NBA-ийн талбайд хөл тавьж, эцгийнхээ дутууг гүйцээх мөрөөдөлтэй Энхийн-Од буюу Майк Шаравжамц драфтад нэрээ өгөхөөр болж, эргэлт буцалтгүй түүхэн шийдвэр гаргасан билээ. Дейтоны их сургуулийн Флайерсын бүрэлдэхүүнд нэг улирал тоглохдоо тэрбээр 5.6 оноо, 2.6 ашигтай дамжуулалт дунджилж, Атлантик 10 бүсийн шинэ залуу тоглогчдын нэгдүгээр багт нэрлэгдсэн.
NBA-ийн 2023 оны драфт Монголын цагаар зургадугаар сарын 23-ны өдөр болно. Лигийн 30 баг ч хэдийнэ сонирхож буй залуустайгаа холбогдож, тэдний талаар судалгаа хийн зарим нь бэлтгэлд урьж эхэлжээ. Тэгвэл Майк Шаравжамц өнгөрсөн хугацаанд Юта Жазз, Милуоки Бакс багуудтай бэлтгэл хийсэн бол орон нутгийн цагаар өчигдөр/2023.05.22/ Бостон Селтикс багийн бэлтгэлд хамрагджээ.
Энэ жил NBA-ийн драфтаар нийт 58 тоглогч сонгогдоно. Учир нь Филадельфиа 76ers болон Чикаго Буллс багууд чөлөөт агент тоглогч элсүүлэхдээ лигийн дүрэм зөрчсөн нь тогтоогдсон учир тэдний драфтын эрхийг хүчингүй болгосон юм. Майктай бэлтгэл хийсэн гурван баг дараах байдлаар сонголт хийнэ.
- Милуоки Бакс хоёрдугаар тойргийн 58 дахь буюу хамгийн сүүлийн сонголт
- Юта Жазз нэгдүгээр тойргийн ес дэх, 16 дахь, 28 дахь сонголтууд
- Бостон Селтикс хоёрдугаар тойргийн 35 дахь сонголт
Майк Шаравжамцыг хоёрдугаар тойргоос сонгогдох магадлалтай гэж үзэж буй. Тэгэхээр Селтикс болон Бакс багууд Майкыг сонгоход гайхах зүйлгүй.
Үүнээс гадна "G-League Elite Camp"-д хамрагдаж, өөрийнхөө бие бялдарын хөгжлийг шалгуулж, тоглолтоо харуулсан билээ. Мөн түүнд тавдугаар сарын 31-нээс өмнө коллежийн сагсан бөмбөгтөө эргэн очих боломж бий. Түүнийг одоогийн байдлаар Гонзага, Канзас Стэйт, Аризона, Иллинойс, Ратгерс зэрэг их сургуулиуд сонирхож байгаа гэнэ. Хэрэв NBA-д элсэх шийдвэрээ нэг жилээр хойшлуулахаар болвол ирэх улирал бид Майк Шаравжамцыг дахин NCAA-д харж магадгүй.
Холбоотой мэдээ