ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны дэд сайд Петр Кучеренко өнгөрсөн Бямба гаригт гэнэтийн байдлаар амиа алджээ. Тэрбээр Кубад бизнес аялал хийснийхээ дараа онгоцоор буцаж яваад бие нь муудсан. Москвагийн төлөөлөгчдийн тээвэрлэж явсан онгоц Оросын өмнөд хэсэгт ослын буулт хийсэн ч эмч нар түүнийг аварч чадаагүй аж. Үхлийн шалтгааныг хараахан тодруулаагүй байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт Лхагва гаригт гарна гэж "Звезда" агентлаг мэдээлжээ.
Петр Кучеренко нь дайныг шүүмжлэгч байсан. Тэрбээр бизнес аяллынхаа өмнөхөн сэтгүүлчтэй ярилцахдаа Оросоос явсан нь дээр гэж ярьж байжээ. "Манай улс ямар хэрцгий байгааг та төсөөлөх ч үгүй. Жилийн дараа л гэхэд та Оросыг танихаа болино. Эрх баригчид миний паспортыг булааж авсан тул явах боломжгүй байна. Энэ фашист довтолгооны дараа Оросын дэд сайдыг хараад баярлах хүн хаана ч байхгүй. Би депрессийн эсрэг болон тайвшруулагч эмүүдийг нэгэн зэрэг ууж байгаа ч үнэхээр тус болохгүй байна. Надад аймшигтай санагдаж байна. Бид бүгд барьцаалагдсан" гэж тэр ярьжээ.
ОХУ-ын Ардын жүжигчин, поп дуучин Диана Гурцкая бол Петр Кучеренкогийн эхнэр юм. Гурцкая 2008 оны "Евровидение"-д Гүржийг төлөөлөн "Энх тайван ирнэ" дуугаар оролцож байв. Тэд 2005 онд гэрлэж, хүүтэй болсон.
Дайн эхэлснээс хойш учир битүүлгээр нас барсан нөлөө бүхий эрхмүүдийн тоог Петр Кучеренко ийнхүү нэгээр нэмж байна. Тухайлбал, Энэтхэгт зочид буудлын гадаа нас барсан улстөрч, бизнес эрхлэгч Павел Антов, Москвад эмнэлгийн цонхоор унаж амиа алдсан "Лукойл" компанийн ТУЗ-ийн дарга Равиль Маганов гэх мэт олон хүнийг энд дурдаж болно.
Эх сурвалж: DAILY BEAST