“ХУВЬСГАЛЧ ХУЛГАЙ”
Хүний нутагт, гүний газар, эхнэр хүүхдээ тэжээхээр зүдэж явахад ганц морийг хулгайлсан хулгайч дүү нь болохыг мэдсэн ах нь “Муу дүү минь, явуулын хүний ганц морийг авч явахыг бодоход их л ядарч яваа юм байж дээ, зайлуул” гэх “Тунгалаг тамир”-ын амилсан бурхан лугаа сцен байх… Нохой нүцгэн, гахай явган бидний аливаад хандах хандлага, байр байдал өнөөдөр өөрчлөгдсөнгүй.
…Эрх мэдлийн төлөөх эцэс төгсгөлгүй тэмцлийн балгаар бусдын эрхшээлд орж, зовж буй ард түмний тэмцлийг харуулсан гэх нэгэн кино зургаан жилийн өмнө шуугиулсан. Гол дүрүүд, монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх үзэл санааг тээгч, түүний тэмцэгчид нь шилийн сайн эрс. Хамгийн хөгтэй нь мөнөөх тэмцэгчдийг барьж, Манжийн амбанд авчирч өгөгсөд олзонд шунагч бас л “малын хулгайчид” байв. Киног үзсэн хүүхдэд Манжийн эсрэг тэмцэгчид малын хулгайчид байсан төдийгүй бас Манжийн талд зүтгэгчид ч малын хулгайчид байжээ гэх бодлыг төрүүлмээр. Уран бүтээлийн баг огт харуулахыг зориогүй байж болох ч хар аяндаа хэлээд өгсөн зүйл нь амар хялбар аргаар ашиг хонжоо олох тухай байв. Уран бүтээлчид ч энэ сэтгэхүй дээр тоглосон. Бодит амьдрал дээр ч бид ийм байдлаасаа болж өнөөдөр баларч сууна. Амтшаад “аваргууд” дараагийн хувьсгалаар сериал хийсэн бөгөөд өгүүлж буй хувьсгалынх нь үр дүнд өөрсдөө дураараа дургих эрхтэй болсоноо умартан түүхийг санаатайгаар гуйвуулж, ардчилагчдыг төрийн эрх авах гэсэн амьтад, түүний тулд гэмт хэрэгтнүүдэд улсын өмчийг өгөхөөр наймаалцан төрийн эргэлт хийж буйг үзүүлнэ. МАН баярлаад, монголчууд алга ташаад сүйд. Киногоор ч, бодит амьдрал дээр ч ардчилсан хувьсгалын ололт, амжилт арчигдав. Түүнд хамгийн том нөлөө үзүүлсэн нь өөрсдийнх нь өргөмжилсөн этгээд бөлгөө.
НАМЫН ХУЛГАЙ
Зуун жилийн өмнө монголын тусгаар тогтнолын төлөө нам нийлж, сэм хуйвалдан байгуулсан намын зорилго анхны мөн чанараа алдаж, хэрхэн гуйвж, тэр нь сүйрэл рүү хөтөлж буйг бид сүүлийн үед өрнөж буй үйл явцаас маш тодорхой харж байна. Ардын журамт цэрэг ах нартайгаа анх орж ирэхдээ хэрхэн дээрэм хийсэн тухай бишгүй баримт байж л байна…
Өнөөдөр ч ялгаа алга. “Нийгмийн сайн сайхны төлөө” нэрийн дор гаргасан бодлого, шийдвэр, хэрэгжүүлсэн хөтөлбөр бүхэн нийгмээ хорлож буйг харахыг хүсвэл хангалттай жишээг төрийн сангууд, тэтгэлэг, төсөл, мөрийн хөтөлбөрүүдээс харж болно. Харахыг хүсвэл шүү дээ… Хуучнаасаа салаагүй монголчууд төрөөс жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжихийг хүссэн. Яг энэ хүсэлд нь дөрөөлөн “дэмжих сан” байгуулаад өөрсдөө, ойр дотныхондоо маш бага хүүтэй зээл завшаад дууссан. Тариа, будаа, төмс, хүнсний ногоогоо ядаж гаднаас авахаа болихыг хүссэн. Яг энэ хүсэл дээр дөрөөлөөд тариалан эрхлэлтийг дэмжихээр сан байгуулсан. Байнга төрөөс татаас авдаг салбар болсон хэр нь өөдөлдөггүй ээ. Тэрхүү санг 30 орчим охин компаниараа сорж суудаг ч хүн бий болов. Хөгжлийн мега төсөл улстөрчдийн аминч үзлийг давж чадахгүй, хувийн хэвшил мега төслийг санхүүжүүлэх эх үүсвэргүй шалтгаанаар төрийн өмчийн, бага хувийн зээл олгодог банк байгуулсан. Үр дүнд нь юу болов. Өмнөх, өнөөгийн парламент, засгаараа, намаараа нийлээд Хөгжлийн банкныг цөлмөв. Охин компани нь оролцоогүй том компани, хумслаагүй улстөрч тун чиг ховор үлдэв. Монголд төрөөс хамааралтай, түүгээр дамжуулан асар том хулгай хийдэг бизнесийнхэн л бий болов. Монгол ноолуураар дэлхийг хувцаслах гоё мөрөөдөл ямаанд мөнгө олгоход хүргэв. Хувийн мал өссөний төлөө төрөөс мөнгө олгодог байж ядаж идэх хоолгүй, өмсөх гуталгүй, өлмөн, нүцгэн амьдарч буй хүүхдүүдэд мөнгө өгөөч гэх хүнлэг хүсэл машид таалагдаж, мөрийн хөтөлбөртөө тусгасан нам ялав. Төр нэг гараараа аав ээжийнх нь халааснаас мөнгийг аваад нөгөө гараараа хүүхдүүдэд нь тараасанд баярлаад сүйд. Хөхөө шиг гудамжинд хүүхдээ хаясан нөхөд буцааж авчрахаас эхлээд эерэг үзүүлэлт гарч буй талаар амаа олохгүй магтаад л… Баян, ядуугаар нь ялгалгүй тараахыг өдгөө шаардаж, Үндсэн хуулийн Цэцэд хандаад байна. Боломжтой 9-хөн хувьд хүүхдийн мөнгө олгохгүй гэсэн ч 91 хувь нь боломжтой болчихсон юм шиг дүр зургийг дата харуулах шиг. Монголчууд цахим мэдээллийн санд хэдүүлээ, бодит амьдрал дээр хэдүүлээг хэлж мэдэхээ болив. Ямар ч ашиггүй компани жам ёсоороо дампуурах ёстой атал стратегийн хувьд ач холбогдолтой гэж ашигтай ажилласан компаниас хураасан татвараар тэтгэсээр хоёулаа дампуурдаг ч үгүй, дээшилдэг ч үгүй болгодог нь бидний үнэн төрх. Өнөөдөр ажил хийснээс нь 40 хүртэл хувийн татвар аваад ангайж хэвтсэнд нь халамж нэрээр тараадаг тийм л тогтолцоог тэд бий болгов. Үүний дундаас хамгийн их ашиг олдог нь өнөөх "бидний, ардын, Монголын…" төлөө гэх намууд, намчид. Намчдын ХОМ-ыг хараад үзээрэй. Гартаа зүүсэн цаг, өмссөн хослол, жийсэн гутлынх үнийг бодоорой. Төрөөс хэдэн тэрбумтан төрсөн, ямар унаа, орон сууц, орлоготой байгааг нь хараад хаанаас олсоноо тайлагнахыг шаардаарай. Хүнсний талон тараагаад л байгаа. Хэн тэндээс ашиг олдог, хэн хохирдог вэ гэдгийг ч хайх л хэрэгтэй. Монголын топ бизнес эрхлэгчдээс хэд нь төрөөс хамааралгүй байна вэ? Төр, бизнесийн түншлэл гэж юуг яриад, түүнийг нь дэмжиснээр хожим хаана хүрэх вэ гэдгийг өнөөдөр бодууштай. Тарьсан хогоо, хогны уутаа, ууж буй эмээ хүртэл төрөөс бид даалгадаг болсон. Үр дүнд нь хогондоо дарагдаж, нийгмээрээ өвчний голомт болсон. Хэн хожсон юм бэ? Төртэй нөхцсөн хогны уут үйлдвэрлэгч, утаа үйлдвэрлэгчид, эмийн бизнес эрхлэгчид. Монголд өнөөдөр найман нэрийн бараанаас дутахгүй эмийн сан бий болсон. Ашигтай болохоор тэр. Харин энэ ашигтай бизнес төрийн оролцоогүй бол аяндаа дампуурна. Нүүрс түлэхийг хориглоогүй бол өнөөдөр шахмал түлш бүгд үйлдвэрлэж болох байсан ч нүүрсний борлуулалттай бодитоор өрсөлдөх боломжгүй болохоор дампуурах л байсан. Харин төр оролцсон болохоор шахсан нүүрс намыг хүртэл санхүүлж чадаж байна. Ялгаа нь ердөө энэ. Яагаад хувийн хэвшил шахмал түлш үйлдвэрлэхгүй байгаа вэ гэвэл төрийн татаас байхгүйн дээр ямар ч ашиггүй болохоор тэр…
НОМЫН ХУЛГАЙ
“Номын хулгай, хулгай биш, мөн” гэж яг энэ өдрүүдэд бид маргалдаж байна. Зарим нь зөвтгөн долоож, зарим нь бачуур бархирч байна. Үнэгүй боловсролтой, сурах бичгийг нь үнэгүй тараачихдаг. Анхнаасаа албадлагын шинжтэй цэцэрлэгт орж, багшид бүгдийг хариуцуулж ирсэн бид уг үндэсийг нь биш "Чи биш, би", "Миний хүүхдийн боломжийг чи хулгайлаад хүүхдэдээ аваад өгчиж" л гэж маргалдаад байна. Хүний номыг хэлэхгүй хулгайлаад "Номын хулгай, хулгай биш" гэх "хуулиар" хүмүүжсэн нөхдүүд хүүхдэдээ давуу байдлаа ашиглан БЗС-гаас "хулгайлах" нь мэдээжийн асуудал. Үр хүүхдээ хүн шиг хүн болгоё гэж боддоггүй бусдын боломжийг хулгайлаад ч болов боловсролтой болгоё гэдэгт л бидний асуудал байна. Яг энэ сэтгэхүйд нь тохируулаад хийсэн ажил бол Боловсролын зээлийн сан. Үүгээр дамжуулж өөрсдийн хүүхдээ татвар төлөгчдийн мөнгөөр сургаад ирэхэд нь төрийн албанд шууд түшмэл болгохоор Төрийн албаны тухай хуулийн шалгуурыг хүртэл өөрчлөх санаархлыг Боловсролын сайд хэдэн жилийн өмнө хуулийн төсөл өргөн барьсаныг бид өнөөдөр мартсан. Бид өнөөдөр тэднийг жигшин зэвүүцэж, бидний боломжийг хулгайлсан гэж зүхэж байна. Өөрт нь өгөөгүй болохоор тэр… Боломж олдсон бол бүгд БСЗ-ийг авах байсан нь нууц биш. Харин тэрхүү сангаас өөрөө бус өөдгүй дарга, өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд л авсан болохоор бид дургүйцээд байна. Мэдээж энэ бузар явдал. Мэдээлэлд ойрхон, албан тушаал, эрх мэдлээ ашиглаад бусдын боломжийг хулгайлсан хүмүүс буруутай. Улаан коммунист нөхдүүд балиар баруун руу бидний боломжийг хулгайлаад сурчээ. Гэхдээ хэрэвзээ энэ сан байгаагүй бол тэд явж чадахгүй, таны байхгүй боломжийг хулгайлахгүй байсан гэж бодохгүй аж. Мөн чанартаа тэдэнд тийм боломжийг бид өөрсдөө олгосон. Асуудлыг чинь шийдье, амьдрал тааруу нэгнээ тэтгэе гэж ам ангайх тоолонд ашгүй дээ гэж алга тосдог, амар хялбараар асуудлаасаа ангижрах гэсэн бидний арчаагүй байдал төрийн бүх зүйлтэй хутгалдах боломж олгож байна. Төрд хэн байх нь хамаагүй. Төрд эрх мэдэл, эд хөрөнгө байгаа л бол түүнд буй хэн бүхэн түүнээс идэхдээ л иднэ. Болосвролын сангийн зээлийг эрх мэдэлтнүүдийн хүүхдэд олгохгүй гэвэл ганц л арга бий. Зээл авсан бүх хүнийг буцаан төлүүлж, татан буулгах.
ТЭГШИТГЭЛ…
Үргэлжлэл бий…
Холбоотой мэдээ