Э.Макроны АЙЛЧЛАЛ ба Монголын АМБИЦ

Хуучирсан мэдээ: 2023.05.22-нд нийтлэгдсэн

Э.Макроны АЙЛЧЛАЛ ба Монголын АМБИЦ

Э.Макроны АЙЛЧЛАЛ ба Монголын АМБИЦ

Дэлхийн улс төрийн бодлогыг тодорхойлдог G7-гийн уулзалтаас Улаанбаатарт шууд хөл тавьсан Э.Макроны айлчлал Монголыг дэлхийн анхаарлын төв цэг болгов. Хүний эрх, эрх чөлөөг тунхагаа болгосон, баруун Европын соёл иргэншлийн төв, НҮБ-ын аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн, НАТО-г үүсгэн байгуулагчдын нэг Франц улсын Төрийн тэргүүн Төв Азийн нүүдэлчний өлгий нутаг, Чингисийн Монголд хөл тавьсан нь анхны тохиолдол юм.

Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой  хоёр жилийн дараа тохиох хэдий ч Монгол, Франц нь өнө эртний, олон зуун жилийн харилцаатай болох нь түүхийн эх сурвалжуудад тэмдэглэн үлдсэн, тэр тусмаа Францын алдарт аялагч Виллиам де Рубрукийн “Монголын эзэнт гүрэнд зорчсон" аян замын тэмдэглэлээс энэ тухай уншиж болно. Виллиам де Рубрукийг Францын Людвих IX хааны элч гэх нь ч бий.

Мөнх хааны хүрээнд хагас жил орчим болсон тэрээр Хархорум хотын Мөнгөн модны тухай тэмдэглэлдээ “Мөнгөн модны ёроолд цоргон амтай дөрвөн мөнгөн арслан байрлуулжээ. Модны дотуур оройд нь хүртэл дөрвөн босоо хоолой татаж, тэдгээрийн амсрыг доош унжуулан, тус бүрийг нь алтан шармал могойн ам маягтай үйлдэж, сүүлээр нь мөнгөн модыг ороолгон урлажээ. Эдгээр хоолойн нэгээс дарс, нөгөөгөөс айраг, гурав дахиас балын ундаа, дөрөв дэхээс шар айраг гоождог байв. Амттан ундааг юүлэх тусгай мөнгөн савнуудыг хоолой бүрийн дор тосон байрлуулжээ. Мөнгөн модны орой дээр бүрээ барьсан ангел хэмээх тэнгэрийн элчийн дүрийг Францын дархан Вильгельм урлан босгожээ. Ундааг сөгнөх хүмүүс тэнд хүлээн зогсох ажээ. Модны мөчир, навч, жимс бүгдийг цул мөнгөөр урлажээ” гэж бичиж үлдээсэн байна. Тэрхүү мөнгөн модыг өнөөгийн 5000-тын дэвсгэртэд дүрслэн мөнхөлсөн байдаг.

Сар хүрэхгүй хугацаанд НАТО-гийн хоёр ч гишүүн орны удирдагчид Улаанбаатарт ээлж дараалан бууж, мордов. Тэр тусмаа Францын залуу удирдагчийн айлчлал Монголын геополитик, геостратеги, геоэдийн засаг, геоэкологид асар чухал ач холбогдолтой, Царь, Хуанди хоёрын дунд “хавчуулагдан” орших монголчуудын ардчилал, аюулгүй байдалд үнэлж баршгүй том мессеж үлдээж байна.  Үүнийх нь төлөө У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрт  BIGLIKE.

Эрчим хүчний ШИНЭ СЭРГЭЛТ

Монголчууд хэрэгцээт эрчим хүчнийхээ 80 хувийг дотоодоосоо, үлдсэн 20 хувийг хоёр хөршөөсөө худалдаж авдаг агаад жилдээ 400 тэрбум төгрөгийг гадагш нь урсгадаг. Тиймээс Монгол Улсыг эрчим хүчний хараатаас гаргаж, наанадаж айлаас гал гуйхаа зогсоох, цаанадаж Зүүн Азид эрчим хүч импортлох нь Л.Оюун-Эрдэнийн амбиц, алсын хараа нь болсон. Э.Макроны айлчлалын хүрээнд яригдсан асуудал түүний “Шинэ сэргэлт”-ийнх нь таван сэргэлтэд нэн хэрэгтэй. Товчхондоо, монголчууд бидний аманд шар тос өөрөө ороод ирлээ, өмөг, өмөг гэж идэх үү, ангас, ангас гэж байгаад амнаасаа алдах уу гэдэг нь гол асуудал?!

Ерөнхий сайд хүндэт зочин Э.Макронд бараалхахдаа Францын хөрөнгө оруулалт, ноу-хау, олон улсын стандартад нийцсэн дэвшилтэт технологи, инновацад суурилсан эдийн засгийн харилцан үр ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтойгоо илэрхийлсэн нь угтаа дүр эсгэсэн дипломат харилцаа, ёс төдий яриа хөөрөө биш нь нэн ойлгомжтой. Хоёр хөрштэйгөө эн тэнцэхүйц харилцахыг гадаад бодлогын "тэргүүлэх чиглэл" болгодог Монгол Улс Францтай Орос, Хятадын адил эн дүйцэхүйц харилцаж гэмээнэ Улаанбаатарын утаанаас эхлээд толгойны өвчин болсон ужиг асуудлаа ааштайгаар шийдвэрлэж чадах юм.

Цөмийн салбарын хөгжлийн ойлголт нь Чернобылийн атомын цахилгаан станц дээр “гацсан” монголчуудын “айдас”-ыг давж,  Францын хөрөнгө оруулалтыг энэ салбарт татаж гэмээнэ Монгол жинхэнээсээ Азийн бар болно. Товчхондоо, далайд гарцгүй Монгол Улс эрчим хүчний эрх чөлөөг олж авснаар эдийн засгийн эрх чөлөөнд хүрнэ. Эдийн засгийн эрх чөлөө бол Монголын тусгаар тогтнолын баталгаа, нэг багана юм.

Батлагдсан болон таамаг нөөцөөрөө дэлхийд эхний тавд багтаж буй Монгол ураны салбарт гол тоглогчдын нэг болох боломж нээгдэж, цагтай зүйрлэвээс хөхүүрийн ам наашилж байгаа сайхан дүр зураг харагдаж байна. Монголоос уран импортлох сонирхол дэлхийн улс орнуудад багагүй бий. Гэхдээ улсынхаа нийт хэрэгцээний 60 хувийг ураны цахилгаан станцаар хангадаг Францтай хамтрах нь чанар стандартын хувьд аюулгүй, Европын хөрөнгө оруулалтыг нааш нь даллах хөшүүрэг болно.

Том төслүүдийг дагаж хөрөнгө оруулагт нэмэгддэг нь Оюутолгойн гэрээг зурсан үеийн эдийн засгийн өсөлтөөс харагддаг, 2011 он нь гадаадын хөрөнгө оруулалт Монголд орж ирсэн, эдийн засагт 17 хувийн өсөлт үзүүлсэн супер он жил байлаа. Франц, Монголтой өнө эртний харилцаагаа дээд түвшинд хүргэх зорилготой,  Э.Макрон Монголд саатахдаа бидэнтэй бүх салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн.

Дэлхийн 31 оронд 420 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж байгаагаас гадна шинээр 60 гаруй реактор  баригдаж буй бол цаашдаа 160 орчим атомын цахилгаан станц барихаар улс орнуудын төлөвлөгөөндөө багтаажээ. Энэ нь дэлхийд ураны эрэлтээ хэрэгцээ улам бүр өсөхийн тэмдэг. Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр ярьснаар дэлхийн ураны хэрэглээ өнөөдрийн байдлаар 70 мянган тонн орчим,  2030 он гэхэд 110 мянган тонн болж, 40 мянган тонны хомсдол үүсэх урьдчилсан тооцоо гарчээ.  Энэ хэрээр ураны ханш дэлхийн зах зээлд ойролцоогоор хоёр дахин өсөх дүр зураг ч харагдаж буй.  Тэгэхээр уранаа эдийн засгийн эргэлтэд оруулах нөгөө талаасаа эрчим хүч гаргаж авах алдаж боломжгүй алтан цаг үе тохиож байна.

Ердөө 300 мГв  цахилгаан станц монголчуудыг  эрчим хүчний импортлогчоос экспортлогч болгож чадна. Гэхдээ хэн нэгэн сайн эр гадаад, дотоодын захилгаар Монголоо хорлож, "ураныг улсдаа авч үлдлээ "гээд попорчихгүй бол шүү дээ. Монголчуудыг эрчим хүчний хараат хэвээр "хүжийн гал"-тай байлгах сонирхол мөнхийн хөршүүдэд, ялангуяа хойдох Царьд бий.  Тэрхүү ашигт сонирхлыг нь Монголд хэрэгжүүлдэг цоохор дээлтэй Ерөнхийлөгч аснаасаа эхлээд "эх оронч"-ийн дүрд хувирсан эдийн засгийн алуурчин цөөнгүй бий.

Хоёрт, эрчим хүчний хямд эх үүсвэртэй болсноор үе, үеийн Засгийн газрын өч, төчнөөн жил ярьса аж үйлдвэржилтийн бодлого хэрэгжих хөрс, суурь нь бүрдэнэ. Нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулах нь Л.Оюун-Эрдэнийн сэргэлтийн, эдийн засгийн эргэлтийн бодлого болсон.  Гэвчиг  ямар ч үйлдвэржилт эрчим хүчгүйгээр хөгжих боломжгүй, тэр тусмаа өнөөдрийнх шиг өндөр өртөгтэй, айлаас хараат нөхцөлд аж үйлдвэржилтийн хувьсгал хийж чадахгүй.  Эрдэнэтийн зэс ба Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийг барих, Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэрүүдийг ашиглалтад оруулахад гол хөшүүрэг нь эрчим хүч байх нь мэдээжийн хэрэг.

Гуравт, Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад ямар ч сайн, сайжируулсан түлш үйлдвэрлээд ч нэмэргүйг өнгөрсөн өвлийн өтгөн утаанаас харсан, мэдэрсэн. Нийслэлийн яндангийн тоог бууруулахгүйгээр агаарын бохирдол алга болохгүй, улаанбаатарыг агаарын болон хөрсний бохирдлоос  аврах, ангижруулах арга зам нь ганцхан атомын цахилгаан станц. Улсдаа ядаж ганц ширхэг цөмийн реактор барихгүйгээр агаарын бохирдлыг бууруулна гэсэн ямар ч сайхан амлалт цаасан дээр үлдэнэ.

Технологийн ШИНЭ СЭРГЭЛТ

Дэлхийн цаг уурын байгууллагын сайн дурын хамтын ажиллагааны хөтөлбөрийн санхүүжилтээр Монгол Улс 1970 оны зургадугаар сард хиймэл дагуулаа мэдээ хүлээн авах газрын төхөөрөмжийг суурилуулж, үүл, цасны тархалт болон цаг агаарын өдөр тутмын мэдээг хүлээн авдаг болжээ. Анх ингэж хиймэл дагуулын ач холбогдлыг мэдэрсэн монголчууд 2017 онд  "Мазаалай" гэх нэртэй анхны хиймэл дагуулыг хөөргөсөн. Энэ нь 1981 оны гуравдугаар сард монгол хүн сансарт анх ниссэнээс 36 жилийн дараах Монголын шинжлэх ухааны салбарын түүхэн үйл явдлаар нэрлэгдэж байв.

Тэгвэл Э.Макроны айлчлалаар “Үндэсний хиймэл дагуул” төслийг хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Монгол Улс өдгөө гадны хиймэл дагуул түрээслэдэг тул нийт газар нутагт интернэт үйлчилгээ үзүүлэх боломжгүй, тиймээс үндэсний хиймэл дагуултай болсноор алслагдсан нутаг ч өндөр хурдны интернеттэй болох гэнэ. Ингэснээр төр бүхэлдээ цахимжих боломж бүрдэнэ, гадагшаа урсдаг валютыг дотооддоо шингээж үлдэж чадна. Засгийн газрын  дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын зургадугаарх нь Төрийн бүтэмжийн сэргэлт агаад энэ хүрээнд "Цахим үндэстэн төслийн хүрээнд 2024 он гэхэд төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийг 50-иас доошгүй хувиар бууруулна" гэх зорилт тавиад буй.  Энэ мэтчилэн  Э.Макроны айлчлалаар аманд орж ирсэн шар тосоо хэлээрээ түлхчихгүй бол француудын дэмжлэгтэйгээр хөдөө аж ахуй, цөм, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт амжилт гаргах ирээдүйд хүлээж байна.

Гэхдээ дөрвөн уулын дундаа Улаанбаатарынхаа утаан дотор урагшаа хөгжихгүй ч уйдах завгүй улстөржиж, алт сандайлсан гуйлгачид хэвээр үлдэх үү, аль эсвэл Францын хөгжлийн галт тэргэнд хамтдаа суугаад хөдлөх үү гэдгийг эцсийн эцэст Э.Макрон биш монголчууд өөрсдөө шийднэ.

 

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж