ОХУ-ын ерөнхий сайд Михайл Мишустин ирэх долоо хоногт Бээжинд айлчилна гэж Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдлээ. "Айлчлалын үеэр талууд бодитой хамтын ажиллагаа болон хоёр орны нийтлэг асуудлуудын талаар санал солилцоно. Бид хоёр талын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, хоорондын солилцоог идэвхжүүлж, дэлхийн эдийн засгийг сэргээхэд хүчтэй түлхэц үзүүлэх болно" гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин хэлэв. Мишустины айлчлал Мягмар, Лхагва гаригт болох товтой байна.
НҮБ дахь Хятадын төлөөлөгч Гэн Шуан барууныхныг Украинд батлан хамгаалахын тусламж үзүүлж байна гэж буруутгасан. Энэ нь хурцадмал байдлыг өдөөж, илүү их хохирол учруулахаас цаашгүй бөгөөд гал зогсоож, энхийн хэлэлцээ хийх нөхцлийг улам хүндрүүлнэ гэлээ. Мөн мөргөлдөөнд оролцогч талуудын хэнд нь ч батлан хамгаалахын тусламж үзүүлэхгүй гэв.
"Байлдааны талбарт байнга зэвсэг нийлүүлэх нь дайны дараах сэргээн босголтод хүндхэн сорилт болно. Хэрвээ зэвсгийг террористууд юм уу зэвсэгт бүлэглэлүүдэд шилжүүлбэл газар зүйн хувьд илүү өргөн бүсэд шинэ үймээн самуун үүсэх магадлалтай. Талууд улс төрийн зохицуулалтыг яаралтай хийж, гал зогсоох нөхцлийг бүрдүүлэх ёстой" гэж Гэн Шуан хэлжээ.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ