Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр Монгол Улсад түүхэн айлчлал хийлээ. Хятад, Оросын дунд оршдог гэдэг стратегийн ач холбогдлоороо барууныхны анхаарлыг татаад буй улсад Францын ерөнхийлөгч анх удаа айлчилж буй нь энэ гэж тус улсын мэдээллийн "France24" цахим хуудаст бичжээ.
"France24" цахим хуудаст мэдээлснээс сийрүүлбэл, "Францын төрийн тэргүүн Японы Хирошима хотод болсон Их-7-ийн чуулга уулзалтад оролцсоныхоо дараа Улаанбаатарт хүрэлцэн ирлээ. Монголын хувьсгалч баатар Дамдины Сүхбаатар болон Чингис хааны хөшөөтэй Сүхбаатарын талбайд түүнийг угтан авах ёслол болов. Мөн 13 дугаар зууны байлдан дагуулагч Чингис хааны нэрээр нэрлэгдсэн музейд Макрон хүндэтгэлийн зоог барьжээ. Чингис хааны музей нь цуглуулгынхаа зарим хэсгийг Францын баруун хэсэгт орших Нант хотын түүхийн музейд түр зээлэх болсон. Тус музей нь аравдугаар сард үзэсгэлэн нээхээр төлөвлөж байна" гэжээ.
Елисейн ордны эх сурвалжийн мэдээлснээр Франц улс нь Оросын хөрш орнуудад тавьсан хязгаарлалтаа сулруулж, тэдний сонголтуудыг нээлттэй болгохыг эрмэлзэж байгаа аж. Түүнчлэн Монгол Улс нь эрчим хүчний нийлүүлэлтийг төрөлжүүлэх Европын хүчин чармайлтын нэг хэсэг болж чадна гэжээ.
"Modern Diplomacy" цахим хуудаснаа мөн Эммануэл Макроны айлчлалыг онцолжээ. "Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ялангуяа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар албан ёсны яриа хэлэлцээ хийлээ. Ногоон эрчим хүч, зам тээвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарт харилцан ашигтай хамтран ажиллаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хэлэлцэв. Түүнчлэн "Хүнсний хувьсгал", "Нэг тэрбум мод", "Ерөнхийлөгчийн тэтгэлэг – 2100" гэсэн үндэсний аяны хүрээнд хамтран ажиллахаар хэлэлцжээ.
Эх сурвалж: FRANCE24, MODERN DIPLOMACY
Холбоотой мэдээ