"Ган хүдэр орд" ХХК болон Л.Ням-Очирын баримтыг уншиж сонсгохгүй

Хуучирсан мэдээ: 2023.05.22-нд нийтлэгдсэн

Live"Ган хүдэр орд" ХХК болон Л.Ням-Очирын баримтыг уншиж сонсгохгүй

Хөгжлийн банкны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2023.05.22/ 26 дахь өдрөө үргэлжилж байна.


 

17 : 47
2023-5-22

"Л.Чулуунбаатар Ц.Содхүүд "Болор шүр" ХХК-ийн эрхийг бүрэн шилжүүлсэн"

"Болор шүр" ХХК-ийн хувьцаа эзэмшигч н.Агваанлувсан хасагдах, Л.Чулуунбаатар нэмэгдэх өөрчлөлтийг бүртгүүлэхээр гаргасан Л.Чулуунбаатарын 2017 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн өргөдөл, өөрчлөлтийг нэрийн баталгаажуулсан хуудас, тус компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, Агваанлувсан, Чулуунбаатар нарын хооронд байгуулсан эрх шилжүүлэх тухай гэрээ, Агваанлувсангийн бэлэглэлийн гэрээ, дүрэм зэрэг эдгээр баримтууд 48 дугаар хавтаст хэргийн 38-51 хуудаст байгаа. 

Л.Чулуунбаатар 2017 оны дөрөвдүгээр сарын 26-нд компанийн эрхийг бүрэн шилжүүлж авсан нь эдгээр нотлох баримтаар нотлогдож байна. АМГТГ-аас энэ компанид Дорнод аймгийн Баян-Уул сумын Хужиртад байрлах 345.46 га талбай бүхий уурхайн талбайг ашиглахыг зөвшөөрсөн. 2010 оны есдүгээр сарын 16-нд 016658 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хавтаст хэрэгт авагдсан байна. Энэ нотлох баримтыг шинжлэн судлуулахаар тэмдэглүүлье. Л.Чулуунбаатарыг захирлаас чөлөөлөх, Ц.Содхүүг 51 хувийн хувьцаа эзэмшигч буюу захирлаар томилох, хуулийн этгээдийн мэдээллийг улсын бүртгэлд оруулах, тус компанийн захирлаар Ц.Содхүүг элсүүлэх тухай 2017 оны наймдугаар сарын 17-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, компанийн дүрэм, Л.Чулуунбаатар, Ц.Содхүү нарын хооронд байгуулсан компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ болон нэг ширхэг бүр нь 221 мянган төгрөгийн үнэтэй 510 ширхэг хувьцаатай холбоотой баримт бичгийг Ц.Содхүүд бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ зэрэг баримтууд авагдсан. 

Л.Чулуунбаатар нь компанийн эрхийг 2017 оны наймдугаар сарын 17-нд Ц.Содхүүд шилжүүлсэн нь нотлогдож байна. 

14 : 18
2023-5-22

"Б.Чойжилжалбуу: Надад зээл шийдүүлж өгсөн гэж ямар ч мөнгө өгөөгүй гэж мэдүүлсэн

Шүүгдэгч Б.Чойжилжалбуугийн өмгөөлөгч Л.Данзанноров:

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд хамаардаггүй, 22.4 дүгээр заасан хэрэгт хамааралтай товч баримтыг танилцуулъя. Судлуулах баримтынхаа жагсаалтыг шүүхэд гаргаж өгсөн. Эндээс зарим баримтыг уншъя. 176 дугаар хавтаст хэргийн 33-35 дугаар талд Л.Ням-Очироос авсан мэдүүлгийн тэмдэглэлд 2022 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр "Би үнэхээр үнэнгээ хэлье. Надад дарга цэрэг гэж явж байсан зүйл байхгүй. Хар залуугаасаа хар бор ажил хийж ирсэн. Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнуудад хэлж яриад зээл авсан удаа байхгүй" гэсэн. 

Мөн 176 дугаар хавтаст хэргийн 40-42 дугаар талд гэрчээр дахин мэдүүлэг өгөхдөө 2022 оны гуравдугаар сарын 24-нд "Б.Чойжилжалбуутай хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ гэхэд барааг нь харалгүй 4-5 жил болж байна. Хэзээ сүүлд уулзсанаа ч санахгүй байна. Тухайн үед би Төмөртийн уурхайгаас 130 мянган тонн хүдрийн баяжмал авах гээд Хөгжлийн банкны Б.Чойжилжалбуугаар яриалж, зуучлалын хөлс өгсөн гэсэн мэдүүлэг. Мөн 55 дугаар талд н.Мягмаржав гэрчээр мэдүүлэг өгөхдөө "Миний хувьд үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хариуцан ажиллаж байсан. Л.Ням-Очир Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс төмрийн хүдрийн нунтаг баяжмал авах ажлыг өөрөө хөөцөлдөж, тус үйлдвэртэй нэг өдөр гэрээ хийхээр болсон. Намайг гэрээнд гарын үсэг зураарай гэж хэлсэн. Ингээд төмрийн хүдрийн гэрээнд 2017 оны  наймдугаар сарын 17-нд гарын үсэг зурж, баталгаажуулсан. Гэрээ ажил хэрэг болсон" гэж баталдаг.

Мөн 120-121  дүгээр талд гэрч н.Шижир "Б.Чойжилжалбууг мэднэ. 2013 оноос хойш Монголын ипотекийн корпорацийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа. Энэ хугацаанд энэ хүн Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан гэдгийг хэлсэн байдаг. Харин Б.Чойжилжалбуу саяны агуулгыг баталж, тэр гэрээний зуучлалын хөлс гэж дээрх мөнгийг авсан. ТУЗ-ийн дарга Мөнхбаатар, захирал нь н.Шижир гэж хүн байдаг учраас Л.Ням-Очир надад хандсаны дагуу Мөнхбаатартай зуучилж, гэрээ байгуулж өгсөн байх" гэж мэдүүлэг өгсөн. Саяны мэдүүлгээ баталж бас мэдүүлэг өгсөн байдаг.

Тэрбээр "Зээл шийдүүлж өгсөн гэж ямар ч мөнгө өгөөгүй гэж мэдүүлсэн. Намайг цагдан хоригдож байх хугацаанд мэдүүлэг авсан. Л.Ням-Очиртой уулзах боломжгүй ч агуулгаараа яв цав таарч байгаа" гэдгийг өмгөөлөгч хэлэв. Хувийн байдалтай холбоотой мэдээллийг бичгээр гаргаж өгч байгааг өмгөөлөгч хэлэв. 

14 : 12
2023-5-22

"Ган хүдэр орд" ХХК болон Л.Ням-Очирын баримтыг уншиж сонсгохгүй

Шүүгдэгч "Ган хүдэр орд" ХХК болон Л.Ням-Очирын өмгөөлөгч Мөнгөнсүх:

-Хавтаст хэрэгт 176-205 дугаар талд буюу долоон хавтаст хэрэгт байгаа 522 хуудсыг шинжлэн судлуулахаар тэмдэглүүлнэ. Шинжлэн судлах баримтыг уншиж сонсгохгүй. Тус бүрт нь бичгээр тайлбар гаргаж өгнө гэв. 

13 : 33
2023-5-22

"Ган хүдэр орд" ХХК өр төлбөрийн үлдэгдэлгүй байх гэсэн шаардлага хангагдаагүй"

"Ган хүдэр орд" ХХК-тай холбоотой буюу Хөгжлийн банкны зээлийн хорооны дүгнэлтийг шинжлэн судлав. Зээлийн хорооны дарга гишүүд нь "Ган хүдэр орд" ХХК-д Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1.3-10.1.5 зүйлд заасан шаардлага хангахгүй байхад Зээлийн хороо нөхцөлтэйгөөр зээл олгохыг дэмжиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан. Мөн Зээлийн хорооны гишүүн Актив пассив хөрөнгийн удирдлагын захирлаар ажиллаж байсан н.Чойжилжалбуу албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн үүсгэн байгуулагч Л.Ням-Очироос хахууль авсан, өгсөн гэсэн үйлдэлтэй хэргийн нотлох баримтуудыг хавтаст хэрэгт шинжлэн судална. Энэ хэрэгт хамааралтай нотлох баримтууд 176-205 дугаар хавтас хүртэл байгаа. Эхлээд зээлийн хувийн хэргээс хамааралтай нотлох баримтуудыг шинжлэн судалъя. 

Зургаан хавтас материал байгаа. 183 хавтаст хэргийн 205 дугаар хуудаст Хөгжлийн банкинд "Ган хүдэр орд" ХХК 2017 оны тавдугаар сарын 8-ны өдөр албан бичгээр хүсэлт гаргасан. Зээлийн хүсэлтэд "Манай компанийн "Хорголжин хүдэр үйлдвэрлэх төсөл экспортыг дэмжих шалгарсан төсөл. Уг төслөөрөө Төрийн банкнаас зээл авахаар судлуулсан боловч удааширсан учраас Хөгжлийн банкинд таван тэрбум төгрөгийн зээлийг ам.доллараар судлуулан авах хүсэлтэй байна гэжээ. Мөн 183 хавтаст хэргийн 205-209 дүгээр хуудаст зээлийн өргөдлийн маягт авагдсан. 

Л.Ням-Очирын 2012 оны хоёрдугаар сарын 29-ний өдрийн "Ган хүдэр орд" ХХК-ийг үүсгэн байгуулсан бичгийг шинжлэн судлуулъя. Тус компани 2012 оны гуравдугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн. Гадаад дотоод худалдаа, төмрийн хүдрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, нэг хувьцаа эзэмшигчтэй. 2017 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Т.Туул захирлаар томилж байсан. 

Зээлийн газраас "Ган хүдэр орд" ХХК-ийн хорголжин төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн төслийг судалж, 2017 оны зургадугаар сарын 5-ны өдрийн зээлийг танилцуулсан 183 дугаар хавтаст хэргийн 179-189 талд авагдсан байна. Таван гишүүн зөвшөөрсөн хэсэг дээр зөвлөж, гарын үсгээ зурсан. Я.Сод-Эрдэнэ гээд Зээлийн хорооны Хяналт шалгалт, тамгын газрын захирал ганцаараа татгалзсан. н.Дэлгэрсайхан ажлын албаны дарга хуралд оролцоогүй, ээлжийн амралттай байсан гэсэн тэмдэглэгээ бий. 

183 дугаар  хавтаст хэргийн 162 дүгээр талд энэ Зээлийн хорооны дүгнэлтээс харахад ТЭЗҮ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг эрх бүхий байгууллагуудаар батлуулахгүйгээр Хөгжлийн банкны хуультай ижил байх нөхцөлийн тухайд баримт бичгийн бүрдүүлэлт, санхүүжилтын шаардлага хангахгүй байгаа, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг эрх бүхий байгууллагаас эцэслэн шийдвэрлээгүй, шийдвэр гарсны үндсэн дээр санхүүжүүлэх шийдвэр гарах ёстой байтал зээл олгохын өмнө зөвшөөрсөн шийдвэр гаргасан гэдэг нь харагдаж буй. Хөгжлийн банкны хуульд нийцэхгүй, тодорхойгүй нөхцөл байдлыг урьдчилаад шийдвэрлэсэн асуудал баримтад харагдаж байна. Мөн шүүхийн шийдвэрээс тогтоогдсон өр төлбөрийн үлдэгдэлгүй байх гэсэн шаардлага хангагдаагүй байхад зээл олгохыг дэмжсэн байна.

Нэг ёсондоо зээл судлагдаж байх шатанд төслийн ТЭЗҮ шийдвэрлэгдээгүй байсныг нотлох баримтаар нотолж байна. 

"Ган хүдэр орд" ХХК-ийн захиалгаар "SRD" констракшны боловсруулсан Дархан-Уул аймгийн Орхон суманд байрлах жилд 150 мянган тонн хорголжин төмрийн хүдрийн үйлдвэрийн ТЭЗҮ нь УУХҮЯ-ны дэргэдэх Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн ТЭЗҮ-д тавигдах үндсэн шаардлагыг хангаж байна гэж дүгнэсэн. Мөн 520 дугаартай хавтаст хэрэгт Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 17 дугаар магадлалаар хариуцагч "Ган хүдэр орд" болон Л.Ням-Очир нараас 267.315.709 төгрөгийг гаргуулж, хятадын хоёр иргэнд олгохыг шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэр бий. Үүнийг шинжлэн судлуулъя. Энэ шийдвэрээс харахад тус компани бусдад төлөх өр төлбөртэй байсан гэдэг нь нотлогдож буй.

13 : 05
2023-5-22

"Баруун баян транс" ХХК-тай холбоотой нотлох баримтыг шинжилж дууслаа

Чойжилжалбуугийн өмгөөлөгч Л.Данзанноров "Өмнө нь танилцуулсан "Ган Хүдэр орд" ХХК, "Монгол эмпекс", "Монгол мах экспо" гэсэн гурван компаниас бусад асуудлаар бусад төслүүд дээр тусгайлан танилцаж, судлах баримт байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлд зааснаар ямар нэгэн маргаан байхгүй гэв. 

Ингэснээр талууд "Баруун баян транс" ХХК-тай холбоотой нотлох баримтыг шинжилж дууслаа.

12 : 45
2023-5-22

"Баруун баян транс" ХХК-д зээл олгохыг эцэслэн шийдвэрлээгүйг баримтаар нотолж байна"

Шүүгдэгч Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Д.Батсүх:

-"Баруун баян транс" ХХК-ийн төсөлд хамаарах нотлох баримтуудыг шинжлэн судлуулъя. 257 дугаар хавтаст хэргийн 124 дүгээр хуудаст Хөгжлийн банкны Зээлийн хорооны 2017 оны тавдугаар сарын 9-ний өдрийн 28 дугаартай дүгнэлт бий. Энэ хэсгийн шийдвэр гэсэн хэсэг байна. "Баруун баян транс" ХХК нь дараах нөхцөлүүдийг хүлээн авсан тохиолдолд зээл олгох асуудлыг Зээлийн хорооны хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тогтов. Нэгд, хөдлөх эд хөрөнгийг заавал нэмж барьцаалах.

Хоёрт, банкны санаачилгаар санхүүгийн түрээсийн санхүүжилтэд шилжүүлэхийг зөвшөөрч батлах, "Совисгобисхэндс" ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хугацааг сунгах талаар хэлэлцээр хийсэн байх, зээлийг үе шаттайгаар олгох ба Хөгжлийн банк дахь төсөл хэрэгжүүлэгчийн данснаас тоног төхөөрөмжийн төлбөрийг бэлтгэн нийлүүлэгчид шууд шилжүүлсэн байх гэсэн нөхцөлийг зөвшөөрсөн тохиолдолд Зээлийн хороогоор дахин хэлэлцүүлэхийг зөвшөөрсөн буюу энэ дүгнэлтээр тухайн компанид зээл олгох асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй гэдгийг нотлох баримтаар нотолж байна. 

260 дугаар хавтаст хэргийн 189 дүгээр талд Хөгжлийн банкны Зээлийн хорооны хурлын 2017 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 2017/30 дугаартай дүгнэлт байгаа. Энэ хуралдаанаар "Баруун баян транс" ХХК-иас ирүүлсэн хүсэлтийн дагуу техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих төсөлд зориулж, 454 сая иенийн зээлийг дараах нөхцөлтэйгөөр олгохыг дэмжив гэсэн шийдвэр гарсан. Энэ хуралдаанд Ч.Мөнхбаяр оролцоогүй. Энэ нь Ч.Мөнхбаяр дэд захирал бөгөөд төслийн санхүүжилтын зээлийн газрын дарга гэсэн хэсэгт тэмдэглэгээ хийгээгүй, гарын үсэг зураагүй болохыг нотолж байна. 

12 : 23
2023-5-22

"Батбаярыг өөрийн хөрөнгийнхөө 3 хувь байсныг 0.6 болгосон гэж буруутгасан"

Шүүгдэгч н.Батбаярын өмгөөлөгч:

"Баруун баян транс" ХХК-ийн чанаргүй зээлд н.Батбаярыг буруутгахдаа 2017 оны дөрөвдүгээр сарын 19-ний Засгийн газрын хуралдаанаар өөрийн хөрөнгийнхөө гурван хувь байсныг 0.6 хувь болгосон хувь хэмжээг тогтоосон. Мөн 0.6 хувиас дээшх үнийн дүнтэй зээлийг ТУЗ-өөр хэлэлцэх ёстой байтал ТУЗ-ийн бүрэн эрх хэмжээг өөртөө авч, Зээлийн удирдлагын хороогоор шийдвэрлэж, тушаалаар зээлийн гэрээ байгуулсан гэж яллах дүгнэлтэд буруутгадаг юм. Гэтэл энэ Засгийн газрын тогтоол нь зургадугаар сарын 12-нд ирж, зургадугаар сарын 23-нд ТУЗ-ийн хурлаар "Баруун баян транс" ХХК-ийн зээлийг хэлэлцсэн байдаг. Энэ нь 266 дугаар хавтаст хэргийн 74 дүгээр хуудаст авагдсан мөрдөн байцаагчийн бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэлээр баталгаажсан байгаа. 

Тус компанид олгосон зээлийн асуудалдтай холбоотой Хөгжлийн банкны 2017 оны зургадугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэл гэж сидинд бичиж авсан байсан. Тус компанийн техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих төслийн санхүүжилтыг олгох асуудал байгаа гэж ТУЗ-өөр хэлэлцэхгүй, Засгийн газрын тогтоол гарчихаад байхад ТУЗ-ийн бүрэн эрхийг өөртөө шилжүүлсэн гэж "Баруун баян транс" ХХК-д үндэслэж, мөрдөгч сидид үзлэг хийж бэхжүүлснийг шинжлэн судлуулъя. 

Хөгжлийн банкны ТУЗ-ийн журмыг үндэслэж, 50 тэрбум төгрөгөөс доош үнийн дүнтэй гэрээ хэлцэл хийсэн тохиолдолд ТУЗ-өөс уг санхүүжилттэй танилцаж, хурлын тэмдэглэл гаргана гэсэн. Тэр тэмдэглэлийг мөрдөгч өөрөө тэмдэглэж авчихаад байхад ТУЗ-өөр хэлэлцэж, хуралдааны тэмдэглэлийг хуулсан байхад ТУЗ-д танилцуулахгүйгээр шийдвэрлэсэн гэж буруутгаж байна. Энэ бол үндэслэлгүй. Хоёрт, энэ зээлийг 2017 оны аравдугаар сарын ТУЗ-өөс хэлэлцэж, нөхцөл шаардлага хангавал "ДБМ ЛизингХХК-руу "Баруун баян транс" ХХК-ийн бүх эрхийг шилжүүлсэн бүх тэмдэглэл нь байгаа юм. Нэг ёсондоо "ДБМ ЛизингХХК иргэний  хариуцагч, нэхэмжлэгч, хохирогчоор орж ирээгүй. Хөгжлийн банк байхад энэ бүх эрхийг авсан гэдэг нотлох баримтыг шинжлэн судлуулъя. ТУЗ-өөр хэлэлцсэн асуудлыг хэлэлцүүлээгүй гэдгийг сая уншлаа. 

11 : 56
2023-5-22

"М.Чингүүний мэдүүлгийг шинжлэн судална"

Шүүгдэгч Т.Мөнхтулгын өмгөөлөгч:

Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкнаас одоо хэчнээн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаарх лавлагааг хүссэн бичиг ирүүлсэн.Энэ лавлагаа нь хавтаст хэргийн 230-232 дугаар хуудаст бий. Үүнийг шинжлэн судлахаар хурлын тэмдэглэлд тэмдэглүүлж байна. 

Хавтаст хэргийн 44 дүгээр хуудаст төслийн санхүүжилт, Зээлийн газрын төслийн зээл санхүүжилтийн хэлтсийн захирлын ажлын байрны тодорхойлолт бий. Ажлын байрны зорилго гэдэгт гүйцэтгэх удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу бичиг баримт, санал боловсруулалт, танилцуулга, тайлагнах, зааварчилгаа өгөх, ажлын гүйцэтгэл, хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэх, чанарын хяналтыг эцэслэн хэрэгжүүлэх, мэдээллээр хангах гэсэн хуваарьтай. Шийдвэр гаргах эрх байхгүй байгаа. 

267 дугаар хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудаст мөрдөгчийн тогтоол байна. Иргэний хариуцагчаар татсан тогтоолыг 2022 оны гуравдугаар сарын 24-ний өдөр н.Батбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэгт "Баруун баян транс" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Чингүүнийг эрүүгийн хариуцагчаар татсугай гэсэн байна. Иргэний хариуцагчийг зөв тогтоосон эсэх асуудлыг ярихаар юм билээ. М.Чингүүний мэдүүлгийг шинжлэн судална. 

09 : 30
2023-5-22

"Хөгжлийн банкнаас 154 сая иенийн зээл авч, "Баруун баян транс"-т олгохыг даалгасан"

Хэргийн нотлох баримтыг шинжлэн судалж байна.

Шүүгдэгч Т.Мөнхтулгын өмгөөлөгч:

-Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, зээлийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан Т.Мөнхтулга бол миний үйлчлүүлэгч. Түүнийг яллах дүгнэлтэд бичсэнээр гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 2017 оны зургадугаар сарын 30-ны өдөр гэж тодорхойлсон. Гэтэл прокурорын яллагдагчаар татах тогтоол 2022 оны есдүгээр сарын 6-ны өдөр. Үүнийг шинжлэн судалж байна. 

256 дугаар хавтаст хэргийн 70-76 дугаар хуудаст "ДБМ ЛизингХХК-тай холбоотой баримтууд авагдсан. Хөгжлийн банкнаас "Баруун баян транс"  ХХК-д санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр байгаа. Энэ тогтоолын нэг дэх заалтад техникийн хүчин чадлыг нэмэгдүүлж, төслийг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн банкнаас нийт 154 сая иенийн зээл авч, "Баруун баян транс" компанид санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахыг тус компанийн удирдлага О.Гэрэлмаад даалгасугай. Хоёрдугаар заалтад Хөгжлийн банктай байгуулсан барьцааны гэрээний нөхцөлийг "Баруун баян транс" компанитай байгуулах, санхүүгийн түрээсийн гэрээ барьцааны гэрээний нөхцөлөөр хоёрдугаар хавсралтаар баталсугай. Санхүүгийн түрээсийн эргэн төлөлт тоног төхөөрөмжийн ашиглалтад байнгын хяналт тавьж ажиллахыг "ДБМ Лизинг" ХХК-ийн үйл ажиллагааны газарт даалгасугай гэсэн шийдвэр гарсан байдаг. Энэ шийдвэр гарахаас өмнө санхүүгийн  түрээсийн нөхцөл, зээлийн нөхцөл, лизингийн хорооны дүгнэлт, эрсдэлийн болон хуулийн дүгнэлт авагдсан. 

Эрсдэлийн дүгнэлтэд зээлдэгчийн зэрэглэл нь А. Харилцах зээлийн үүргээ биелүүлэх чадвартай, дундаас дээгүүр зэрэгтэй, эдийн засгийн болон бизнесийн салбарын өөрчлөлт, төлбөрийн хувьд тогтвортой гэсэн ангилалаар "ДБМ ЛизингХХК руу шилжсэн байдаг юм. Харин 102 дугаар хуудаст Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ "Баруун баян транс" ХХК-ийн захирал Н.Чингүүн шүүхээр уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шийдвэрлэгдэж байх хугацаанд тус компанийг төлөөлж, хариуцагч байгууллагууд руу хандах замаар, их хэмжээний хохирол учруулах үйлдлүүд хийсээр байгаа. Цаашид түүний компанид учруулсан хохирлын хэмжээ нэмэгдэх, компанийг дампууруулах эрсдэлд хүргэсэн. Тиймээс н.Чингүүнийг тодорхой ажил гүйцэтгэхгүй байхыг даалгах захирамж гарсан байдаг. 

"ДБМ ЛизингХХК-иас "Баруун баян транс" ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Чингүүнд хүргүүлсэн албан бичигт "Баруун баян транс" ХХК-ийн захирлын бичигтэй танилцлаа. 2018 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр захирамжийн хуулбар ирүүлжээ. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1.5 зааснаар хариуцагч "Баруун баян транс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын хувьд ямар нэгэн ажил үүрэг гүйцэтгэхгүй байхыг даалгаж, шүүхийн шийдвэр гарсан учраас тус компанийн захиралын үг, үйлдлийг хүлээн авах боломжгүй гэсэн байна. 

Хавтаст хэргийн 115 дугаар хуудаст харилцах данснаас гүйлгээ хийх шийдвэр гэж буй. Үүнийг прокурор нарийн сайн шинжлэн судлаагүй учраас зарим баримтыг дурдъя. Хөгжлийн банк болон "Баруун баян транс" ХХК-ийн хооронд 2017 оны зургадугаар сарын 29-ний өдөр байгуулсан барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ "Баруун баян транс" ХХК-ийн зургадугаар сарын 27-ны хүсэлт, "Хитачи" фермийн эксковатор ирэх оны гуравдугаар сараас нааш олдох боломжгүй болсон тул илүү хүчин чадал бүхий "Камацу" загварын эксковатор худалдан авахаар болж, хамтран санхүүжүүлж буй Худалдаа хөгжлийн банк, өөрийн дансаар гүйлгээ хийх шаардлага тавьсны дагуу тус компанийн өөрийн нэр дээр ХХБ-ны дансанд холбогдох санхүүжилтыг шилжүүлэх хүсэлтийг "Баруун баян транс" болон "Трансперт Монголиа" ХХК-ийн хооронд 2017 оны зургадугаар сарын 29-нд байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд үндэслэн төлбөрийг шилжүүлэв гэсэн. Тэгээд 2017 оны зургадугаар сарын 29-нд гарын үсэг зурсан байдаг. 

Миний үйлчлүүлэгчийг гарын үсэг зурж, давуу байдал бий болгосон гэсэн. Гэтэл энэ гүйлгээнд Т.Мөнхтулга гарын үсэг зураагүй байдаг. Тэгэхээр Т.Мөнхтулгын гарын үсэг зурсан зураагүй зээлийн гүйлгээг хийдэг шүү гэдэг нь харагдаж байна. "Баруун баян транс" компанийн хоёр дахь санхүүжилтийг хийсэнтэй адил бас л Т.Мөнхтулгын гарын үсэг байхгүй, харилцах данснаас гүйлгээг хийсэн байдаг. 

"Баруун баян транс" ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Чингүүнийг Хөгжлийн банкнаас зээл авахын тулд компанийн дүрмийн санг өсгөж, хөрөнгийг завшсан, бусдыг залилан мэхэлсэн гэдгээр хэрэг бүртгэл нээж, яллагдагчаар татаад явж байсан баримтууд бий. Шинжлэн судалснаар тооцож, өмгөөлөгчийн дүгнэлтэд хавсаргая. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж