
“Айвенхоу майнз” ХК-ийн захирал Роберт Фрийдландын бие гэнэт муудаж, Нэгдсэн II эмнэлэгт мэс засал хийлгэсэн гэсэн мэдээлэл гарсан. Түүнийг үе үехэн хувийн онгоцоороо Монголд ирдэг гэдэг ч энэ удаад Улаанбаатарт ирээд байгаа мэдээлэл сонсогдоогүй байсан юм. Өнгөрсөн долоо хоногт Монголд ирээд байсан Фрийдландын бие гэнэт өвдөн даваа гаригт Нэгдсэн II эмнэлэгт мухар олгойгоо авахуулах мэс засал хийлгэсэн аж. Мөн нөхрөө хагалгаанд орсоныг сонссон эхнэр нь Монголд ирээд байгаа гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл дөрөвхөн хоногийн өмнө мэс засалд орсон ноён Фрийдланд өчигдөр Оюутолгойд очсон Ерөнхий сайдыг тосон уулзжээ. Цөлжилтийн эсрэг Засгийн газрын тусгай хуралдааныг Өмнөговь аймагт хийхээр болсон Засгийн газрынхан Оюутолгой, Тавантолгойн орд газартай танилцахаар хөтөлбөрт тусгасан байсан. Энэ дагуу ерөнхий сайд С.Батболд өчигдөр Оюутолгой, Тавантолгой орд газарт очиж танилцсан. Хэвлэлийнхэн болон албаны хүмүүсийг Оюутолгой кэмпдээ Фрийдланд нарын захирлууд нь угтаж уулзаж, ажлаа танилцуулжээ. Ерөнхий сайдыг очих үеэр “Рио Тинто”-гийн Зэсийн группийн захирал Эндрью Хартинг нарын гол, гол захирлууд Оюутолгойд ирсэн байжээ. Тэнд байсан хүмүүсийн яриагаар Фрийдланд хагалгаа хийлгэсэн гэх ямар ч зүйл ажиглагдаагүй, жирийн харагдаж байсан гэнэ. Мэс заслын дараа онцгой хүндрэл гараагүй учир эмч нар эмнэлгээс гарахыг нь зөвшөөрсөн. Тэрбээр нэгэнт Засгийн газрынхныг орд дээрээ хүлээн авч уулзах ёстой байсан учраас ийн ажилдаа яаравчилж, Өмнөговийг зорьсон бололтой.
Ерөнхий сайд өнөөдөр Засгийн газрын хуралдаан хийсэн Гашуунтолгой гэдэг газраас хөдлөн аймгийн төвд ирээд байгаа. Тэрбээр өнөөдөр орой Өмнөговь аймгийн иргэдтэй уулзахаас гадна Даланзадгадад нээгдэж буй “Оюутолгой” ХК-ийн сургалтын төвийн нээлтэд оролцох аж.
А.АНУ