээсээ 400 метрийн зайтай газарт багийн бага сургууль байгуулах гэж хөөцөлдөж үзсэн. Гэтэл төрөөс зургаан жилийн хугацаанд зөвшөөрөл өгөөгүй юм. Бид өөрсдөө канад байшинд амьдардаг. Яг тэрэн шиг модоор сургууль барья гэхээр хууль дүрэмдээ цементэн байшин, эсгий гэрт сургууль байгуулж болно гэдэг. Шалтгааныг нь асуухаар орон нутгийн сургуулиуд нь дургүйцэж байна гэдэг тайлбарыг хэлдэг. Хувийн сургууль гэж ойлгоод байхаар нь би “Та нараас мөнгө төгрөг авахгүй. Сургууль байгуулаад өгье” гэсэн.
Тэгсэн аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Та Мэнэнгийн цэргийн ангийн дэргэд жижиг сургууль байгуулчихвал яах уу” гэдэг санал тавьсан юм. Би тэр саналыг нь дуртайяа зөвшөөрсөн. Матад сумын ерөнхий боловсролын сургуулийн харьяа сургууль гэж явдаг.
Малчин гэр бүл хоёр хуваагдаж, нэг жилийн 260 хоног тусдаа амьдардаг тогтолцоо маш буруу. Хүүхэд эцэг эхээсээ хол 12 жил сурах нь байна шүү дээ. Үүнээс үүдэн гэр бүл салалт, хүчирхийллийн хэрэг, аваар осол, архидалт нэмэгдэж, эсрэгээрээ нүүдэлчин уламжлалыг хадгалж буй малчдын тоо жилээс жилд буурч байна. Өнгөрсөн 30 жил энэ тогтолцоотой байхад улсаас ширхэг ч хуруугаа хөдөлгөөгүй. Энэ асуудлыг үнэхээр мэдэхгүй байгаа юм уу. Тиймээс малчдын хүүхдүүд суралцдаг сургуулийг долоо хоногийн гурван хоног хичээллүүлж, дөрвөн өдөр гэр бүлтэйгээ байх нөхцөлийг бүрдүүлэх нь чухал байна. Одоо Матад суманд багийн сургууль байгуулахаар малчид санаачлага гарган, мөнгө төгрөгөө цуглуулж байна гэнэ” гэв.
Холбоотой мэдээ