Эмнэлгийн хаалгыг хурдан гэгч хаачихаад үүдний ресепшний зүг итгэл муутай алхах 30 орчим насны залуус.
Ресепшн: Сайн байна уу. Танд юугаар туслах вэ?
-Шинжилгээ өгөх гэсэн юм.
Ресепшн: Танд ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгаа юу?
-“Доошоо үнэртэй, өнгөтэй юм гараад аа, эмч ээ" гэж бүсгүй зөөлөн дуугараад хажуудах эрэгтэйгээ “дуугараач, чи" гэж ёвров.
Ресепшн: Та хоёр гутлаа тайлж, таавчиг өмсөөрэй. Эмэгтэй нь баруун хаалгаар, эрэгтэй нь зүүн хаалгаар ороод шинжилгээ өгөхөд бэлдэж байгаараа.
-“Би гадуур хувцсыг чинь өлгөчих үү” гэх эрэгтэйд бүсгүй янз муутайхан “би өөрөө өлгөчихнө” хариулах нь тэдний хооронд ямар нэгэн асуудал үүссэн нь харваас илт байлаа.
Хэн хэн нь шинжилгээгээ өгч дуусаад 15 минутын дараа хариугаа авахаар болов. Эерэг, эсвэл сөрөг оношны аль нэгийг нь тэд сонсох нь тодорхой. Гагцхүү ямар онош гарахаас тэдний цаашдын хувь заяа шалтгаалах нь царайнаас нь тодорхой уншигдав. Шинжилгээний хариу автал хосууд хоорондоо юу ч үл дуугарна. Цаг болж эмчээс хариугаа сонссон тэдний царай барайжээ. Эмчилгээний цагаа ресепшинтэй тохирчихоод тэд үг дуугүй гарч одов.
2022 оны статистик тоон мэдээгээр нийт халдварт өвчний 26.8 хувийг бэлгийн замаар дамжих халдварт өвчин эзэлж байна. Бэлгийн замаар дамжих халдварт 15-49 насныхан түлхүү өртөж байгаа гэх статистик байна.
Бэлгийн замын халдварт өвчин нийгмийн нэг эмзэг сэдэв болсон. Тэр тусмаа хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох, гэр бүлээс гадуур бэлгийн харилцаа үүсгэх нь бэлгийн замын халдвар дамжих шалтгаан болдог. Бэлгийн замын халдварт өвчин даамжрах тусмаа хувь хүний эрүүл мэнд болон нийгмийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг энэхүү сурвалжлагаараа хөндөхийг зорилоо.
ЭМНЭЛГИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДДАГГҮЙ НЬ ХАЛДВАРЫН ТООГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА
Тохиолдол №1:
"Сайн байна уу. Би 21 настай оюутан залуу. БЗХӨ тэр дундаа тэмбүү туссан юм шиг байна. Надад үнэхээр хэцүү байна. Аав ээж ах дүү, найз нөхдөдөө хэлж чадахгүй өөрөө бүхнийг зохицуулах гэсэн боловч эмнэлэг орох зориг үнэхээр олдсонгүй. Бас гэрийнхэнтэйгээ удахгүй хөдөө явах учраас тэрнээс өмнө эм тариа хийлгээд эмчилгээнд орчихмоор байна. Найз нөхөддөө ч хэлээгүй, хэлж болохгүй учраас санхүү бүх зүйлээ зохицуулах хүнд байгаа. Эр хүн үнэхээр өрөвдмөөр байдаг юм байна. Надад туслах эмч байна уу ? Миний мэдээллийг нууцалж, гэрийнхэндээ хэл гэж битгий шаардаарай. Учир нь золгүй хүнтэй санаандгүй учирсан миний буруу…"
Мэдээж, хайртай хүнээсээ, найз охиноосоо, дурласан хэн нэгнээс өвчин авна гэж хэн ч санадаггүй. Гэхдээ бэлгийн замбараагүй харилцаа, үнэнч биш байдал нь БЗХӨ-ний эх үүсвэр нь болдог.
НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих мэдээллийн албаны дарга С.Гэрэлмаа "Бэлгийн замаар дамжих халдварын талаарх бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх ёстой. Тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэх, ялгаварлан гадуурхалтад өртүүлэхгүй байх, хүний эрхийг хөндөхгүй байхыг чухалчилж байна. Бэлгийн замаар халдварлах өвчнөөс хамгаалах боломжтой. Бид коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд гараа угааж, амны хаалт зүүж байсан. Үүнтэй л агаар нэг. Бэлгийн замаар халдвар авахгүй байхын тулд бэлгэвч хэрэглэх нь эрсдлээс хамгаална гэдгийг хүн бүр мэддэг хэрнээ дадал хэвшил болгож чадахгүй байгаад асуудлын гол нь бий. Бэлгийн замаар дамжин халдварладаг 30 гаруй төрлийн өвчин байдгаас иргэд гуравхан төрлийг нь түлхүү мэдэж байна. Гагцхүү бэлгийн замаар дамжих халдвартай хүнийг гаднаас нь хараад мэдэх боломжгүй. Монголчуудын хувьд бүрэг ичимхий, уламжлалт зан үйлтэй, бэлгийн амьдралын талаар нээлттэй биш, илэн далангүй ярилцдаггүй учраас халдвартай хүнтэй эрсдэлтэй харилцаанд орж өөрийгөө эрсдэлд оруулдаг байна.
Хамгийн гол нь эрсдэлд орсноо мэдсээр байж хаана хандахаа мэддэггүй, эмнэлэгийн байгууллагад ханддаггүй нь халдварын тоог нэмэгдүүлэх эрсдэлтэй байдаг гэдгийг хэлж байна. Өвдөх эрх хэнд ч бий. Харин бусдыг өвтгөхгүй байхын тухайд хаа хаанаа хариуцлагатай хандах ёстой" гэж зөвлөв.
300 ТӨГРӨГӨӨР ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ 300-400 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЭМЧЛҮҮЛНЭ
БЗХӨ-өөр өвдсөн хүний биеийн дархлааны байдлаас шалтгаалж янз бүрийн шинж тэмдэг илэрдэг гэдгийг Гэр бүл эмэгтэйчүүдийн эмнэлгийн их эмч Х.Эрдэнэсувд хэлж байна. Түүнчлэн нян, шимэгч, вирусийн халдвар гэх мэт гарал үүслээсээ шалтгаалж өвчний нууц үе нь янз бүрээр илэрч болдог аж.
Тэрбээр "Нууц үе нь дунджаар 7-14 хоног байдаг бол цаашлаад гурван сар хүртэл хугацаанд ч үргэлжлэх тохиолдол байдаг Бэлгийн замаар дамжих халдвар авсан нь нэгэнт тогтоогдож тус эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн 32 хувийг заг хүйтэн, 20 гаруй хувийг терхомназ, 20 гаруй хувийг тэмбүү өвчин эзэлж байна.
Халдварт өвчний шинж тэмдэг үүсгэгчээс шалтгаалан хоёулаа эмчлүүлэх өртөг 300-400 мянган төгрөг болдог байна. Тиймээс 300 төгрөгөөр бэлгэвч авах уу 300-400 мянган төгрөгөөр эмчлүүлж, сэтгэл санаа, бие мах бодь, эрүүл мэндээрээ хохирох уу гэдэг сонголт хүн бүрийн өмнө байдаг" болохыг хэллээ. Т
"ТЭМБҮҮ ТУСВАЛ ТЭНЭГЭРДЭГ"
Тохиолдол №2:
"…Битгий доромжлоорой, миний амьдралд чинь сэтгэлэсээ зөвлөгөө өгөөч . Би охиноо нэг настай байхад нөхөртэйгээ суусан юм . Одоо 3 жил болж байна. Надаас зургаан насаар ах. Нөхөр маань гэр орноо дутагдах гачигдах зүйлгүй сайхан авч явдаг, хүүхэддээ сайн аав, архи дарс уудгүй тэр тал дээр ярих юм байхгүй сайхан л амьдарч байна . Гол нь энэ хүн хүүхэдтэй болох боломжгүй хүн юмаа . Бага залуу байхдаа бэлгийн замын халдварт өвчин аваад эмчлүүлэхгүй байсар байгаад л үргүй болсон гэж хэлсэн. Би ч болж бүтнэ гээд л явж байна. Залуу байхдаа анзаардаггүй, мэдэдгүй байж . Одоо хэтэрхий удахлаар цаанаасаа л бие организм маань секс хүсээд,зүүдлээд байна. Энэ байдлаараа байвал би нөхрөө хуурхад бэлэн байна. Гурван жил амьдрахдаа гарын 10 хуруунд багтхааар сэкс хийсэн гэвэл хүн итгэхгүй байх.Би одоо яах вэ….."
Тохиолдол №3:
"Би 22 настай, айлын ганц эрх нь дэндсэн охин. Дэврүүн явсан дээгүүр харсан 21 насанд минь намайг ааваас минь ч илүү хайрласан залуу гарч ирж миний их занг сөхрүүлэх шиг л боллоо. Бүх юм хурдан болж өнгөрлөө бид 2 хоёр сарын дотор л нэг гэрт орж одоог хүртэл бүх юм төгс хэвээрэй. Нөхөр минь надад хамгаас илүү хайртай. Хүсэн хүлээсэн хүүхдээ оллоо. Миний хувьд үгээр хэлэмгүй сайхан байсан. Хяналтандаа орох гээд л тэсэн ядан хүлээж байсан өдрүүд. Нөхөр маань надад нэг юм хэлэх гээд чадахгүй байгааг анзаарлаа. Тэгж тэгж хэлүүлсэн надтай үерхэхээсээ өмнө явуулын хүүхэнтэй унтаад тэмбүү туссан юм байна. Тэр үедээ эмчилгээ хийлгээгүй дархлаагаараа шинж тэмдэггүй болчиж. Гэхдээ бүрэн эдгээгүй зүгээр л халдаахгүй, шинж тэмдэггүй болжээ. Бид хоёр эмчтэйгээ ярилцаад, цаашид гарах эрсдлээ тооцоод хүүхдээ авахуулсан. Хүүхдээ авахуулсандаа харамсаж, галзуурчихмаар үе олон тохиож байна. Нөхрөө буруутгаж орилж хашхирсан. Би яг яах уу…"
Бэлгийн замаар дамжих халдварууд дотор тэмбүү өвчний халдвар өндөр байгаа нь анхаарал татаж байна. Тэмбүү өвчний тухайд шинж тэмдэг нь янз янзаар илрэх тохиолдол байдаг гэдгийг НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих мэдээллийн албаны дарга С.Гэрэлмаа хэлж байна. Тэрбээр "тэмбүү өвчний илрэх шинж тэмдгийн тухайд эмэгтэйчүүд бэлгийн уруул, үтрээн дотор жижиг яр гарахыг мэдэхгүй өнгөрөх нь байдаг. Мөн эрчүүдийн шээсний булчирхайн шээг дээр нь жижигхэн шалбархай төдий үзэгдэх тохиолдол ч бий. Ингээд хэсэг хугацааны дараа шинж тэмдэг нь алга болдог. Энэ бол тэмбүүгийн нэгдүгээр үе. Ингээд зарим тохиолдолд онцын ноцтой шинж тэмдэггүй байсаар 1-2 жил болоход хоёрдугаар үе рүүгээ шилждэг. Энэ үед дотор эрхтэн тогтолцоонд өөрчлөлт ордог.
Тэмбүү бол айхтар өвчин. Цаашлаад гуравдугаар үе шатанд орвол эрхтэн системд эргэшгүй өөрчлөлт гарна. Дээр үед тэмбүү туссан хүмүүсийн хамрын мөгөөрсийг нян идчихдэг байсан. Тэгвэл орчин үед тэмбүү хамрын мөгөөрсийг биш тархины зөөлөн эдийг болон мэдрэлийн эсийг идэж гэмтээснээр гэнэт суумгай болох, хараагүй болох зэрэг эрсдлүүд гарч байна гэв. Эмчийн хэлснээс сонсвол “Тэмбүү тусвал тэнэгэрдэг” гэдэг худлаа үг биш аж.
Тэмбүү өвчнийг улсын хэмжээнд үнэ төлбөргүй эмчилдэг аж. БЗХӨ хүний биеийн доод хэсэгт тусдаг боловч бүхий л эрхтэн системд нөлөөлөх цаашлаад үргүйдэлд хүргэх өндөр эрсдэлтэй. Түүнчлэн эрэгтэйчүүдийн хувьд түрүү булчирхайн цочмог үрэвсэл, архаг үрэвсэл үүсгэж, бэлгийн сулралд эрт өртөх зэрэг эрсдэлтэй байна. Мөн жирэмсэн үед БЗХӨ-өөр өвдсөн тохиолдолд амьгүй ураг төрөх, дутуу төрөх зэрэг олон хүндэрлийг бий болгодог гэдгийг НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих мэдээллийн албаны дарга С.Гэрэлмаа ярьсан юм. Зарим иргэдийн хувьд өөрсдөө дур мэдэн эмчлэх гэж оролдох, хэн нэгнээс сонссон дам яриагаар эм тариа авч хэрэглэснээс үүдэн байдлыг улам дордуулдаг гэдгийг эмч анхааруулсан.
Учир нь өөрсдөө дух мэдэн эм, тариа хэрэглэснээс халдвар үүсгэгч нь антибиотикт тэсвэртэй болж удаан хугацаанд эмчилгээ хийлгэх шалтгаан болдог байна. Тиймээс хэзээ ч дур мэдэж эмчилгээ бүү хий. Лабораторийн шинжилгээнд хамрагдсаны дараа мэргэжлийн эмчээр тохирсон эмчилгээ хийлгэх нь хамгийн зөв сонголт гэдгийг эмч нар зөвлөж байна.
Эмчилгээг богино хугацаанд үр дүнтэй болгохын тулд эмчилгээ хийлгэж байх үедээ бэлгийн харилцаанд орохгүй байх, халуун ногоотой хоол идэхгүй байх, архи согтууруулах төрлийн ундаа хэрэглэхгүй байх, эм ээ эмчийн зааврын дагуу цаг, хоногоор нь уух хэрэгтэй гэнэ.
БИЕИЙН ШАРХ АНЬДАГЧ СЭТГЭЛИЙН ШАРХ АНЬДАГГҮЙ
Тохиолдол№4
"Намайг Б гэдэг. Би одоо 30 гаран настай. Нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Өөрт тулгараад байгаа асуудлаасаа энэ бичиж та бүхнээсээ зөвлөгөө авах гэсэн юм. Би маш их хартай болсон. Энэ хардалт намайг маш их шаналгаж дотроос минь идэж, самардаж, орилж чарлаж, нэг бол цурхиран уйлмаар, нэг бол ган төмөр шиг хатуу хүн болж хувирмаар янз бүр болгож шаналгадаг. Би өмнө нь ийм хартай хүн байгаагүй харин ч хартай хүмүүсийг хараад нэгэндээ итгэж чадахгүй юм бол яах гэж хамт амьдардаг байнаа гэж боддог байсан. /Тэр үед манай нөхөр намайг бага зэрэг худлаа харддаг байлаа/
Олон удаа хууртагдаад ирэхээр хүн итгэхээсээ илүү хардах нь олон болдог юм байна. Манай нөхөр надад хэд хэдэн удаа бэлгийн замын халдварт өвчин халдааж байсан. Бүр чаталсан чатыг нь ч олж уншсан. Ялангуяа төрсний дараах даавар гормоны өөрчлөлттэй үед хүний энгийн сэтгэл зүй хэдэн мянга дахин хөөрөлттэй тэр үед авсан сэтгэл зүйн цохилт асар хүнд тусдаг юм байна гэдгийг яс махаараа мэдрээд сууж байна. Би одоо ч тэр үеийн бухимдал, стресс сэтгэлийн зовиурыг зүүдэндээ амсдаг. Энэ нь надад маш хэцүү, сэтгэлийн амар амгалан байдлыг алдагдуулж, уйлмаар санагддаг, заримдаа уйлдаг. Өдөр нь тэр үеийн талаар огт бодоогүй ч шөнө нь зүүдэлдэг миний далд ухамсарт гүн нэвчсэн юм шиг байгаа юм. Бас энэ тэнд хэнтэй яаж хэрхэн аальгүйтэж алзагнаж, намайг хуурч байгаа бол гэхээс миний дотор урагдах шиг болж бухимддаг. Би яг сэтгэл гутрал болон сэтгэлзүйн эмгэгтэй болоод байгаа гэдгээ мэдрээд байна. Яаж энэ хэцүү байдлаас гарах вэ. Хүнийг хүн эвдэж хүнийг хүн эвлүүлдэг гэдэг юутай үнэн вэ. Сүүлийн 2 шөнө үнэхээр бүтэн нойртой хонож чадсангүй. Хань ижлээ нэг л хуураад болчихдоггүй ямар хуурмаг сэтгэл вэ, салах гэхээр салахгүй, амьдрах гэхээр хуураад байдаг ямар үйлийн лай вэ. Өөрийг нь тэр мэт хуурсан бол яаж хүлээж авах байсан вэ. Амар амгалан биш сэтгэлийн бухимдал, гутрал, дотоод сэтгэлийн галзуурал дунд амьдарч байснаас амар амгалангийн оронд санаа сэтгэл тайван баймаар байна. Хамгийн дээд жаргал бол СЭТГЭЛИЙН АМАР АМГАЛАН ГЭДЭГ ҮНЭН ЮМ.
БЗХӨ өвдсөн иргэд сэтгэл санааны өндөр цочиролтой ирдэг байна. Учир нь, энэ өвчин эхнэр нөхөр, хэн нэгнийх нь үнэнч бус байдлаас тусдаг тул гэр бүлийн уур амьсгал, аз жаргалд сөргөөр нөлөөдөг аж. Түүнчлэн өөрөөс нь өөр хэн нэгэнтэй дотно харилцаанд орсон болон цаашлаад бэлгийн замын халдварт өвчин туссан асуудлыг хүлээн зөвшөөрөхөд хүнд. Зарим нь сэтгэлзүйн шоконд ордог болохыг Гэр бүл эмэгтэйчүүдийн эмнэлгийн их эмч Х.Эрдэнэсувд хэлж байна .
БЗХӨ туссан бол 7-10 хоногт эмчлүүлээд эдгэрч болно. Гэтэл БЗХӨ-нөөс болж өвдсөн хэн нэгний сэтгэлзүйн өвчлөл хэзээ, хэрхэн бүрэн анихад хэцүү болохыг дээрх "кэйс"-үүдээс уншиж болохоор. Хосуудын итгэл сэтгэлд том ан цав, ангал бий болж, цаашлаад гэр бүлийн салалтад нөлөөлж, нийгмийн нэг эмзэг асуудал болсон БЗХӨ-өөс таныг бэлгэвч л аварна гэх эмчийн үгийг залууст сануулахад буруудахгүй биз.
Гэр бүлийн үнэнч бус харилцаа, замбараагүй хавьтил, бэлгэвчгүй бэлгийн харилцаанд орохоос залуус минь аль болох татгалзаарай.
Холбоотой мэдээ