NEWS агентлаг энэ удаагийн 76:1 булангаараа УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу нийслэлийн Хан-Уул дүүрэгт нэр дэвшин сонгогдсон Даваажанцангийн Сарангэрэлийг танилцуулж байна.
УИХ-ын сонгуулийн холимог тогтолцооны үр дүнд анх парламентын гишүүн болж, хууль тогтоох байгууллагад данслагдсан түшээ бол Д.Сарангэрэл юм. УИХ-ын 2012 оны сонгуулиар намын нэрсийн жагсаалтаар парламентад сонгогдсон У.Хүрэлсүх /Ерөнхийлөгч/ Г.Баярсайхан гишүүнд “шанаа” өгч, хэрэг мандаасны дараа гэр бүлийнхээ хүнийг гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон үндэслэлээр бүрэн эрхээсээ татгалзсанаар Д.Сарангэрэл гишүүн суудлыг нь “нөхөн” УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. Тэр цагаас хойш хоёр дараалан УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, гурван ч яамыг удирдан, сайдын алба хашсан юм.
МАН 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж 65 суудал авсан ч 2017 онд Засгийн газраа унагаснаар У.Хүрэлсүхийн танхим шинээр байгуулагдаж, Эрүүл мэндийн сайдаар Д.Сарангэрэл томилогдсон юм.
Улмаар 2019 оны сүүлээр дэлхий дахинд Covid-19 дэгдсэн ч Монгол Улс хилээ хаах зэргээр тодорхой арга хэмжээ авч ажилласнаар дотооддоо цар тахлыг алдаагүй цөөн орны нэг болсон. Эл амжилтыг УИХ-ын дарга Г.Занданшатар үнэлж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг төрийн хатан эрдэнэ түшээгээр тодруулснаа зарлаж байв.
Мөн цар тахал дэгдэхийн өмнө Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Эрүүл мэндийн яамны Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам нарыг авлигын хэргээр саатуулсан нь дуулиан дэгдээсэн. Тэр дундаа Б.Болорчимэг нь Д.Сарангэрэл гишүүний туслахаар ажиллаж байгаад дээрх албанд томилогдсон нь хэл ам дагуулж, хариуцлага хүлээх ёстой асуудал хөндөгдсөн ч цар тахлын дуулианд дарагдсан. АТГ-аас тэднийг нийт 26 иргэн, аж ахуй нэгжээс удаа дараа их хэмжээний хахууль авсныг нотлох баримтаар тогтоосон тухай мэдээлэл цацагдаж байв.
Дэлхий дахин цар тахалтай тэмцэж байсан хүнд үед Монгол Улсад 2020 оны зургадугаар сард УИХ-ын сонгууль болж, МАН дахин ялалт байгуулав. У.Хүрэлсүх Засгийн газраа байгуулж, Д.Сарангэрэл гишүүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилсон юм. Гэвч 2020 оны арваннэгдүгээр сард цар тахал дотоодод алдагдаж, Covid-19 –ын халдвар авсан төрөөд удаагүй ээжийг гэрийн халад, шаахайтай нь хөхөө өвлийн хүйтнээр машинд суулгасан үйлдэл гарч, Засгийн газар танхимаараа огцорсноор Д.Сарангэрэл гишүүн дан дээлтэй болсон. Цар тахлын үед нэг хүнийг 8 сая төгрөгөөр эмчилсэн гэх шүүмжлэл ч түүнийг дагадаг.
Удалгүй хоёр жилийн дараа Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд болж, ажлаа хүлээн аваад байсан ч амьдралын баталгаажих төвшнөөс доогуур орлоготой иргэдээ “Ул”-ны айл гэж хэлснээс болж, огцорсон.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтыг зөрчсөн гэж үзэн, сайдаас нь огцруулах шийдвэр гаргасан болохыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдэгдэж байв.
“Улны” гэх зүй зохисгүй үг хэрэглэснээ ч хэргийн эзэн хүлээж, ард түмнээс уучлал гуйсан. Гэвч сайдаас буусандаа шаралхсан уу, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд П.Зуплахар оролцсон УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Улны айл гэдэг үг, Д.Сарангэрэл хоёр яамнаас явчихсан. Гэхдээ айл нь үлдсэн. Одоо битгий эмзэглэ. Харин ч баярлах ёстой. Энэ үгийг яамныхан 2008 оноос хойш хэрэглэж ирсэн. Хэд хэдэн судалгаан дээр ч хэрэглэсэн. Махан хоол идэхийн тулд хичээлдээ очдог хүүхэд ч байна. Энэ бол гутамшиг. Яамныхан дэнгийн эрвээхэй шиг дээгүүр нисэх хэрэггүй. Айлаар ор, бодит байдалтай танилц. Манай монголчууд үг их хөөж байна. Уг нь үг хөөхөөр үхэр хөө гэж үгтэй. Үхэр гэдэг нь тэр ядуу айлууд шүү” гэж хэлсэн нь дуулиан дэгдээж, “Төрийн хатан ууртай байна” гэхчлэн олныг шуугиулсан юм.
Гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа эмэгтэй гишүүдийн хамтаар Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн. Мөн Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг санаачилсан нь УИХ-аар хэлэлцэгдэж буй.
Засгийн газар авлига хээл хахуультай тэмцэх хүрээнд “Шилэн” ажиллагаагаар дамжуулж, тусгай хамгаалалттай газрын мэдээллийг ил болгоод буй. Эл асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын алба хаших хугацаандаа өөртөө 0.07 га газар ч аваагүй гэдгээ мэдэгдээд байна.
Энэ талаар тэрбээр “Байгаль орчны сайд байхдаа намайг газар их олгосон мэтээр сошиал орчинд оволзуулахаар шийджээ. Энэ яамны сайдаар 2020 оны сүүлийн зургаан сар хүрэхгүй хугацаанд л ажилласан. Тэр үед Богд-Уул, Горхи Тэрэлжид газар байхгүй битүү олгочихсон юм билээ. Харин "Авлигатай тэмцэх газар"- тай хамтарч ажиллан, удаан хугацаанд ашиглаагүй, гол усны ойр 100 гаруй газрын эрхийг цуцалсан.
Сайд газар олгох гэрчилгээнд гарын үсэг зурдаггүй. Холбогдох газар, хэлтсээс ном журмын дагуу бүрдүүлсэн жагсаалтыг баталдаг. Хуулийн зөрчлөө арилгасан, шүүхийн шийдвэр гарсан материалууд орж ирдэг байсан. Сайдаар ажиллаж байхдаа өөртөө 0,07 га газар ч авч байсангүй дээ” гэж нүүр номын хуудсаараа дамжуулан няцаалт хийсэн юм.
ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр, ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн тэрбээр Монголын Радио Телевизийн улсын хорооны харьяа гэрэл зургийн газраас ажлын гараагаа эхэлж, Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор, Монголын Үндэсний телевизэд хариуцлагатай редактор, ММ агентлагийн захирал зэрэг алба хашсаар 2003 онд TV-5 телевизийн захирал, 2005 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч болжээ.
Харин 2011 оноос МАН-ын нарийн бичгийн дарга болсон бол 2019 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогдсон байдаг. Эл албыг гурван жил шахам хашсаны эцэст 2022 оны сүүлээр энэхүү албаа сайд Х.Булгантуяад шилжүүлсэн юм.
АТГ-т гаргасан 2021 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдсанаар, өөрийн орлого нь 39 сая 530 мянга, гэр бүлийн орлого нь 3 тэрбум 119 сая 845 мянга, орон сууц, барилга нь 500 сая 876 мянга /Үйлчилгээний 2, Нийтийн О.С/, Toyota, Land Cruiser 200- 1 машинтай, 60 сая төгрөгөөр үнэлсэн байна. Хадгаламжиндаа 501 сая 148 мянга төгрөгтэй гэж мэдүүлжээ.
Д.САРАНГЭРЭЛИЙН НАМТАР
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
- 1979 онд Нийслэлийн 10 жилийн 5, 57 дугаар дунд сургууль
- 1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр
- 1990 онд ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1982-1985 онд МРТУХорооны харъяа гэрэл зургийн газар өнгөт зургийн лаборант
- 1990-1991 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор
- 1991-1992 онд Монголын Үндэсний телевизэд ахлах редактор
- 1993-1994 онд Монголын Үндэсний телевизэд хариуцлагатай редактор
- 1995-1996 онд "ММ" агентлагийн захирал
- 1997-1999 онд "ММ" агентлагийн ерөнхий редактор
- 1999-2000 онд "ММ" агентлагийн захирал
- 2000-2003 онд Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактор
- 2003-2005 онд ТВ5 Телевизийн ерөнхий захирал
- 2005-2011 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч
- 2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга
- 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
- 2022 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
ШАГНАЛ:
- 2002 онд Алтангадас одон
- 2009 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн
ГАДААД ХЭЛ:
- Англи, Орос
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ