Улс төр судлаач Б.Дэлгэрмаатай ярилцлаа.
-Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүрээнд “парламентыг 126 гишүүнтэй болгох. УИХ-ын гишүүний 76 нь тойргоос, 50 нь пропорцианалиар сонгодог болъё” гэдэг дээр парламентад суудалтай намууд санал нэгдлээ. Энэ хувилбар Монголын одоогийн нөхцөлд хэр тохирох бол. Таны байр суурийг сонирхоё?
-Монгол Улс парламентын засаглалыг сонгоод 33 жил болж байна. 1992 оны Үндсэн хуулиар энэхүү бодлогоо баталгаажуулаад “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага” гэдгээ тодорхойлсон. Төсөл санаачлагчдын зүгээс “Парламентад олон намын төлөөлөл багтах ёстой учраас гишүүдийн тоог нэмсэн. Засгийн газартаа хяналт тавихын тулд гишүүдийн тоог нэмсэн. 1992 онд ардчилсан Үндсэн хуулийг баталж байхад Монгол Улсын хүн ам 2.4 сая одоогийнхоос цөөн байсан. Байнгын хороодод ажиллах гишүүд хэт цөөн. Чуулганы хуралдааныг 39 гишүүнээр ирц бүрдүүлээд 20 нь хууль баталдаг тул тоог нэмэгдүүлэх шаардлагатай ” зэрэг асуудал ярьж байгаа нь үндэслэл биш.
Монгол Улсын Үндсэн хуулиа цоо шинээр боловсруулж, засаглалын тогтолцоогоо нэг талдаа гаргахгүй бол де-факто Ерөнхийлөгчийн засаглалтай /тухайлбал, бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчтэй, гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн Ерөнхий сайд нь танхимаа өөрөө бүрдүүлж буй/, УИХ буюу хууль тогтоох байгууллага нь институцийн хувьд легитим шинжээ улам алдаж /тухайлбал: ЖДҮ, нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан зэрэгтэй нэр холбогдоогүй гишүүн үгүй/, хоёр том нам + нь ХҮН-ыг нийгэмд хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь өдрөөс өдөрт /Сант Марал сангийн судалгаагаар 85 орчим хувь нь МАН, АН, ХҮН-д итгэхгүй гэсэн судалгаа гарсан/ илэрхий байхад парламентад суудалтай намууд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх асуудал ярих нь ёс зүй, улс төрийн нөхцөл байдал талаасаа утга учир багатай юм. Нэг үгээр, цаг нь биш байна, нийгэм хүлээж авахгүй байна.
Дэлхийн хөгжлийн ерөнхий хандлага Smart, Efficient, Small. Бид дижитал ертөнцөд амьдарч байна. Бага зардлаар төрийн тогтолцоогоо бид эмхэлж болно.
Манай Монгол шиг 3.5 сая хүн амтай улсад ийм том данхайсан төрийн бүтэц байх нь хэр оновчтой юм. Гишүүдийн тоо нэмэгдэх тусам авлигаас ангид, гишүүд нь гадны нөлөөлөлд автах нь багасна гэдэг нь үндэслэл биш.
Монгол Улс өөрийн гэсэн онцлогтой. Нутаг дэвсгэр уудам, хүн ам цөөн тархмал, байгалийн арвин баялагтай орны хувьд, УИХ-д нутаг дэвсгэр болгоноос төлөөлөл байх ёстой гэж ярьж буй нь зөв. Өргөн дэлгэр нутагт засаг захиргааны оновчтой бүтцийг бий болгохоос өөр арга байхгүй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн реформ хийх цаг нь болсон. Жишээ нь, одоогийн 330 сумаа хошуу болгон томруулж, гурав дахин багасгаад, нутаг дэвсгэрээ эзэнгүйрэхээс хамгаалж татан буугдсан сумдаа суурин иргэншил гэдэг утгаар тосгон, жижиг хот байдлаар хөгжүүлэх, орон нутагтаа фермерийн аж ахуй эрхлэх боломж бий болгох, аймгаа цөөлөх, эдийн засгийн бүсчлэлээр хөгжүүлэх, тэндээс сонгогдож байгаа гишүүд нь нутаг дэвсгэрийн төлөөлөл болж, УИХ-д суух хэрэгтэй байна.
Нөгөөтэйгүүр, парламентын засаглалтай юм бол УИХ-аар бодлогын асуудлууд хэлэлцэгдэх ёстой. Ялангуяа, улс орны язгуур эрх ашиг, тусгаар тогтнолтой холбоотой асуудлыг төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аар хэлэлцэх нь зүй. Тухайлбал, Монгол Улс цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах уу,үгүй юу? Монгол Улсын нутаг дэвсгэрээр байгалийн хийн хоолойг барьж дамжуулах эсэх, НҮБ-ын зарим тогтоол, шийдвэрийг дэмжих эсэх, Орос болон Украины асуудлаар гэх зэрэг бодлогын шинж чанартай асуудлаар шийдвэр гаргаж байх нь зохистой. Зарим чухал асуудлаар референдум буюу ард нийтийн санал асуулга ч хийж болно.
УИХ-д улс орны хөгжлийг тодорхойлох бодлого бүхий улс төрийн намууд орж байж л бодлого хэрэгжинэ. Түүнээс хувь улстөрч бодлого хийхгүй. Нэг нам дангаар хийхгүй.
Монголд ардчиллын эд эс үр хөврөлдөө гэмтэж олигтой бойжиж төлжихгүй байгаа нь парламентын түүхэнд 1992, 2000, 2016, 2020 онд нэг нам үнэмлэхүй олонхи болсон нь шууд нөлөөлсөн. Харамсалтай нь, улс төрийн намууд шинэчлэгдэж чадахгүй байна.
-Яагаад улс төрийн намууд шинэчлэгдэхгүй байгаа вэ. УИХ дан ганц улстөрчид, бизнесмэнүүдээс бүрдэх ёсгүй шүү дээ?
-Орчин цагт ХХ зууны эхэн үед үүсч бий болсон масс улс төрийн намууд өөрчлөгдөж байна. Олон зуун мянган хатуу гишүүнчлэлтэй, хатуу дүрэм журамтай, засаг захиргааны бүх нэгжид бүтэцтэй /аймаг, дүүрэг, сум хороонд намын хороо, үүртэй г.м./ дэргэдээ ахмад, залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагатай, гишүүний татвартай, байр суурь нь намын дарга, удирдлагатай нийцэхгүй бол намаасаа хөөдөг, нийгмийн тодорхой анги, давхаргын эрх ашгийг илэрхийлж хамгаалдаг үзэл сурталтай коммунист /большевик/намууд дэлхийд улам цөөрсөөр. Манайд ч 30 гаруй жилийн өмнө улс төрийн тогтолцоо өөрчлөгдсөн. Ажилчин, малчин анги, сэхээтний давхарга гэж байхгүй, нийгмийн олон страт буюу өөр өөрсдийн ашиг сонирхол бүхий бүлгүүд бий болсон. Тиймээс бид Монгол Улсын иргэн, хувь хүн гэсэн өнцгөөс асуудалд хандах нь зүйтэй байх. Тийм ч учраас Үндсэн хуулиараа хүний эрх хэмээн маш чухал асуудлыг хэрхэн бодитой хэрэгжүүлэх тухай ярих нь чухал. Малчин нь байна уу, багш нь байна уу, залуучууд уу, тэтгэврийхэн үү, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байна уу тэр нь сонин биш. Харин дээрх нийгмийн тодорхой хүмүүсийн эрх ашгийг хэрхэн, яаж илэрхийлэх, хэрэгжүүлэх, хамгаалах зорилго бүхий институци нь улс төрийн нам юм.
Гэтэл нэг талаас улс төрийн намууд нь дээрх большевик загварын намын бүтцээс бүрэн салж чадаагүйн дээр одоогийн эрх баригч намын хувьд төржсөн нам болж картелийн шинжтэй болсон.
Үүний шинж тэмдэг нь төрийн алба намын томилгоо болж хувирсан, бизнесийн төлөөлөл улс төрийн намд орж ирсэн, яваандаа төр өөрөө хамгийн том бизнес эрхлэгч болсон зэргээр энэ тухай ярьвал дуусашгүй олон жишээ бий. Улс төрийн намууд шинэчлэгдэхгүй байгаагийн шалтгаан нь байгаа статус-кво буюу олсон эрх мэдлээ, байгаа байдлаа хадгалж үлдэх сонирхолтой байна. Энэ байдал удаан үргэлжлэх аваас нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрч үймээн самуун, эмх замбараагүй байдал газар авах магадлалтай.
Тиймээс Үндсэн хуулиа шинэчлэх цаг нь болсон, 30 жил бидэнд ололт амжилт ч бий, их ч алдлаа, олон ч сорилттой тулгарлаа. Үндсэн хуульдаа гар хүрэх болохоор л давхар дээл байх уу, гишүүдийн тоог нэмэх үү, сонгуулийн тогтолцоо нь мажоритар байх уу, пропорционалтай холимог байх уу гэсэн гуравхан асуудлыг л хэлэлцээд байдаг болохоос биш 1992 оны Үндсэн хуулиа бүхэлд нь шинэчлэх асуудлыг тавихгүй байна.
-Гишүүдийн тоог нэмэх тухай ярихад хоёр танхимтай болох тухай иргэд санал гаргаж байсан. Таны бодлоор ер нь хоёр танхимтай байна гэж үзвэл төр цомхон байх боломжгүй, дээр нь зардал л өсөх талтай биш үү?
-Монгол Улс хоёр танхимтай байж үзсэн. 1990 оны анхны чөлөөт, ардчилсан сонгуулиар 430 депутат бүхий Ардын Их Хурлыг нийгмийн, орон нутгийн төлөөлөл гэсэн утгаар хөдөө аж ахуйн нэгдэл, үйлдвэр, сургууль, албан байгууллагаас нэр дэвшиж сонгогдож байгуулж байсан. Харин байнгын ажиллагаатай парламент буюу Улсын Бага Хурлыг 53 гишүүнтэйгээр намын төлөөллөөр байгуулсан юм. Ардын Их Хурал нь 1992 оны Үндсэн хуулийг батлаж, түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Шинэ Үндсэн хуулиар нэг танхим бүхий УИХ байхаар заасан.
Үнэхээр нийгмийн бүлгүүдийн төлөөлөл мөн нутаг дэвсгэрийн төлөөлөл байх ёстой гэж үзэж байвал америкийн загвар бүхий Конгрессыг Монгол хувилбараар хуулбарлаж болно.
Тухайн үед Америкийн эцэг-үндэслэгчид Үндсэн хуулиа боловсруулахдаа муж улс тус бүрээс хууль тогтоох Конгрессын дээд танхим Сенатад 2 гишүүн сонгогдох гэснээр эдүгээ 6 жилийн хугацаатай, үүнээс 3 жил тутам ротацид ордог 100 гишүүнтэй, харин Төлөөлөгчдийн танхим нь 2 жилийн хугацаатай сонгогддог Бүгд найрамдах болон Ардчилсан нам гэсэн голлох хоёр намын гишүүд бүхий 435 гишүүнтэй байна.
Дэлхийн улс төр судлалын сурах бичгүүдэд америкийн энэ загварыг “Аугаа их зөвшилцөл” хэмээсэн нь тохиолдол бишээ. 250 орчим жилийн түүхтэй Үндсэн хуульт ёс тус улсад бат бэх оршин тогтнож буй нь Үндсэн хууль хэмээх нийтийн гэрээг бүх нийтээр хүлээн зөвшөөрөх тийм механизм буюу нутаг дэвсгэрийн төлөөлөл, төв засгийн ба орон нутгийн эрх ашиг, улс төрийн намын төлөөлөл гэдгээ суулгаж чадсандаа л байгаа юм. Дээр нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл бие биенээ хянах, харилцан тэнцэлтэй байх механизмуудаа суулгаж чадсан. Энэ тухай дахиад тусдаа ярилцлага өгөх хэрэгтэй байх.
Таны асуултад маш товч хариулахад манайд хоёр танхимтай байх явдлыг зохицуулах хялбар хувилбарууд бий. Жишээ нь 4 жил тутмын орон нутгийн сонгуулиар байгуулагддаг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүдийг парламентынхаа Дээд танхимын гишүүн болгож болно шүү дээ.
Энэ тохиолдолд нэгд, аймгийн тоог цөөрүүлэх, хоёрт, ИТХ-д нэр дэвшихэд улс төрийн намуудыг оролцохыг хориглож гагцхүү иргэд байх, гуравт энэхүү танхимын гишүүд байнгын цалин, офис, ажилтан үгүй, зөвхөн хуралдааны зардалтай байж, төрийн тэргүүнийг сонгох, улс орны язгуур эрх ашгийг хөндсөн асуудлаар чуулахаас бусад тохиолдолд хуралдах шаардлагагүй байх зэргээр менежмент хийж болно оо. Нөгөө танхим нь гагцхүү хувь тэнцүүлэх төлөөллийн зарчмаар байгуулагдсан улс төрийн намуудын бодлогын талбар бүхий байнгын ажиллагаатай парламент байх юм. Гишүүдийн тоо 100-120 байж болно. Гэхдээ өнөөдөр тоо ярих асуудал нь гол биш, засаглалын хямралыг хэрхэн давах, түүний гарц гаргалгаа нь Үндсэн хуулийн шинэчлэл гэдгээ ойлгох хэрэгтэй.
-Энэ асуудлыг УИХ-д суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөж шийдсэн шүү дээ?
Улс төрийн намууд өөрчлөгдөөгүй цагт Үндсэн хуулиараа ингэж их оролдож болохгүй. Одоогийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр юу ч шийдэхгүй.
-Тэгэхээр та Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудтай зөвшилцөж байж, шийдлээ гаргах ёстой гэх гээд байна уу?
-Үндсэн хуулийг улс төрийн намууд боловсруулдаггүй, улс төр судлаачид ч боловсруулдаггүй юм. 1992 оны Үндсэн хуулийг боловсруулах үед бид нэг намтай захиргаадалтын улс төрийн тогтолцоог олон нам бүхий парламентын засаглал, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг зах зээлийн эдийн засаг болгон өөрчлөх зэргээр нийгмийн бүхэл бүтэн тогтолцоогоо өөрчилж байхдаа Франц, Герман, АНУ зэрэг хөгжингүй орнуудын загвараас санаа авч байсан. Энэ 30 жилийн хугацаанд манай улсын хөгжилд аль институц нь өгөөжтэй, аль нь чөдөр тушаа болсон зэргээр алдаа оноогоо дэнслэх цаг нь иржээ. Хүн гэдэг амьтан эрх мэдэлд тэмүүлдэг, эрх мэдэлд тэмүүлсэн хүн хөрөнгө мөнгөнд шунадаг. Үүнийг зогсоохын тулд 250 жилийн өмнө америкууд нийгмийн гэрээ байгуулж байжээ. Нийгмийн гэрээ нь Үндсэн хууль. Үндсэн хуулиараа л зогсооно. Эрх мэдлийн хязгаарлалт хүний шуналыг зогсооно. Нэг хүний, нэг хэсэг бүлгийн, нэг намын дарангуйллыг бий болгохгүй.
-Тэгвэл таны санал болгох хувилбар юу вэ?
-Мөрөөдөл бол маш цомхон парламенттай, мөн цомхон Засагтай. Бүх нийтээрээ чинээлэг аж төрдөг. Тэгэх юм бол шууд төлөөллийн ардчиллаар явж болно. Заавал хоёр танхим байгуулах шаардлага байхгүй. Швейцарын загвар. Өнөөдрийн бодит нөхцөл байдлаас үүдэж эхний ээлжинд шинэ Үндсэн хууль боловсруулах шаардлагатай байна.