"Талын Монгол”, “Лапша” тэргүүтэй брэндээр дотоодын зах зээлд танигдаж, генийн өөрчлөлтгүй, эрүүл хүнсээр зах зээл дэх ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс ялгардаг “Грийн Групп” европ стандартын бүтээгдэхүүнээр нэр төрлөө тэлж байна. Цар тахлын жилүүдэд эхлүүлж, өдгөө ашиглалтад хүлээн авахад бэлэн болоод буй хоногт 60 тоннын хүчин чадал бүхий, нийт 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Грийн Фактори” –дэлхийн стандартын мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр Монголын хүнсний үйлдвэрлэлийн салбарт сүүлийн жилүүдэд хийгдсэн томоохон хөрөнгө оруулалтуудын нэгд тооцогдож байна.
“Үйлдвэрийн цоо шинэ урсгал Монголд орж ирж байна. Бууз, баншнаас гадна наггетс, шаржигнуур тахиа, бөөрөнхий мах, котлет, бөмбөлөг тахиа, хиам, зайдас зэрэг бүтээгдэхүүнийг автомат тоног төхөөрөмж ашиглан үйлдвэрлэнэ гэсэн үг. Та бүхэн анзаарч буй байх. Энэ үйлдвэрээр дамжуулан “Грийн Групп” түлхүү Европ буюу барууны хоолны соёлыг Монголд нутагшуулж байна. Эдгээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг Германы топ гурван үйлдвэрлэгч бүтэн урсгалаар нь нийлүүлж буй” хэмээн “Грийн Групп” компанийн Бизнес хөгжлийн газрын захирал Н.Мөнхтулга өгүүлж байна. Стратегийн бодлогын хүрээнд “Грийн Групп” мах, маханд бүтээгдэхүүнд тулгуурлан Монголын хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг зорьж байгаа тухай тэрбээр тэмдэглэж байлаа.
“Юуны өмнө монголчууд хадгалалтын хугацааг уртасгах химийн нэмэлт бодисгүй эрүүл мах, махан бүтээгдэхүүнийг цоо шинээр нь хэрэглэх боломж бүрдэж байна” хэмээн Н.Мөнхтулга энэ үйлдвэрийг байгуулсны давуу талыг тоочиж байна. “Монгол Улс хагас боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийхээ хэрэглээг дийлэнхийг нь Орос, Америк, Өмнөд Солонгос, Хятад, Польш зэрэг орноос импортоор хангадаг. Манай улс далайд гарцгүй учраас тээвэр, ложистикийн хувьд энэ нь зардал ихтэйгээс гадна цаг хугацааны хувьд хүндрэлтэй байдаг. Тийм ч учраас эдгээр бүтээгдэхүүнийг газраар тээвэрлэхэд дунджаар 1-3 сарын хугацаа зарцуулдаг. Харин энэ сул талыг нөхсөн, импортыг орлох үйлдвэрийг “Грийн Групп” Монголдоо байгууллаа” гэлээ. “Импортын тээвэрт өдий хугацаа зарцуулсан бүтээгдэхүүн хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдээр дамжин хэрэглэгч Таны хөргөгчинд орох хүртлээ хэдий хэр хугацаа зарцуулдгийг тооцоход бэрх. Тэгвэл дотоодын зах зээлд үйлдвэрлэсэн нэн шинэ бүтээгдэхүүнийг худалдан авах боломж Та, бидэнд бүрдэж байна!”
Монгол орны хөдөө аж ахуйн гаралтай органик бүтээгдэхүүнд инновац шингээн, Европ технологийн дагуу үйлдвэрлэсэн котлет, наггетс тэргүүтэй бүрмэл, шанзтай 300 орчим нэр төрлийн мах, махан бүтээгдэхүүнийг “Грийн Групп” энэхүү нэн шинэ “Грийн Фактори” үйлдвэртээ бэлтгэж, дотоодын зах зээлд нийлүүлэх боломж бүрдэж буй юм. “Манайх бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ түүхий эдээс нь авахуулаад эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүхий л шатанд эрүүл мэндэд ашигтай нэмэлт орцоор баяжуулахыг зорьдог. Тийм ч учраас манай бүтээгдэхүүнүүд зах зээл дэх төстэй бүтээгдэхүүнээс ялгардаг. “Эрүүл мэндийн” гэж тодорхойлж болохуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэ шинэ автомат үйлдвэртээ мөн энэ зарчмаа хадгалж ажиллана” хэмээн Н.Мөнхтулга онцоллоо.
Түүнчлэн эрүүл, шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд таатай үнээр хүргэх энэхүү үйлдвэрлэлээ ложистикийн цогц системээрээ дамжуулан бодлогоор дэмжиж байна. Монгол орны баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл, умард цэгээс өмнөд цэг хүртэлх уудам нутагт “Грийн Групп” өдгөө бүхэлд нь хүрч ажиллаж буй. Хоногийн уртаар алслагдсан Монгол орны баруун хязгаарт ч хүнсний бүтээгдэхүүнийг 24 цагийн дотор шинээр нь амжиж хүргэх ложистикийн оновчтой сүлжээг “Грийн Групп” байгуулаад байгаа юм. Өдгөө нийт 500 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдааны 200 гаруй төлөөлөгч, 13,000 цэгээр дамжуулан хоногт нь хэрэглэгчдэд хүргэж буй.
Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинэ, дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлэх, нутагшуулах, техникийн шинэчлэл хийхийг Монгол Улсын Засгийн газраас бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг хэмээн тодорхойлсон байдаг. Тэгвэл хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг манлайлан “Грийн Групп” импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг ийнхүү дотоодын зах зээлд тэргүүлэн хөгжүүлж байна. Үр дүнд нь Монгол Улс урьд импортоор авч байсан 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх бололцоо бүрдлээ. Харин хэрэглэгчид дэлхийн стандартыг хангасан, эрүүл, аюулгүй, баялаг орцтой мах, махан бүтээгдэхүүнийг цоо шинээр нь худалдан авах боломж ийнхүү бий болж байна.