Махны үнэ тэнгэрт хадаж, нэг кг үхрийн цул мах 22 мянган төгрөгт хүрсэнд иргэд бухимдалтай байна. Жил бүрийн хавар махны үнэ нэмэгддэг ч энэ жилийнх шиг үнэтэй байсан нь үгүй. Нийслэлийн махны гол хэрэгцээг хангадаг “Хүчит шонхор” захад жижиглэнгийн хонины ястай махны үнэ 15000 мянган төгрөг байсан бол хонины цул мах 15-16 мянган төгрөгийн хооронд байна. Үхрийн ястай мах 21000 төгрөг бол, үхрийн цул мах 22.500 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Адууны ястай болон цул мах 12000 мянган төгрөг байна. Ямааны ястай мах 11000 төгрөг, цул мах 11.500 мянган төгрөг байлаа. Энэ нь энэ оны дөрөвдүгээр сартай харьцуулбал 2000-3000 мянган төгрөг нэмэгдсэн үзүүлэлт байлаа.
МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТ БУУРЧ НОЙТОН МАХ ХОВОРДОВ
Худалдаачдын хэлснээр өнгөрөгч дөрөвдүгээр сараас хойш махны үнэ нэмэгдсэн нь шинэ мах ховордсонтой холбоотой болохыг хэлж байлаа. Махны үнэ нэмэгдсэн шалтгааны талаар худалдагч Б.Түмэнгэрэл “Хүмүүсийн яриад байгаа шиг хомстол үүсэхгүй л дээ. Гэхдээ нийлүүлэлт бага байгаа учраас л мах үнэтэй байгаа юм. Их хэмжээгээр орж ирэх юм бол үнэ нь буучихдаг. Гэхдээ ойрын хугацаанд махны үнэ тогтворжиж, сулрах шинж байхгүй байна. Шалтгаан нь өнгөрөгч өвөл олон аймагт зудтай байснаас болоод үнэ өсч байна. Цаашдаа ч өсөх байх. Үүнээс гадна энэ жил нөөцийн махны үнэ үхрийн мах 10 мянган төгрөг байна лээ. Ингэж өндөр тогтоосон учраас гар дээрээс зарж байгаа хүмүүс нөөцийн махнаас хямдаар зарах боломжгүй. Ер нь жил жилийн хавар махны үнэ өсдөг. Гэхдээ энэ жилийнх зудтай холбоотой гэж малчид ярьж байна. Худалдан авалт муу байгаа. Хүмүүс ганц нэг кг-аар мөнгөндөө тааруулж авдаг болсон. Наадмаас өмнө махны үнэ буух байх” гэлээ.
Түүнчлэн махны нийлүүлэлт буурч, шинэ мах ховорджээ. Тухайлбал, өдөрт тус захад 50-100 гаруй тонн мах нийлүүлдэг байсан бол нийлүүлэлт буурч өдөртөө 30-40 тонн мах нийлүүлэгдэж байгаа аж. Иргэдийн зүгээс үнэ нэмэгдсэнд бухимдалтай байна. Иргэн Б.Сумъяасүрэн хэлснээр “Тэтгэвэр тэтгэмж нэмэгдэхгүй байхад махны үнэ өсөхөөр дагаад бүх юмны үнэ өсчихдөг. Бид ямар Япон, Солонгосчууд биш дээ. Хавартаа шинэ нойтон мах авъя гэхээр үнэ нь өсчих юм” гэв. Иргэн Б.Дулам “22 мянган төгрөгөөр мах авна гэдэг хүнд шүү дээ. Монголчуудын ганц хэрэглэдэг зүйл чинь мах шүү дээ. Мал аж ахуйн орон байж үнэ яагаад нэмэгдээд байгааг ойлгохгүй байна. Ер нь худалдаж авахад хэцүү л байна. Махны үнэ шинэ, хуучин бүгд л нэмэгдсэн байна. Цалин тэтгэвэр хөдлөхгүй байхад бүх юмны үнэ өсч байгаа нь үнэхээр иргэдийг туйлдуулж байна” гэв.
Тухайн өдрийн өглөө ченжүүд махаа хэр хэмжээгээр оруулж ирснээс шалтгаалж худалдаалах үнэд өөрчлөлт ордог аж. Гэвч махны үнэ өссөнөөр орлогогүй иргэдийг бухимдуулж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн амьдрал хэвээр үргэлжилсээр. Бараа, бүтээгдэхүүний үнэ өсөхөд, хувийн хэвшлийнхэн болон төрд ч, хувьд ч дансгүй ажилгүй иргэд, өндөр настнууд туйлдаж, тартагтаа тулдаг гэхэд буруудахгүй.
НӨӨЦИЙН МАХНЫ ЧАНАР ҮНИЙГ ЭРГЭН ХАРАХ ЦАГ БОЛСОН
Махны үнэ тэнгэрт хадсан энэ цаг үед үнийг барих зорилгоор нөөцийн мах худалдаанд гаргадаг. Нөөцийн махыг нийслэлийн хэмжээнд 431 цэгээр худалдаалж буй. Үндсэндээ борлуулж буй дэлгүүрүүдийн зүгээс нөөцийн махны худалдаа муу байгааг тэд хэлж байна. Борлуулагч Б.Пүрэвням “Нөөцийн махыг хүмүүс үнэтэй, яс ихтэй гээд авахгүй байгаа. Өнгөрсөн Баасан гаригт татан авалт хийхэд одоо болтол дуусаагүй байна. Хүмүүс нөөцийн махыг авахаас илүү нойтон мах авахыг илүүд үзэж байна. Иргэдээс тодруулахад “Энэ жил жаахан үнэтэй байна. Нөөцийн мах, нойтон мах ялгаагүй үнэтэй байна” гэх мэдээллийг өгсөн юм. Хэдийгээр нөөцийн мах худалдаанд гарсан ч үнэд нөлөөлсөнгүй. Учир нь, нөөцийн үхрийн ястай мах 10700 төгрөг, хонины ястай мах 8600төгрөг, ямааны ястай мах 6400 төгрөг байна. Хонины нөөцийн махыг гулуузаар нь худалдахад нэг килограммыг 8300 төгрөг аж. Энэ нь бусад зах, худалдааны төвүүдээс 20-25 хувиар хямд үнэ юм.
Нийслэлд махны нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор ХХААХҮЯ-наас 12 бэлтгэн нийлүүлэгч сонгон шалгаруулж, хаврын улирлын хэрэгцээнд зориулан 7858.9 тонн махны нөөц бэлтгэжээ. Нөөцийн махны үнийг ХХААХҮЯ тогтоож, борлуулалтыг нийслэл хариуцдаг. Гэвч борлуулалт муу байгаа тул ирэх амралтын өдрүүдэд нөөцийн махыг гулуузаар нь худалдах болжээ.
Нийслэлийн статистикийн газраас гаргасан мэдээллээр өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 7.7 хувиар, хонины цул махны үнэ 6.8 хувиар тус тус өссөн байна.
Мах ховор үед нөөцийн мах олдоц ихтэй ч үнэ, чанарын хувьд иргэдийн санаанд төдийлөн хүрсэнгүй. Тиймээс нөөцийн махны чанарт анхаарч, үнийг өсгөхгүй байх тал дээр анхаарахыг иргэд шаардаж байна.
Холбоотой мэдээ