“Тату”-гийн Лена соло цомог гаргана

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

“Тату”-гийн Лена соло цомог гаргана

Оросын “Тату” хамтлагийн гишүүн Лена Катина соло карьераа эхлэхээр болсон тухайгаа албан ёсоор зарлажээ. Тэрбээр ирэх есдүгээр сарын 17-нд Сан-Францискод болох Summer Climax 2010 хөгжмийн фестивальд оролцох аж. Мөн удахгүй өөрийн бие даасан цомгоо гаргах тухайгаа мэдэгдсэн байна.

Харин Юля Волкова өнгөрсөн онд АНУ-д бие даасан бүтээлээ эхлүүлэн хэд хэдэн дуугаа бичүүлээд байгаа гэнэ.

Хамтлагийн түүхээс сонирхуулбал, 1999 онд найруулагч, хөгжмийн зохиолч Иван Шаповалов ТАТУ нэртэй төсөл боловсруулж өсвөр насны 500 хүүхдийг шалгаруулалтанд оруулсан. Мосфильмийн студид болсон шалгаруулалтаас 15 настай Лена Катина, Юля Волкова нарыг сонгож авснаар уг хамтлаг үүссэн түүхтэй.

Хамтлагийн хамгийн анхны хит дуу нь "Я сошла с ума". Энэхүү дуу нь гарсан даруйдаа амжилт олж, өсвөр насныхныг байлдан дагуулсан юм.

Мөн уг дууны видео клип нь “MTV Video Music Awards” наадмын хамгийн шилдэг орс клип шагналыг авч байжээ.

2001 онд ТАТУ хамтлаг "200 по встречной" хэмээх анхны цомогоо гаргасан. Энэхүү цомог нь Оросын хамгийн их хувь борлогдсон цомгоор шалгарсан ба Европт нэг сая хувь борлогдсон байна.

Харин 2002 онд “200 km/h in the Wrong Lane” нэртэй хоёр дахь цомогоо гаргажээ. Энэ цомог нь ч мөн амжилттай борлогдож, Европын олон орнуудаар хамтлаг нэрд гарсан юм.

ТАТУ хамтлаг 2003 оны сүүлээр Англи, Өмнөд Африк, Солонгос, Сингапур, Герман, Австри, Швейцарь, Франц, Испани, Мексик, Тайван, Финлянд, Польш, Итали, Гонконг, Чех, Канад Японд ихэд алдаршсан бөгөөд дэлхийн хамгийн шилдэг поп хамтлаг гэдэг шагнал хүртжээ.

2005 онд тэд "Dangerous and Moving", “Lyudi Invalidy” нэртэй хоёр цомог гаргасан. Энэхүү хоёр цомог нь мөн л Оросын хамгийн их борлогдсон цомгоор шалгарч байжээ.

2006 онд «t.A.T.u. The Best» цомог гаргажээ.

Харин 2008 онд “Весёлые улыбки” цомгоо гаргасан бөгөөд Орост 200 мянган хувь борлогдсон байна.

“Waste Management” цомгоо 2009 онд гаргажээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж