"Оросын эрх чөлөөний легион", "Оросын сайн дурын корпус" бүлэглэлүүд Белгород муж руу халджээ. Эдгээр бүлэглэл нь Путиныг эсэргүүцэгч орос иргэдээс бүрддэг. Бүлэглэлийнхэн өөрсдийн телеграм хуудсандаа Украинтай хиллэдэг Белгород мужийн нэгэн сууринг чөлөөллөө гэжээ.
Белгород дахь халдлага нь ОХУ руу чиглэж хил дамнасан хуурай замын ажиллагаа эхлүүлсэн анхны тохиолдол гэж үзэж байна. Халдлага нэлээн өргөн цар хүрээтэй бөгөөд Кремльд биш юм аа гэхэд орон нутгийн эрх баригчдыг багагүй сандаргах зорилготой гэж "CNN" агентлаг мэдээлжээ. Бүс нутгийн захирагч Гладковын мэдээлснээр халдлагын улмаас наад зах нь найман хүн шархаджээ. Хуурай замын ажиллагаа Ням гаригийн шөнө эхэлсэн.
Кремлийнхэн хорлон сүйтгэх, тагнуулын бүлэг гаргахаар ажиллаж байна гэж Дмитрий Песков мэдэгдсэн. Харин Гладковын мэдээлснээр хорлон сүйтгэх, тагнуулын бүлэг, Батлан хамгаалах яам болон бусад хууль сахиулах байгууллагынхан бүгд байлдааны даалгавар гүйцэтгэхээр нутаг дэвсгэрт хэдийнэ нэвтэрчээ.
Белгородын засгийн газар иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хил орчмын тосгод болон Грайворон хотод айлуудаар орж, мэдээлэл хүргэн, тусламж үзүүлж байна. Гэхдээ хүн амын дийлэнх нь хувийн унаагаар хэдийнэ дүрвэжээ. Өөрсдөө явах боломжгүй хүмүүст Онцгой байдлын газар болон цагдаа нар хамтран тусламж үзүүлж байна.
"Оросын эрх чөлөөний легион" бүлэглэлийнхэн эх орноо Путины дарангуйллаас чөлөөлөхийг хүсч байна гэж мэдэгджээ. Тус бүлэглэл нь орчин үеийн хуягт машин, автомат зэвсгээр тоноглогдсон аж. Украины цэргүүд "Оросын эрх чөлөөний легион" бүлэглэлийг хардах маягтай байдаг ч дайны талбарт тэд өөрсдийгөө нотлон харуулна гэв. Энэ халдлага нь орос цэргүүдийн байлдааны сэтгэл зүйг сулруулах зорилготой ажиллагааны нэг хэсэг, цаашилбал, тэд хэзээ мөдгүй эх орон нэгтнүүдийнхээ дайралтайд өртөж болзошгүйг илтгэнэ гэлээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ