Олимпийн медальтнууд маргааш ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Олимпийн медальтнууд маргааш ирнэ

Олон улсын олимпийн хорооноос түүхэндээ анх удаа зохион байгуулсан “Сингапур-2010” хүүхэд, залуучуудын олимпийн наадамд амжилттай оролцсон Монголын баг тамирчид маргааш өглөө эх орондоо ирэх гэж байна.
Хүүхдийн анхдугаар олимпийн наадамд амжилттай оролцож, эх орныхоо төрийн дууллыг олимпийн тэнгэрт эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа хилийн чанадад мандуулсан баг тамирчдыг “Чингис хаан” нисэх онгоцны буудалд угтаж авах ёслол маргааш өглөөний 11.30 цагт болох аж. Улмаар олимпийн тэнгэрт эх орныхоо нэр алдрыг дуурсгасан өсвөрийн шилдэг тамирчдад БТСГ-ын хамт олон хүндэтгэл үзүүлэх бол уг уулзалтын дараа тамирчид 12.30 цагаас Спортын төв ордонд болох хэвлэлийн бага хуралд оролцох юм байна.

“Сингапур-2010” хүүхдийн анхдугаар олимпийн наадмаас манай баг тамирчдаас чөлөөт бөхийн төрөлд хүч сорьсон Б.Батцэцэг, спортын гимнастикийн төрөлд өрсөлдсөн Г.Эрдэнэболд нар аваргын алтан медаль хүртсэн бол жүдогийн холимог багийн тэмцээнд оролцсон О.Дөлгөөн мөнгөн медалийн эзэн болсон билээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж