Хэнтий аймгийн хэмжээнд цаг агаарын аюулт нөхцөл байдалд ажилласан талаар тус аймгийн онцгой байдлын газраас мэдээлэл гаргажээ. Тус мэдээлэлд "2023 оны тавдугаар сарын 19-ний 09.00 цагаас тавдугаар сарын 20-ны өдрийн 13.00 цагийн байдлаар Онцгой байдлын газрын тусгай дугаарын утсанд дараах дуудлага мэдээлэл сумдаас бүртгэгдсэн. Үүнд, Баяхутаг-13, Хэрлэн-11, Мөрөн-7, Өмнөдэлгэр-7, Бор-Өндөр-1 зэрэг сумдад нийт-39 удаагийн дуудлага ирсэнээс Онцгой байдлын газраас 21 албан хаагч 3 тeхник хэрэгсэлтэй, сумдын eрөнхий зориулалтын мэргэжлийн ангиас 63 хүн 12 тeхник хэрэгсэлтэй ажилласан.
2023.5.20-ны өдрийн байдлаар Баянхутаг сумын Жаргалант 1 дүгээр багт 2 дуудлаганд эрлийн бүлгүүд эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Харамсалтай нь уг шуурганд малынхаа араас явж байгаад амь нас эрсдсэн 1 мэдээлэл Баянхутаг сумаас ирээд байна. Аймгийн цахилгаан түгээх сүлжээ салбарын тусгай дугаарын 70562323 утсанд нийт 84 удаагийн дуудлага ирсэн ба цаг агаарын гамшигт үзэгдлээс шалтгаалан Хэрлэн, Баян-Адарга, Батноров зэрэг сумдад 0.4кВ цахилгаан дамжуулах агаарын 15-н тулгуур шугам хугарч унасан гэмтлүүд гарсан. Гэмтлийг устгахаар 8 инженер, 17 монтёр, 7 жолооч, 7 техник хэрэгслээс бүрдсэн 2 бригад гэмтэл устгах засварын ажлыг зохион байгуулан хэвийн ажиллагаанд оруулж ажилласан.
Чингис хотоос Улаанбаатар чиглэлийн А-0501 босоо тэнхэлгийн авто замын гадаргуу мөстсөн. Аймгийн төвөөс зүүн урагш Түмэнцогтын орчим зам цасанд боогдсон Харгуй ТӨХК-аас УБ болон Дорнод аймгийн хариуцсан замын чиглэлд 2 бригад гаргасан. Сумдтай нэг бүрчлэн утсаар холбогдож мэдээ мэдээллийг нэгтгэн ажиллаж байна.Өнөөдөр Чингис хотод цас орохгүй нутгийн хойд болон зүүн сумдаар бороо болон цас орно. Аймгийн хэмжээнд цаг агаарын үзэгдэл 18 цагийн орчим арилах төлөвтэй байна" гэжээ.