"Их-7"-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт өнгөрсөн Баасан гаригаас эхлэн Японы Хирошима хотод гурав хоног үргэлжиллээ. Энэхүү уулзалтаар хэлэлцэх гол сэдвийн нэг нь яах аргагүй "Цөмийн зэвсэггүй дэлхий" гэх Японы олон жилийн турш баримталж ирсэн хүсэл эрмэлзэл юм. Тодруулбал, Украин дахь дайны хүрээнд Европын нутаг дэвсгэрт анхны атомын довтолгоог хийнэ гэж сүрдүүлсэн Владимир Путины учрыг хэрхэн олох вэ гэдэг нь энэ уулзалтын гол сэдэв байв.
Японтой хөрш зэргэлдээ оршдог Хятад, Хойд Солонгос болон Орос улсууд нь дэлхийн цөмийн цэнэгт хошууны тал орчим хувийг эзэмшдэг.
140 мянга орчим хүний аминд хүрсэн аймшигт гамшигаас хойш 78 жил өнгөрчээ. "Их-7"-ийн удирдагчид цөмийн гамшигийн хохирогчтой биечлэн уулзсанаас гадна хаалттай хаалганы цаана АНУ-ын цөмийн хамгаалалтыг өргөжүүлэх арга замыг хэлэлцсэн гэж үзэж байна. "Оросын заналхийлэл болон Хойд Солонгос, Хятад хоёрын эрчимжилт нь Зүүн хойд Азийн орнуудын шийдвэр гаргагчдын анхаарлыг татаж, санааг зовоосон нь дамжиггүй. Тиймээс тэд АНУ-тай байгуулсан эвслээс гадна өөрсдийн бие даасан хамгаалалтын чадавхийг хоёр дахин нэмэгдүүлсэн" гэж Олон улсын энх тайвны төлөө Карнегийн сангийн цөмийн бодлогын хөтөлбөрийн ахлах ажилтан Анкит Панда хэлэв.
Хятад улс сүүлийн үед цөмийн цэнэгт хошуу, пуужингийн нөөцөө эрчимтэй нэмэгдүүлж байна. АНУ-ын Батлан хамгаалах яамны өнгөрсөн оны тайланд дурдсанаар Хятадын цөмийн цэнэгт хошууны нөөц 400-аас давж, 2035 он гэхэд 1500 хүрэх төлөвтэй байгаа аж. Хойд Солонгосын хувьд АНУ-ын эх газар болон Япон, Өмнөд Солонгост хүрэх чадалтай цөмийн хүчин чадалтай пуужингуудыг эрчимтэй туршиж байна. Цаашилбал, Ираны атомын амбицыг "Их-7"-ийн мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.
Бүлгийн удирдагчид цөмийн зэвсгийн нөөцийг хязгаарлах тухай шинэ "START" гэрээг хэрэгжүүлэхийг Кремльд уриалж байна. Энэхүү гэрээ нь цөмийн зэвсгээс ангижрах Японы уриалга болон дэлхий даяар өсөн нэмэгдэж буй цөмийн аюулыг сөрөн зогсох хэрэгцээ хоёрын биелэл юм.
Японы Хитоцүбаши их сургуулийн декан Нобүмаса Акиямагийн хэлснээр цөмийн хямралыг даван туулах хоёр арга бий гэнэ. Нэгдүгээрт, хамгаалалтыг бэхжүүлэх. Хоёрдугаартг эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах аж. Үүний тулд боломжит өрсөлдөгчидтэй яриа хэлэлцээ хийх юм.
АНУ өнгөрсөн нэг жилийн хугацаанд багагүй хөрөнгөө Япон, Өмнөд Солонгост байршуулах буюу ойртуулсан. Тодруулбал, АНУ, Япон, БНСУ-ын хамтарсан сургуулилалт боллоо, Солонгосын хойгийн ойролцоо таван жилийн дараа анх удаа АНУ-ын нисэх онгоцууд айлчиллаа. Үүнийхээ дараа дахин гурван ч удаа АНУ-ын онгоцууд хойгт ирсэн. Гэх мэт улс орнуудын хүч чадлыг харуулсан үзүүлбэрүүд олон болов. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл өнгөрсөн дөрөвдүгээр сард Жо Байдентай хийсэн дээд хэмжээний уулзалтын үеэр цөмийн зэвсэгтэй шумбагч онгоцуудыг тогтмол байрлуулах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх талаар хэлэлцсэн. Энэ нь сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй үйл явдал болох юм.
Бумерс хочтой Охайо ангиллын шумбагч онгоц нь 20 хүртэлх "D-5 Trident" баллистик пуужинг тээдэг бөгөөд радарт ил харагдахгүй нисэх чадвартай.
АНУ, Өмнөд Солонгос, Японы цэргийн хамтын ажиллагаа зузаарах нь нөгөө талд Хойд Солонгосын Хятад, Оростой харилцах гадаад бодлогыг улам бататгах юм. Цаашилбал, АНУ, Хойд Солонгосын дипломат харилцааны хэтийн төлөвт сөрөг үр дагавартай гэдгийг цөмийн мэргэжилтэн Рэйчел Минёнг Ли хэлэв.
АНУ олон арван жилийн өмнө Япон, Өмнөд Солонгос дахь цөмийн зэвсгийн байршуулалтаа устгасан. Гэвч Гуам аралд Хойд Солонгос болон түүнээс хол зайд цөмийн цохилт өгөх чадалтай бөмбөгдөгч онгоцтой АНУ-ын Агаарын цэргийн хүчний бааз байрладаг. Хятад, Хойд Солонгос улсууд АНУ-ын нутаг дэвсгэрт тусах шинэ пуужин хөөргөхтэй зэрэгцэн Байдены засаг захиргаа Гуам аралд 1.5 тэрбум ам.долларын өртөгтэй пуужингийн довтолгооноос хамгаалах систем суурилуулж эхэлсэн байна. Энэ бүхэн нь цөмийн зэвсгээс бүрмөсөн ангижрах амлалт хүсч буй Хирошимагийн оршин суугчдад сайн зүйл биш юм.
ПУТИН ЦӨМИЙН ЗЭВСЭГ ГЭЖ ЮУ БОЛОХЫГ МЭДЭХГҮЙ БАЙНА
Хирошимагийн бөмбөгдөлтөөс амьд гарсан 85 настай Кейко Огүра ОХУ-ын ерөнхийлөгч Путинд мессеж хүргүүлжээ. Тэрбээр "Их-7"-ийн уулзалтын өмнөхөн "ABC News"-т ярилцлага өгсөн байна. "Путин цөмийн зэвсэг гэж юу болохыг, бодит аюулыг нь мэдэхгүй байна. Тиймээс энд ирээд хараарай" гэж тэр хэлжээ.
Тэрбээр ярилцлагынхаа үеэр Путинээс гадна Байденд хандан үг хэлжээ. "Танд хүч бий. Бидэнд харин удирдагч хэрэгтэй. Таны зогсож буй газар шороон дор маш олон хүн сүнс бий. Та мэдрээд, төсөөлөөд үзээрэй" гэжээ.
1945 оны наймдугаар сарын 6-нд Огүра найман настай байсан. Гэсэн хэдий ч Огүра тэр өдрийн үйл явдлыг одоо ч тод санадаг. "Эхлээд маш хурц гэрэл гялс хийсэн, удалгүй тэвчихийн аргагүй болсон. Учир нь удалгүй хүчтэй дэлбэрэлт болсон. Хар салхи, торнадо юм болов уу гэхээр л байсан. Удалгүй би дэлбэрэлтийн улмаас ухаан алдсан. Цацрагаар бохирдсон хар бараан өнгөтэй бороо миний хувцас дээр орсон. Хүмүүсийн арьс хурууныхаа үзүүрт санжигнаж байсан бөгөөд тэд сүнс эсвэл зомби шиг харагдаж байсан. Тэгээд л удалгүй үхэж эхэлсэн. Тэр өдрүүдийг эргэн санахаар би уйлахаас өөр юу ч хийж чадахгүй юм" гэж тэр ярив.
Кейко Огүра Баасан гаригт Хирошимагийн энх тайвны дурсгалын музейд зочлох үеэрээ "Их-7"-ийн удирдагчидтай уулзсаныг Японы Гадаад хэргийн яам мэдэгдэв. Кишида дараа нь сэтгүүлчдэд хэлэхдээ "Бид атомын бөмбөгдөлтийг бодитоор мэдэрч, зүрх сэтгэлд хоногшин үлдэх гашуун дурсамжийг хуваалцлаа. Энэ нь цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг бий болгох бидний шийдлийг харуулсан түүхэн үйл явдал болов" гэжээ.
Эх сурвалж: ABC NEWS, BLOOMBERG
Холбоотой мэдээ