Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон энэ долоо хоногт Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна. Энэ талаар Дипломат сэтгүүлд гарсан мэдээллийг тоймлон хүргэж байна.
Эммануэл Макрон Францын Ерөнхийлөгчийн хувиар анх удаа Монголд айлчилж байна. Хятад болон Орос улсын хооронд орших далайд гарцгүй, барууныхан сүүлийн үед ихэд сонирхох болсон Монгол Улсад ням гарагт айлчлах юм.
Францын төрийн тэргүүн Баасан гарагаас Ням гарагт шилжих шөнө Японы Хирошима хотод ажиллаж, Япон, Америк, Канад, Герман, Их Британи, Италийн удирдагчидтай уулзах юм. Үүний дараа тэрбээр сүүлийн хэвлэлийн бага хурлыг хийгээд шууд Улаанбаатар хот руу нисэх ажээ.
Тэрбээр Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хамт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо оройн зоог барина гэж Элисейн ордноос мэдээллээ.
Мөн Эммануэл Макрон 13 дугаар зууны үеийн Монголчуудын агуу байлдан дагуулагч их Эзэн Чингис хааны музейд зочлохоор төлөвлөж байна. Энэхүү музейн зарим үзвэрийг Баруун Францад байдаг Нантын түүхийн музейд энэ оны 10 дугаар сард түр үзүүлэн болгож нийтэд толилуулна. Энэхүү үзэсгэлэн нь Монголын эзэнт гүрэн өнөөгийн дэлхий ертөнцөд хэрхэн нөлөөлснийг харуулах зорилготой аж.
Монгол Улс бол Орос, Хятад улсын хооронд оршдог, далайд гарцгүй, либерал болон ардчилсан сонгуулиар засаг төрөө байгуулан харьцангуй тогтвортой явж байгаа цөөн улсын нэг юм.
Мөн Монгол Улс нь хоёр талт хамтын ажиллагааны болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд, хоёр хөрш орноос гадна гуравдагч хөрш орнуудтай илүү бат бөх харилцаатай байж, бие даан шийдвэр гаргах дэлхийн олон улс орнуудтай харилцаа холбоогоо сайжруулах сонирхолтой байдаг.
Үүний хажуугаар Орос болон Хятад гэсэн томоохон хөрш улсуудтай илүү сайн харилцаагаа хадгалан үлдэхийг эрхэмлэдэг улс билээ.
Хоёр талын хамтын ажиллагааны чухал боломжууд гэж юу вэ сэдвээр Францын Ерөнхийлөгчийн гео стратегийн түвшний маш чухал асуудлыг дурдсан ярилцлага саяхан гарсан байна.
Цахилгаан эрчим хүчнийхээ 90 хувийг нүүрснээс гаргаж авдаг Монгол Улс эдийн засгаа нүүрстөрөгчөөс ангижруулах эрмэлзэлтэй байгаа тул хоёр тал энэ сэдвээр ярилцах магадлалтай гэж Францын тал үзэж байна.
Монгол Улс 1992 онд анхны ардчилсан үндсэн хуулиа баталж ЗХУ-ын тойрог замаас нөлөөний орнуудын тойргоос гарч ирснээс хойш улс төрийн тогтворгүй байдалтай тэмцсээр ирсэн гэжээ.
Холбоотой мэдээ